Цахилгааны үнийг яаж бичээд байна вэ

80_630_225_power1Айл болгон гэртээ хар өнгөтэй тоолуур тавьж, түүнийгээ хазайлгаад, юм хавчуулаад, цахилгааны мөнгөө бүрэн төлөхөөс зайлсхийдэг цаг ард хоцорсон.

Бараг алслагдсан аймгийн хамгийн захын суманд ч тийм тоолуур байхаа больсон гэвэл худлаа ярьсан болохгүй биз. Тэр хэрээрээ эрчим хүчнийхэн алдагдалгүй ажиллаж байгаа гэхэд ч бас үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ үүний нөгөө талд ард иргэдээ хохироож байгаа үйлдэл газар авч байгаа ч байж магадгүй. Үнэнчээр, цаг тухайд нь цахилгааныхаа үнийг төлөөд явж байгаа хүмүүсийг шүү.

Өнөөдөр тоолуурын заалтыг яс харж байна уу, яг ямар зарчмаар бичээд байна вэ гэдэг эргэлзээтэй. Шууд автоматаар компьютерт тоолуурын заалт ирээд, мөнгө нь бодогдоод байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг. Гэрлийн байцаагч нар нь яваад бичээд байгаа юм уу гэхээр бас харагдахгүй. Хэрвээ автоматаар бичигддэг гэвэл найдвартай баймаар. Гэтэл эргэлзээтэй зүйл их гарч байна. Айлуудын гэрт тоолуур байхгүй, нэгдсэн нэг щиттэй болсон.

Тэр нь нэг гудамжны гол хавьд байгаа айлын хашаанд байгаа, дээрээс нь цоожтой. Гэнэт масслаад, щит нь уначихвал заавал гэрлийн байцаагч дуудах шаардлагатай болно. Гэх мэт ядаргаатай зүйл ихтэй мөртлөө тогны мөнгөө бичихдээ арай л хэтэрхий ард иргэдээ шулаад байх шиг. Наад захын жишээнүүд бичихэд эргэлзээтэй байгаа нь харагдана. Цахилгааны мөнгө ямар ч байсан жилдээ хоёр удаа заавал зах замбараагүй өндөр гарна. Хоёр айл байлаа гэхэд сард 50 мянган төгрөг гарах тохиолдол хоёроос багагүй гарч байгаа юм. Өглөө ажилдаа гараад, орой гэртээ ирдэг хүмүүс сард 50 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэж байх уу.

Ерөөс Улаанбаатарт хашаандаа ганц гэрээрээ байдаг айл гэж байхгүй. Гэтэл олон танил, найз нөхөд, хамаатан саднаасаа асуухаар хоёр айлын цахилгааны мөнгө сардаа 20 мянга хүрэхгүй гардаг гэж гайхуулж байгаа юм. Гэтэл манайх сардаа 30 мянган төгрөгөөс доошоо байна гэж огт байхгүй. Энэ зун гэхэд хажуу айл маань гэртээ сарын 10 хоногт нь л байсан бол их юм. Гэсэн ч өнөөх л 30 мянган төгрөг гардаг хэвээрээ. Дээрээс нь долоо, наймдугаар сарын цахилгааны төлбөрийн өдрийн хэрэглээний мөнгө нь яг адилхан гарсан байх жишээтэй. Бүр нэг ч төгрөг, мөнгөний зөрүүгүй шүү. Ийм зүйл байж таарах уу.

Ядаж нэг сард нь арай илүү цахилгаан хэрэглэсэн л байж таарна шүү дээ. Энэ мэтээр цахилгааны төлбөр бичиж байгаа нь нэг л онц биш ээ. Эсвэл тоолуурын заалт хараад мөнгийг нь бодож байгаа нөхдүүд нь дүйрчихсэн “тэнэг”. Эсвэл гэрлийн байцаагч нар нь тоолуурын заалтыг нэмж бичдэг. Үгүй бол цахилгааны төлбөрөө сар бүр, цаг тухайд нь төлчихдөг хүмүүсийг шулдаг байхаас зайлахгүй. У лаанбаатар хотод байгаа айлууд, тэр дундаа гэр хорооллынхон бүгд цахилгааны мөнгөө яс төлнө гэж үгүй.

Зарим нь мөнгөө төлөхгүй, тэгсэн мөртлөө гэрлээ хулгайгаар залгачихдаг тохиолдол олон. Тэр ч битгий хэл жижиг засвар, үйлчилгээний газар ажиллуулж байгаа хүмүүс ч цахилгааны хэрэглээгээ дардаг, нуудаг. Тэр бүхнээс алдагдал хүлээхгүйн тулд мөнгөө үнэнчээр төлдөг хүмүүс дээр нэмэх маягаар зохицуулдаг ч байж болох юм. Тэр дундаа жилийн эцсийн буюу 11, 12 дугаар сарын мөнгө их гараад байдаг нь иймэрхүү зохицуулалт хийдэг гэх хардалтыг улам нэмээд байгаа юм.Ядаж байхад Улаанбаатар цахилгаан түгээх компанийн албаны хүмүүстэй уулзаад асуухаар ямар ч “но” байх ёсгүй. Зүгээр бичдэгээрээ л бичиж байгаа гээд загнах. Дүүрэг дээр очоод хэтэрхий өндөр гарч байгаа талаар гомдол гаргахаар үнэн зөв л байна гэхээс өөр юм хэлдэггүй.

Ер нь энэ цахилгаан түгээхийнхэн нь цахилгааны төлбөрийг яаж бичиж байгаагаа тайлбарлаж, тайлагнамаар юм.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих