“Гал үндэстэн” холбооныхонд үүсгэсэн хэрэг 10-15 жилийн хорих ялтай

b02139a437adebf1978874fed0472611_LТөрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, буу алдсан иргэний хөдөлгөөнийхнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, 10-25 жил хүртэл хорих ялтай зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өдөр буюу энэ сарын 16-нд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэж нийт 11 төрийн бус байгууллага нэгдэн, Ерөнхий сайд болон холбогдох хүмүүст шаардлага хүргүүлэхээр цуглаж, жагсаал хийсэн юм.
Гэвч энэ үеэр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй гишүүд буу, зэвсэгтэй Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, хамгаалалтын албаныхныг сүрдүүлж, Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидсэн юм. Уг гар бөмбөг нь байлдааны зориулалттай F1 буюу ширмэн гадартай хориглолтын гар бөмбөг бөгөөд нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа цэргийн алба хаагчдыг устгахын тулд шидэж ашигладаг аж.  Энэ гар бөмбөг дэлбэрэхэд ширэмний хэлтэрхий асар хүчтэй цацарч 200 метр радиуст байгаа хүмүүсийг устгах хүчин чадалтай байжээ. Харин уг гар бөмбөгийг шидэхдээ тэслэгчийг нь холбоогүй байсан учир дэлбэрэлт болоогүй юм. Улмаар хамгаалалтын албаныхан “Гал үндэстэн” холбооныхныг саатуулахад буу алдсан ч азаар “тэнэсэн” суманд хүн өртөөгүй.
Мөн өдөр хотын төвд байрлах “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг олж илрүүлсэн юм. Тодруулбал НОБГ-ын Шуурхай мэдээллийн төвд 13.00 цагийн үед дээрх хоёр байршилд тэсрэх бөмбөг байна гэсэн мэдээлэл ирсэн учир “Централ тауэр”-д байсан 2500 хүнийг нэг цагийн дотор аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 50 метрийн аюулгүй бүс үүсгэн, цагдаагийн хамгаалалтад аваад Инженер сапёрын бүлгийнхнийг оруулсан юм. Тэд барилгын хамгийн дээд хэсгээс доод хэсэг хүртэл хаалганы завсар, бие засах газар, подваль, хогийн сав гээд бүх зүйлийг шалгаж байгаад Чингисийн талбай руу харсан хаалганы хажуугийн хогийн саван дотроос тэсрэх бөмбөг олж, маш нарийн шат дараалсан ажиллагаа явуулан тэсрэх бөмбөгийг салгаж, аюулгүй болгосон.
Барилгаас олдсон зүйлийг шинжлэхэд “Тортел” хэмээх тэсрэх бодис байсан бөгөөд энэ нь тэсрэх бөмбөгийн үндсэн түүхий эд, зэвсэгт хүчний зориулалттай тэслэгч аж. Нийтдээ 200 гр тортел байсан ба үүгээр 40 тонн жинтэй хатуу биетийг задалж болох байжээ. Хэрэв тортел дэлбэрсэн бол шилэн хана, хаалгатай “Централ тауэр” дороосоо нурж, маш олон хүнд аюул учруулж мэдэх байсан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цэцгийн савнаас мөн дитонатор утсаар ороосон тортел олдсон юм. Одоо цагдаагийнхан хяналтын камерын бичлэг болон бусад баримтад тулгуурлаж тэсрэх бөмбөг суурилуулсан хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Монголд өмнө нь ийм хор уршигтай тэсрэх бөмбөг санаатай байрлуулсан тохиолдол гарч байгаагүй. Хогийн цэг, айлын хашаанаас цэнэглэгчгүй, удсан, сургуулийн онгоцны дадлагын сум, их бууны хуучин сум, хонгио зэрэг хааяа олддог байснаас хор уршиг ихтэй тэсрэх бодис байрлуулж, үүнийг нь нарийн ажиллагаагаар салгаж байсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн тохиолдол террорист халдлагаас сэргийлэх ажиллагааг улам эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээ, урьдчилан сэргийлэх сургалт явуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авах шаардлага гарч байгааг санууллаа. Иргэд ч мөн цаашид сэжиг бүхий зүйл илэрвэл заавал албаныханд мэдэгдэж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалж байх нь чухал.

Үнэхээр тэслэх, хор уршиг тарих зорилгоор дээрх тэсрэх бөмбөг, гар бөмбөгийг ашигласан эсэхийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж тогтоох ёстой. Харин Төрийн ордны хашаанд нэвтэрсэн “Гал үндэстэн” холбооныхноос нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан авч, Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг буюу Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн  177 дугаар зүйл  болох ”Зандалчлах”, мөн бүлгийн 91 дүгээр зүйл болох “Хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал 177.1 зүйлд  ”Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,  олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас  дээш арван таван  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол 177.2-р зүйлд “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн,  зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг  учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэсэн заалттай байдаг. Уг хэргийг Төрийн тусгай хамгаалалтын бүс буюу Төрийн ордны орчимд гарсан учир харьяаллын дагуу ТЕГ шалгаж байгаа юм.
Дашрамд дурдахад 2010 онд “Гал үндэстэн” холбооныхон Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудаж байсан. Энэ хэрэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн ч цагаатгах шийдвэр гарсан юм.

Н.Гантуяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих