ЦАХИМ УУ ЭСВЭЛ ТООН ГАРЫН ҮСЭГ ҮҮ?

ЦАХИМ УУ ЭСВЭЛ ТООН ГАРЫН ҮСЭГ ҮҮ?

Гарын үсэг гэж юу вэ?  Энэ асуултанд хариулах гэж оролдвол тухайн этгээд өөрийн бичиж өгсөн төрөл бүрийн мэдээ мэдээллийг үнэн зөв болох, дараа нь ямар нэгэн асуудал тулгарвал  бүрэн хариуцахыг батлах тохиолдолд өөрийн нэрээ үсгээр бичин цаасанд буулган баталгаажуулж, хариуцлага хүлээхийг илэрхийлсэн баталгаат зурвас ч гэж ойлгож болно.

Үүнтэй холбоотойгоор бага зэрэг түүхийн шинж чанартай зүйлийг өгүүлвэл тухайн үедээ манай улсын нийслэл хот гэгдэж байсан Их хүрээ, Нийслэл хүрээнийхэн маань гарын үсгээ өөрийн эрхий хуруугаа бэхэнд дүрэн цаасанд тамгалан баталгаажуулдаг байсныг түүх ном зохиол төдийгүй киноноос ч харж болдог билээ.

Цаг хугацаа улиран өнгөрч  хүмүүний амьдралд техник технологийн ашиглалт биелэлээ олохын цагт  мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоон бүтээж хүний бүхий л үйл ажиллагааг гар арга буюу механикаас автомат, автоматаас бүр хийсвэр хэлбэр рүү шилжсээр байна. Тэгвэл тухайн хүний зан ааш,  төлөв байдлыг илэрхийлэх чадвартай гарын үсэг гээч зүйл маань техник технологитой уялдан цахим хэлбэрээр бидний амьдралд ашиглагдаж байна.

Ерөнхийдөө цахим системд суурилсан гарын үсэг нь АНУ-аас гаралтай бөгөөд анх 1861 онд болсон Америкийн иргэний дайны үед үүнийг ашиглаж чухал стратегийн мэдээ мэдээллийг олж авч байсан гэх мэдээлэл байдаг байна. Дараагаар нь төрийн хэргийн албан бичиг, гэрээ контрактыг баталгаажуулах үйл явцыг бий болгосон гэдэг.

1869 онд  Нью Хампшейрийн  Дээд шүүх нь нэгэн хэргийн гогцоог тайлахын тулд уг хэрэгтэй холбоотой телеграфикаар ирүүлсэн захиа нь цахим гарын үсгээр баталгаажсан байсныг хүлээн зөвшөөрч хэргийн баримтат хавсарган, улмаар ил хэргийн учрыг нь олж байсан удаатай гэх мэдээлэл ч байдаг байна.

Өнөө цагт тус улсын шүүх засаглал нь онлайн системд суурилсан төрөл бүрийн гэрээ, албан баримтад  ашиглагддаг програм хангамжийг суулгасан дижитал тэмдэглэлийн дэвтрийн тусламжтайгаар тухайн банкны харилцагч өөрийн хадгаламж, данс зэрэгт хувийн таних дугаар буюу бидний хэлдэгээр пин код оруулж цахим гэрээ үйлдэн баталгаажуулах ажлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. 1998 онд  хаант засаглалтай Ирланд улстай  АНУ гэрээ хэлэлцээрийг цахим хэлбэрээр шийдэж байжээ.

Нарийн авч үзэх юм бол цахим гарын үсэг гэж зөвхөн нэг ойлголт юм шиг олон нийтэд санагдах боловч үүнээс гадна тоон гарын үсэг /Digital signature/ гэж өөр нэг ойлголт байгаа юм.

Цахим гарын үсэг /Electronic signature/ нь таних, баталгаажуулах гэсэн 2 үндсэн мөн чанартай бөгөөд энэ нь тухайн мессежийг илгээгч, хүлээн авагч хоёрын хооронд үүсэх онлайн системд бий болсон нэгэн төрлийн харилцаа гэж ойлгож болно.

Бүр энгийнээр тайлбарлавал та өөрийн гарын үсгээ бичдэгээрээ бичиж, түүнийг “Донгл” /Dongle/  буюу бидний өдөр тутам ашигладаг флаш дисктэй адил хэлбэрийн төхөөрөмжийн тусламжтайгаар компьютерт оруулан ашиглах гэж буй баримтдаа тухайн хүний гарын үсгийг оруулж баталгаажуулах процессыг хэлж байгаа юм.

Харин тоон гарын үсгийн хувьд цахим гарын үсгийг ашиглах процесттой харьцуулахад бага зэрэг төвөгтэй бөгөөд илүү хийсвэр, цахим орчинд явагддаг.Энэ нь тухайн компьютерт хадгалагдаж буй олон төрлийн мэдээ мэдээлэл, албан бичгийг үнэн зөв, баталгаатайгаар дамжуулах  процесст үндэслэн явагддаг байна.  Тухайн мэдээ мэдээллийг тодорхой сувгаар дамжуулан явуулахад мэдээж мэдээллийг илгээгч, түүнийг хүлээн авагч гэсэн 2 субьектийн оролцоо хэрэгтэй болно.

Илгээгч тал нь уг мэдээллийн сувгаар мэдээллийг дамжуулахдаа хэнд ч ойлгогдохгүй хэлбэртэй болгодог. Үүнийг шифрлэлт гэх ба нэг ёсондоо мэдээллийг цоожилж байгаа юм. Харин уг цоожлогдсон мэдээг хүлээж авч буй тал нь цоожийг тайлан мэдээллийг олж авах явдлыг дикрипт гэх буюу шифрийг тайлах гэж нэрлэдэг.

Мэдээлэл дамжуулах энэхүү үйл ажиллагааг явуулахын тулд нэг түлхүүрийн арга,  хос түлхүүрийн аргыг ашигладаг байна. Нэг түлхүүрийн арга нь илгээгч тал, хүлээн авагч тал хоорондоо урьдаас харилцан тохиролцсон тухайлсан нэг түлхүүрийг ашигладаг ба энэ нь нууцлал өндөртэй, тухайн мэдээлэл нь бүрэн хамгаалагдсан байдаг байна. Сул тал нь мэдээллийг дамжуулах сувагт гадны этгээдүүд цөөнгүй оролцож байдаг бөгөөд мэдээллийг алдах эрсдэлтэй байдаг.

Хос түлхүүрийн арга нь өөр хоорондоо тоон системийн хамааралтай хоёр түлхүүр оролцдог ба нэг нь мэдээ мэдээллийг цоожлоход нийтийн түлхүүр буюу “public key”, тухайн мэдээллийг цоожийг нь тайлахад хувийн түлхүүр буюу “private key”-г ашигладаг. Уг тохиолдолд тухайн мэдээ мэдээллийг заавал аюулгүй байдал хангагдсан, нууцлалтай сувгаар илгээх шаардлагагүй, харилцагч талууд зөвхөн өөрсдийн нийтийн түлхүүрээ солилцох шаардлагатай болдог.

Нөгөөтэйгүүр энэ нь нууцлалын түвшин харьцангуй бага бөгөөд нийтийн түлхүүр солилцдог талууд харилцан бие биеэ таних боломжгүй байдаг байна. Мөн түүнчлэн гадны этгээд хүлээн авагчийн өмнөөс өөрийн нийтийн түлхүүрийг тухайн мэдээллийг илгээгчид явуулж болох ба уг тохиолдолд хүлээн авагч цоожилсон мэдээг зөвхөн гадны  этгээд  өөрийн хувийн түлхүүрээр  тайлж унших эрсдэл үүсдэг.

Иймээс аль аль талыг итгэмжлэлийн харилцаанд оруулах шаардлага үүсдэг бөгөөд хоёр оролцогч тал болох нийтийн түлхүүрийг итгэмжлэх шаардлага бий болдог. Энэхүү итгэмжлэлийг хүлээн авагч нь нийтийн түлхүүртэй цуг илгээгч рүү явуулдаг. Хос түлхүүрийн аргад  хэрэглэгдэх энэхүү итгэмжлэлийг  хүлээн авагч криптографикийн аргаар өөр дээрээ үүсгэж болдог байна.

Уг итгэмжлэлтэй холбоотойгоор нийтийн түлхүүрийн “Итгэмжлэлийн байгууллагууд” хүртэл бий болон албан ёсоор уг төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Тоон гарын үсэгтэй холбоотойгоор түүхийн шинж чанартай зүйл мэдээллэхэд анх 1976 онд  Витфийлд Диффе,  Мартин  Хеллман нар тоон гарын үсгийн эх суурийг тавьснаар эхэлжээ.  Дараагаар нь  Роналд  Ривест, Ади Шамир,  Лен Адлеман нар уг технологид ашиглагддаг “RSA” алгоритмийг зохион бүтээж, дараагаар үүнтэй хамт ашиглагдах  хамгийн анхны  түгээмэл дэлгэрсэн цахим гарын үсгийн программ хангамж нь Лотус Нөүтэс 1.0-г тус тус ашиглалтанд оруулсанаар тоон гарын үсэг мэндэлсэн гэхэд болно.

Монгол улсын хувьд  Цахим Засаглал үндэсний хөтөлбөр буюу төрийн байгууллагуудыг цахимжуулах аяныг өрнүүлсэнээр цахим гарын үсгийг хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа билээ. 2011 оны 12 сарын 15-нд УИХ-аас 6 бүлэг, 36 зүйл бүхий “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг баталж, хууль эрх зүйн орчинг ийн бий болгосон юм. Уг хуулийн үйлчлэх хүрээ нь төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахыг зохицуулах зэргээр боловсруулагдсан байна.

Бодит байдал дээр манай улсад дээрхи 2 төрлийн гарын үсгийг албан байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, онцлогоос хамааран хоёуланг нь ашиглаж байгаа бөгөөд тухайлбал уул уурхайн компаниуд цахим гарын үсгийн технологийг ашиглаж байна.

Тоон гарын үсгийн хувьд МУ-ын Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологийн төв нь нийтийн болон хувийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох, түүнийг цахим харилцаанд оруулан ашиглах зорилгоор цахим тайлангийн системд уг гарын үсгийг тус тус ашиглаж байна. Үүнийг ашиглахыг хүссэн этгээд өөрийн харъяалагдах татварын албандаа хандаж болох юм байна.

Өнгөрөгч оны байдлаар 6000 гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж “Тоон гарын үсэг” ашиглан татварын тайлангаа өгч байгаа юм. Ийнхүү цаас, цаг, механик үйл ажиллагааг хэмнэсэн цахим хувьсгалын нэг хэлбэр болох цахим гарын үсэг Монгол улсад хэрэгжиж, үр шимээ хүргэсээр байна.

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ


URL:

Сэтгэгдэл бичих