“Спортын төв ордон үйлчилгээний газар биш”

8744Монголын шилдэг тамирчдын хоёр дахь гэр болсон Спортын төв ордон ашиглалтанд орсон цагаасаа хойш 50 гаруй жилийн нүүрийг үзжээ.

Энэ хугацаанд олон аав, ээжийн хүүхдүүдийг тив, дэлхийн аварга болгоход эгэл даруухан энэ ордны ач гавьяа даанч их байсан. Одоо ч хэвээрээ юм.

Гэтэл энэхүү байгууламж цагийн эрхээр гандаж, гундаад эмнэлгийн тусламж эрсэн өвчтөн шиг болжээ. Гаднаасаа бол мэдэгдэх зүйл байхгүй ч дотроо хэцүүхэн зүйлүүд олонтаа. Адаглаад цууралт, нуралт, дээврийн ус гойжих гэх мэтчилэн тоочих зүйлүүд бий.

Энэ ордны барилга, байгууламж талаас нь ярихаас илүүтэйгээр үйл ажиллагааных нь талаар дурдвал зохистой юм. Яагаад гэвэл энэ ордон дотор хувийн компанийн оффис болон дунд сургуулийн хичээлийн танхим, хэвлэлийн компани зэрэг байрлаж
үйл ажиллагаа явуулдаг.

“Уг нь энэ чинь спортын зориулалттай баригдсан барилга шүү дээ. Ямар бизнес, үйлчилгээний газар биш” гэж иргэдийн гомдоллох нь элбэг. Олон гавьяат тамирчдын ялалтын түүхийг мөнхөлсөн, төрийн дуулал, далбаандаа өдгөө хүртэл дэвтэж яваа тус ордны үйл ажиллагаа, засварын талаар Спортын төв ордны албаны дарга Ш.Бямбатогтохтой ярилцлаа.

-Тамирчдын амжилтийн гараа гэж өргөмжлөгдөх Спортын төв ордон маань анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ?

-Тийм шүү. Тамирчдын маань амжилтын анхны алхам энэ ордноос л эхэлдэг шүү дээ. Спортын төв ордон 1958 онд анх баригдсан байдаг. Талбайн хэмжээ 7471 метр квадрат, тэмцээний таван заалтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал, чөлөөт бөхийн эмэгтэй, эрэгтэй гэсэн хоёр заал, хүндийн өргөлт, бокс гэх мэтчилэн заалуудтай. Харин Олон улсын болон Улсын хэмжээний тэмцээнийг “А” зааландаа зохион байгуулдаг. “Б” заал маань жүдо бөхийн заал байгаа. Үүнийг жүдо бөхийн холбоо өмчилж авсан. Анх баригдсан цагаасаа эхлээд л тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын томоохон ордон юм.

-Баригдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Энэ хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хэр хийгдсэн бэ?
-Засвар, шинэчлэлийн ажил баригдсан цагаасаа эхлээд ховор хийгдсэн юм билээ. Өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулахдаа хоёр, гуравхан удаа л урсгал засвар хийгдсэн гэж сонссон. Харин 2009 онд дээвэр болон гадна талын засварын ажлыг хийсэн. Доторх засварын хувьд бараг хэвээрээ байгаа даа. Өрөө, тасалгаагаа жаахан өөрчилснийг эс тооцвол ерөнхийдөө бол засвар хийгдээгүй гэж хэлж болно.

-Та энэ албан тушаалыг аваад хэр удаж байна. Ажиллаж байх хугацаандаа таны хийсэн засварын ажил байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Би энэ ажилд ороод нэг жил болж байна даа. Анх намайг орж ирж байхад Спортын төв ордон үнэхээр хэцүү байдалтай байсан. Нуулгүй хэлэхэд их өмхий, эмх, замбараагүй байсан юм уу даа. Гэнэт өөрийгөө магтах гээд байгаа юм шиг санагдчихлаа. Тэгэхдээ нэг жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийсэн.

-Ямар, ямар ажил хийсэн гэж?

-Юуны түрүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатарыгаа дурдсан нь дээр болов уу. Тэр хүн Спортын төв ордны дарга болсноор чамлахааргүй олон зүйл хийж гүйцэтгэсэн байгаа. Яагаад чамлахааргүй гэвэл Б.Наранбаатар мөн энэ ажлыг аваад нэг жил болж байгаа. Энэ жил бид хоёр ордны дээврийн засварын ажлыг хийж дуусгасан. Мөн жүдо, чөлөөт бөхийнхөө заалыг засварлаж өмнөхөөс илүү сайхан болгосон байгаа. Ямартай ч орсон, гарсан хүний нүүрийг улайлгахгүй дотоод засвар хийгээд байна. Одоо өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна даа.

-Засварын ажил хийхэд хөрөнгө, санхүү их ордог байх. Төрийн байгууллага учраас улсаас санхүүждэг биз дээ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Манайх улсын байгууллага учраас бүх санхүүжилтыг төр хариуцдаг юм. Энэ жилийн төсөв Спортын төв ордонд бага тусгагдсан юм билээ. Тиймээс засварын ажлаа боломжоор нь хийж гүйцэтгэж байна даа. Ирэх жил санхүүжилт хангалттай тусгагдвал засварын ажлаа бүрэн дуусгаж чадна.

-Спортын төв ордныг бизнесын байгуулага болжээ хэмээн яриад байх юм. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
-Үүнийг би шууд няцаана. Яагаад гэвэл энэ ордон чинь зөвхөн спортод зориулсан газар шүү дээ. Магад энэ ордон дотор үйл ажиллагаа явуулж буй хэд, хэдэн байгууллагыг хараад хүмүүст тийм бодол төрсөн биз. Түрээсийн байгууллагууд манайд байдаг гэж иргэд яриад байгаа. Энэ маш буруу ойлголт шүү. Ямарч түрээсийн байгууллага Спортын төв ордонд байхгүй энд хичээллэж буй дунд сургууль хүртэл манайд түрээс төлдөггүй. Харин “А” зааландаа бүх тэмцээн уралдааныг зохион байгуулдаг юм. Харин зохион байгуулагчдаас гарсан зардлыг нөхөхийн тулд дотоод журманд заасны дагуу хэдэн төгрөг авдаг юм. Тэгээд ч аравдугаар сарын 1-ээс Төрийн өмчийн шалгалт ирэх гэж байна. Тэр шалгалтаар манайд үйл ажиллагаа явуулж буй бүх газруудыг цэгцэлнэ.

-Спортын төв ордон дотроо их том талбайг эзэлсэн байдаг. Харин гадна талбай, машины зогсоол ордонд ямар ч хамааралгүй гэнэ?
-Би үүнийг л ярих гээд байгаа юм. Гадна машины зогсоол ордонд ямар ч хамааралгүй. Нийслэлийн өмчийн газар юм. Гэтэл манайх тус талбайг өдөр бүр цэвэрлэдэг. Уг машины зогсоолд манай ажилчид өдөр бүр машинаа байрлуулсны төлбөр гэж төлдөг. Үүнээс гадна Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон тамирчид энэ зогсоолд машинаа байрлуулсны төлбөр гэж мөнгө өгдөг. Манай байгууллага чинь спортын байгууллага болохоос үйлчилгээний газар биш шүү дээ. Энэ тал дээр анхаарах цаг болсон баймаарсан.

Г.Мягмарсүх /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих