Гадаад залуусаас суралцах зүйлс байна шүү!

Гадаад залуусаас суралцах зүйлс байна шүү!

Одоогийн гадаад залуус бас их сүрхий юм аа. Тэднээс чинь бас сурмаар, сурсан юмаа та нартай хуваалцмаар зүйлс олон байна шүү.

Өнгөрсөн жил гэрлэж эхнэр нөхөр болцгоосон ( эхнэр нь 34-тэй, нөхөр 32-той ) залуусын ирэх жилийн төлөвлөгөөнд хүүхэдтэй болох гэдэг асар том төлөвлөгөө багтаж. Чухал төлөвлөгөөг дагаад залуусын өдөр тутмын амьдралын хэмнэл, хэв маяг өөрчлөгдсөн болохыг анзаарч багагүй зүйлсийг тэднээс шалгаав.

Хосууд хоёулаа тамхи татаж, пиво уудаг бөгөөд хэн хэн нь кофены улаан фен. Гэвч гурван сарын өмнөөс тамхи, пивоны хэрэглээг зогсоож, кофены хэрэглээг багасгаж байгаа гэнэ. Энэ нь хүүхэдтэй болох төлөвлөгөөний хамгийн эхэнд хэрэгжүүлэх чухал алхам бөгөөд эрүүл хүүхэд төрүүлэхэд биесээ бэлдэж байгаа чухал эхлэл аж.

Хүүхэд урагт бүрэлдэхэд эмэгтэйн эрүүл мэнд төдийгүй эрэгтэйн эрүүл мэнд, амьдралын зуршил дадал нэн чухал нөлөөлдөг болохыг залуус хэн хэн нь гойд сайн ухаарч биеэ бэлтгэж байгааг харахад залуу хүнийхээ хувьд бахархаж, бас бодлогоширч байлаа.

Манай залуусын хичнээн хувь нь яг энэ залуус шиг биеэ эрүүлжүүлж, сэтгэлээ бэлтгэж байж хүүхэдтэй болохоор унтлагын өрөөгөө зорьдог бол? Хариулт нь эргэлзээтэй л юм. Миний эргэн тойрноос харахад төлөвлөгдөж, хүсэгдэж төрсөн хүүхэд ховор. Ихэнх нь хүсээгүй, төлөвлөөгүй, гэнэтийн жирэмслэлт. Гэхдээ би тэдний амьдралыг шүүдэг, буруутгаж зэмлэдэг нэгэн биш. Зөвхөн ухамсартай, амьдралдаа хариуцлагатай, хэн хэнээ хайрладаг, улс орондоо эрүүл ирээдүйг бий болгодог ухаалаг залуус болоосой гэж хүсэгч.

Тэнд харийнхан үр удам нь хичнээн чухлыг, чухал чухалдаа урагт бүрэлдэх үеэсээ л эрүүл байх ёстойг, мах цусандаа хүртэл ухамсарласан байхад Монгол залуус бид яагаад чадахгүй гэж?

Уудам газар нутагтай эх оронд минь шинэ иргэн төрөхөөс илүү том хөрөнгө оруулалт гэж үгүй, гагцxүү тэрхүү том хөрөнгө оруулалт маань эрүүл чийрэг иргэн болж төлөвших үндэс суурь баттай байх нь зөвхөн өнөөгийн залуус биднээс зуун хувь хамааралтай болохыг би хувьдаа сайн ойлгосон. Үүнийг уншин суугаа залуу хүн таныг ч бас ойлгож, зөв сэтгэлээс, эрүүл эсээс, эрүүл хүүхэд төрүүлээсэй гэж хүснэм. /нэгэн бүсгүйн блогоос авлаа/


URL:

Сэтгэгдэл бичих