Журмыг нь хүчингүй болгочихвол “Урт нэрт” хэрэгжихгүй
Хол, ойроос мөнгө хайж бадар барьсан “Бадарчин” Засгийн газрын балаг дуусахгүй нь. Хөрөнгө оруулагчдыг үргээснээ хуулиас болсон хэмээн мэлзэж, Оюутолгойг хувьдаа “сааснаа” зээл, тусламж гэх торгон бүтээлгээр бүтээх гэж өнгөрсөн хэд хоног сайн жүжигчний чаддаг, мэддэг бүхнийг дуусгав.
Түүний нэг нь “Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцалсан лицензүүдийг сэргээх улс төрийн “ток шоу” бололтой. Ингэж байж манай улс уначихаад байгаа улсын төсвөө аварч, хямрахын дээдээр хямарч даралт нь дээд хязгаараа давчих шахаад буй эдийн засаг, гүйцэтгэх засаглал хоёртоо амь тариа залгуулах юм гэнэ. Улстөрчид ингэж тайлбарлаж байгаа ч учир битүүлэг зүйлүүд хөшигний ард байгааг ухаж төнхөх зоригтон тэдний дунд алга.
Улстөрчидтэй тэмцсээр байгаад улстөрч болох шахсан нэг нөхөр л харин буу шийдэм болж цамнасан нь уг нь зөв асуудал тавьсныг нь буруутуулах хангалттай шалтаг болж тэртэй тэргүй дүүрчихээд байгаа хорих өрөөнүүдийн нэгэнд чигжээс боллоо. Үнэндээ бол өнөөдрийн нөхцөл байдалд заавал “Урт нэртэй” хуулийг эргэж харах шаардлага байсан уу гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч байна. Ингэж хардах шалтгаан нь энэ хууль төрөө ч үгүй байхдаа айхтар дарамтанд орж, эмнэлгийнхний хэлээр бол “аборт”-д орох шахаж байв. Энэ давааг давж УИХ, байнгын хороодоор хэлэлцүүлэхэд батлуулахгүй байх талаас ажилласан лобби бүлгүүдийн нөлөө их байсан.
Бүр УИХ дотор лобби бүлэг байгуулагдчихсан байх жишээтэй. Хэвлэл, мэдээллийнхэн ч хэдэн хэсэг болчихсон янз бүрийн өнцгөөс бичиж, нийтэлж байсан түүх хуучраагүй. Тиймээс өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал жамынх уу, цаг бусынх уу гэдэгт эргэлзээ төрж байгаа юм.
БАЯЛГАА АШИГЛАН ХӨГЖИХ УЛСЫН БОДЛОГО УУ, ЦӨӨН ХҮНИЙ ХӨЛЖИХ ГЭСЭН БОДОЛ УУ?
“Урт нэртэй” хууль улс төр, бизнесийн бүлэглэл, уул уурхайнхан, тэр дотроо алтны компаниудын шахалт, лоббид байнга өртөж ирсэн тул тэдгээр нөхдүүд боломж гарахыг тэсэн ядан хүлээж, цуцлагдсан лицензүүдээ сэргээхийг хүсэн хүлээж байсан нь ойлгомжтой. Өнөөдөр улс орны эдийн засаг суларч, өр зээл хэрээс хэтэрч, төсөв мөнгөний эрэлд гарах үед тэрхүү нөхцлөө ил далд тулгасан байх магадлалтай. Үүний тулд эхлээд шаварт унасан шарын эзэнтэй ширээний хоёр талд сууж таарна. Тэр нь хэн нэгэн жижиг гар биш “Халдахын халдах хар халзанд нь” гэгчээр Засгийн газрын тэргүүн байх нь ойлгомжтой. Ийм л дүр зураг харагдаж байна.
Нөгөөтэйгүүр, “Урт нэрт” буюу “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” УИХ, Засгийн газрын төвшинд хэлэлцэж баталсан гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүн нэгээхэн ч байхгүй гэх байна. Батлах шаардлага, шалтгаан нь ч тодорхой бөгөөд ойлгомжтой. Байгаль орчноо хамгаалъя, уул уурхай, ашигт малтмалын салбар дахь замбараагүй байдлыг цэгцэлье гэсэн нь тэр. Гэхдээ ямар ч иш мухаргүйгээр хаах, хорих тухай огтхон ч биш. Байгалийн баялгаа ашиглаж хөгжих улсын бодлого бол байна, гэхдээ хариуцлагатай, хяналттайгаар уул уурхайгаа хөгжүүлье гэсэн зорилт тавьсан.
Тэрхүү босгонд бүдэрсэн 254 компанийн тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд хүчин г үй болгосон. Тэр нь өнөө хүртэл хэл ам дагуулж байгаа нь бодит үнэн. Алтны компаниуд төрөөс алдагдлаа төлүүлнэ хэмээн далайлгаж, янз бүрийн хатгаас, лобби хийж байсан нь ч болсон явдлууд болоод баримт тайлбартайгаа уншигчдад янз бүрийн өнцгөөс хүрсэн учраас захын хүн энэ тухай хэлэх нь мэдээж.
Тэгвэл өнөөдөр юу болоод байна вэ. Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хямралыг туулахын тулд хөрөнгө оруулагчдыг урин алт мөнгөө ухаж сайхан амьдаръя гээд байна. Баялгаа ашиглан хөгжих улсын маань бодлого уу, цөөн хэдэн хүний хөлжих гэсэн лобби юу гэдгийг л эхлээд тодорхой болгох учиртай. Үүнийг ялгаж, салгаж байж дараагийн шат буюу хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлах учиртай юм.
АВЛИГА ЦЭЦЭГЛЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА
Яаж ч бодсон гол усны эх, ойн сан бүхий газарт алт ухаж, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Манай улс тийм ч олон гол мөрөнтэйд тооцогдохгүй байх. Тэгээд ч сүүлийн үед дэлхийн дулаарал, хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр харин ч байсан нь байхгүй болж байгаа тухай харамсалтай мэдээллүүд дуулдах нь олширсон.
“Урт нэртэй” хууль батлагдсанаар салбарын яам, холбогдох газрууд хамтран гол мөрөн, усны тооллогыг гурван удаа явуулсан нь баярламаар тоо, судалгаа гаргаж ирээгүй санагдана. Асар олон гол горхи ширгэж цөлжилт нэмэгдсэн нь Монголын иргэн болж, хөрс шороон дээр нь хүн болсон хэний ч сэтгэлд тийм ч сайхан тусахгүй болов уу.
Өөр нэг асуудал нь өдгөө голын сав, ойн сан бүхий газар алт ухаж, уул уурхай эрхэлж буй компаниудыг эрхийг сэргээснээр бий болох нөхцөл байдал аюулын харанга дэлдэж байна. Байгаль орчин бохирдож, хүн малын уух ус, амьдрах нутаг сүйдэхгүй гэх баталгаа алга. Дээр нь бас нэг баталгаагүй зүйл нь авлига цэцэглэхгүй гэдэгт хэн итгэх юм бэ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тусгай зөвшөөрлийг цуцлах, эсэхийг шийдэх юм бол тэнд хүнд суртал хэрээс хэтэрнэ, алтны компаниуд арга чарга хайна, эцэст нь авлига цэцэглэнэ. Бас нэг зохицуулалт нь энэ асуудалд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх гэнэ. Ингэснээр орон нутагт дахиад л авлигын шат дамжлага бий болно гэсэн үг.
ЗҮСЭЭ ӨӨРЧИЛСӨН ТОО ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
Одоо ярьж буй хамгийн чухал сэдэв бол Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр өдрийн өмнө хэлэлцсэн “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл юм.
Учир нь уг хууль батлагдсанаар 1500-гаад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Үүний хариуд төр 223 тэрбум төгрөгийг нөхөн төлбөр болгож компаниудад төлөх эрсдлийг үүрсэн хэмээж буй. Түүнээс гадна ойн сан, усны сав газрын хилийн бүсийг тогтооход алдаа гарсан гэнэ. Иймд хууль батлахаас өмнө олгогдсон ашиглалтын лиценз бүхий компаниудын эрхийг сэргээж үйл ажиллагаагаа явуулах чиглэл өгөөд буй.
Тэр нь 200 орчим болох судалгаа гарчээ. Ингэснээр төрөөс нөхөн төлбөрт бага мөнгө төлөхөөс гадна төсвийн алдагдлаа багасган эдийн засгаа сэргээж, байгаль орчноо хамгаална гэж үзжээ. Гэтэл нэгэнт л хууль батлагдахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлийг хоригоос чөлөөлж байгаа юм бол бид ч бас хамрагдах ёстой гээд бусад нь барьцаж таарна.
Тэгээд ч үүгээр “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журам хүчингүй болж байгаа юм бол хууль хэрэгжихгүй гэсэн үг. 200 лиценз гэдэг зүгээр л зүсээ өөрчилсөн тоо, түүний цаана 1000 хол давсан тусгай зөвшөөрлийн асуудал нуугдаж л байгаа. 200 ба 254 лиценз гэх харьцуулалтыг ч хийж болох юм.
Эцсийн эцэст хэл ам дагуулж, улс төр бизнесийн бүлэглэл, мөнгө үнэртсэн лоббины ард 200 компани байжээ гэсэн хардлага төрж байгааг нуух юун. Мөн өнөөдөр “Урт нэртэй” хуулийг санаачлагчид, хууль боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, батлуулахын төлөө ард түмэнтэйгээ хамт тэмцэж элдэв лоббиг сөрж зогссон эрхэм гишүүд их төлөв албан тушаалд хүрч, сайд дарга болсон учраас ус балгасан мэт байхыг ч үгүйсгэхгүй гэхчлэн “хувьсгалын тохироо” гэдэгтэй адил хуулийг өөрчлөх тохироо бүрджээ гэсэн ойлголт ч төрж байна.
Арай гэж батлагдаж байсан “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх үүргийг У И Х – аас Засгийн газарт тогтоолоор хүргүүлчихээд байхад бүтэн нэг жил огт хэрэгжээгүй дарж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр тэрхүү хууль нэр шигээ дахиад л урт зовлон туулахад хүрч байна.
Ч.Үл-Олдох /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: