Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төсөлтэй холбогдсон асуулт, хариултыг дуусгав

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2013.09.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой асуулт-хариулт явагдав.
   Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Илтгэгч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарчмын асуудлуудын талаар илтгэлээ.
Тэрээр илтгэлдээ, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөлөх шаардлагатай байгааг дурдаад энэ хүрээнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.
   Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж төсөлд ангилсан ажээ. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 000 ам. долларын босгыг хэвээр хадгалж, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар төсөлд тусгасан байна.
Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог хуулийн төсөлд тусгажээ
   Дараа нь төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулахдаа, уг хуулийн төсөл Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна гээд хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах томоохон нөхцөл бололцоо бий болно гэж үзэж байгаагаа тэрээр онцлон тэмдэглэв.
    Эдгээр төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг илтгэгч дурдаад хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх нь цаашид тогтвортой хөрөнгө оруулалтыг урамшуулах арга, хэлбэрийг зөв тодорхойлох үүднээс төслийг цаг хугацаанд баригдалгүйгээр, ажлын хэсэг байгуулан ажиллуулах замаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан илтгэлээ.
   Төслийг хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрээр дүгнэлтдээ, улс орны эдийн засагт ямар сөрөг өөрчлөлт гарсныг дурдаад Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд тасарч, хууль зөрчигдөж, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны төвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байгааг онцлон тэмдэглэв.
Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийж нэг жилийн дотор улс орныг дээрх нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
    Дээрх илтгэл, санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
  Улсын Их Хурлын гишүүд, энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн 2/3 доошгүй саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасны учир шалтгаан, хуулийн төслөөр жижиг, дунд, том бизнесийн алийг нь дэмжиж байгаа, төр, хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэх, байгаль орчны үнэлгээг хэн хийх, үүнд орон нутгийн иргэдийн оролцоо ямар байх, тэднийг мэдээллээр хангах, анхдагч хөрөнгө оруулагчийг дэмжих, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид хүлээлгэх хариуцлагын асуудал хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан талаар тодруулсан асуулт тавьж хариулт авлаа.
   Мөн хөрөнгө оруулалтын хувь хэмжээний тооцоо нь хэр бодитой, үндэслэлтэй вэ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого бий юу, энэ бодлого зөв явж байна уу, хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэг бүхий шинэ агентлагийн бүтэц, орон тооны тооцоо байгаа эсэх, хуулийн төсөлд агуулгын өөрчлөлт оруулах боломж байгаа үгүй юу, өнгөрсөн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэд бүртгэгдсэн, энэ хууль тогтвортой хөрөнгө оруулалтын баталгаа болж чадах уу гэхчлэн хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалтай холбоотой асуултад хууль санаачлагчдаас тодорхой хариулт авав.
   Төслийг хэлэлцэх эсэх асуудлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараар бодитой дэмжих, стратегийн салбарт ялгавартай хандах, түүний бодлогын зохицуулалтад анхаарах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ ажлын байр шинээр бий болгох зэргийг харгалзах, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа маргаан үүсэх тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог төсөлд тусгах, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, хамгийн гол нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчин нь тогтвортой, таатай байх зэрэгт тэд асуултаа чиглүүлж байв.
   Үүний зэрэгцээ маш чухал ач холбогдол бүхий энэ хуулийн төслийг цаг хугацаа алдаж хэлэлцэж байгааг шүүмжлэхийн сацуу түүнийг шуурхай хэлэлцэж гаргах шаардлагатай байгааг гишүүд онцоллоо.
   Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар асуулт, хариулт явуулж дуусгаснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
  Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих