Хөгжлийн гайхамшиг цувралаас: Япон

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы эдийн засаг суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан түүх бий. Энэ үед Японы удирдлагууд шийдвэртэй алхам хийхийг хичээж олон төрлийн бодлогыг баримталсан байдаг. Ялангуяа Японыг дахин сэргээх бодлого нь АНУ-тай нягт холбоотойгоор хэрэгжсэн юм.

АНУ-ын томоохон компаниуд болон засгийн газраас асар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж Японы дайнд сүйдсэн болон шинээр хөгжиж буй аж үйлдвэрт санхүүжилтээр орж ирсэн. Японы засгийн газар энэ үед төрийн зардлыг танаж, ажилчдын цалин хөлсийг багасгаж, Японы ард түмэн хоосон хонож, өлсөж байж хүнд бэрх үеээ туулсан байдаг.

Япон болон бусад оронд хэрэгжсэн дайны дараах “Маршаллын төлөвлөгөөгөө-ний дагуу аж үйлдвэржсэн шинэ Япон орныг байгуулах зорилго нь маш амжилттай хэрэгжсэн. Гэхдээ Япон улс өөрсдийн хөгжлийн загвараа тодорхойлохдоо Германы эдийн засаг болон мэдлэг, технологийг судалж нэвтрүүлсэн.

Энэ үед Японд дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах боловсон хүчин байхгүй байсан учраас хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засгийг биш хамтын зах зээлийн эдийн засагт (social market economy) суурилсан үндэсний капитализмыг хөгжүүлжээ.

Үүнийхээ үндсэн дээр Toyota, Sony, Honda зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг Японы нийт хүн ардын эрүүл мэнд, ажлын байр, боловсрол зэрэгт зориулан ирээдүйг харсан хөгжлийн хөтөлбөрийг маш амжилттай эхлүүлсэн юм. Эдийн засгийн өсөлтөөс олсон орлого нь зөвхөн тухайн үндэстний сайн сайхны төлөө зориулагдах ёстой байдаг гэдгийг маш сайн ойлгож авлигал болон хувийн ашиг сонирхлоос хамгаалж чадсан юм.

(Монголчууд бид 1990 онд чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн дураараа авирлагч луйварчид төрийн нэрийн өмнөөс ард түмний халаасыг хоослох болсон юм. Мөн Монголд өнөөдөр ямар ч хөгжлийн хөтөлбөр, стратегийн бодлого, ирээдүйн төлөвлөгөө алга. Бүх аж үйлдвэрээ, бүтээн босголтоо ардчилсан хувьсгал нэрийн дор устгачихсан учраас феодалын үеийн ХАА, уул уурхай гэсэн хүн төрөлхтний хоцрогдсон эдийн засгийн салбарыг хөгжлийн гарцаа гэж үзэж байна. Хүн төрөлхтөн өгссөөр, Монголчууд бидуруудсаар.)

1950–1953-оны үед болсон Солонгосын хойгийн дайн Японы эдийн засагт их тэсрэлтийг авчиржээ. АНУ энэ дайнд Японыг гол түшиц газраа болгон Японы боомт, аж үйлдвэр зэргийг ашиглан асар их хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япончууд аж үйлдвэрийн цогцолборуудаа дахин сэргээх болон илүү орчин үеийн болгож шинэчлэх ажлыг өрнүүлсэн юм.

Батлан хамгаалах салбарын хувьд Вашингтон Япон орныг хамгаалж, Япон улс цэрэг зэвсгийн зардлаа бүтээн байгуулалтанд, эдийн засгийн үсрэнгүй хөгжилдөө зарцуулсан. 1951 онд буюу дайнаас зургаахан жилийн дараа Японы ҮНБ дайны өмнөх түвшиндөө очиж, асар богинохон хугацааны дотор сэргэсэн юм. Аливаа хөгжил заавал урт хугацааных байх ёстой гэсэн бодлоосоо Монголын төр салах хэрэгтэй, Япон орон хөгжихдөө ердөө 6-7 жил зарцуулсан байхад Монголчууд бид ардчиллын нэрэн дор 22 жил явлаа даанч юу ч ахисангүй.

Японы хөгжлийн бас нэг нууц бол Япон хэл дээр нэгэнт дэлхийн мэдлэг боловсрол байхгүй тул Японы залуу үеийг барууны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг, диплом эзэмшүүлэхээр явуулж, тэдний эзэмшсэн барууны мэдлэг боловсролоор Япон орон жинхэнэ үсрэнгүй хөгжсөн юм.

Энэ нь Япончууд хүн амын олондоо биш, газар нутаг баялагтаадаа, томтойдоо биш, харин гагцхүү хүн амаа боловсруулж мэдлэгжүүлэх нь хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл гэдгийг ойлгосонд байгаа юм.

Өнөөгийн Япон орон Японы эдийн засгийн хөгжил 3 үед хуваагддаг:

Эхний үе шат үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх: чулуу, нүүрс, гангийн үйлдвэр, хөлөг онгоц, модон материал зэрэг хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх байсан. Энэ үед ирээдүйн техник, технологи хөгжих эхлэл тавигдаж бүтээгдэхүүний зах зээл хөгжсөн байдаг.

Хоёрдугаар үе шатанд буюу 1960-1970 онд үйлчилгээний салбар, автомашин, цахилгаан хэрэгсэл. Дэлхийн зах зээлд Японы корпорациуд хүч түрэн гарч ирж дэлхийн зах зээлд хамгийн хүчирхэг корпарацуудыг бий болгосон.

Гуравдугаар үе шат мэдлэгийн хөгжил дээр суурилдаг. Мэдлэгийн эдийн засаг, инновац, мэдээллийн технологи, технологийн хөгжил зэргийг хөгжүүлсэн. Япончууд ирээдүйг харсан хөгжилийн бодлогыг баримталж, ирээдүйд ямар мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг урьдчилан харж тэр чиглэлд боловсон хүчнээ бэлддэг нь дэлхийн хөгжлөөс ямагт түрүүлж явдгийнх нь илрэл юм.

Японы эдийн засаг нь хамтын зах зээлийн эдийн засаг дээр суурилж чадсан нь эдийн засгийн жинхэнэ үсрэнгүй хөгжлийг авчирсан. Хамтын зах зээлийн эдийн засаг нь нийт улс үндэстнийг нэг ч хүн орхилгүйгээр хангалуун амьдруулах бодлого юм.

Хамтын зах зээлийн эдийн засаг иргэн бүрт, өрх бүрт, компани бүхэнд үр ашгаа өгч чаддаг. Нэг ч уурхайгүй, ордгүй Япон орон яаж дэлхийн хэмжээний аж үйлдвэржсэн, технологижсон, мэдлэгжсэн орон болсныг Монголчууд бид хараад гайхах биш харин Япон орны туршлагаас суралцаж, хөгжих шаардлагатай байна.

Өнөөдөр Япон улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 3-т ДНБ $5.458 триллион доллар, эдийн засгийг бүрдүүлэгч салбарууд нь аж үйлдвэр 22.8%, ХАА 1.5%, үйлчилгээний салбар 75.7%, хүн ам 127,960,000 үүнээс 98.5% Япон, 0.5% Солонгос, 0.4% Хятад, 0.6% бусад үндэстнээс бүрддэг.

Гайхамшигтай хөгжсөн улсуудын тухай бичсэн эдгээр нийтлэлүүд бол аль нэг орныг хөгжлийг магтаж, өөрсдийгөө муулахыг зориогүй. Харин ч бид тэднээс юу сурах вэ гэдгийг зорилгоо болгон бичсэн болно. Бид, бидний монголчууд хүн төрөлхтний адагт сажилсаар байх юм гэж үү. Би үүнийг хүсэхгүй бас тэвчихгүй. Таныг надтай адил хүсэл мөрөөдөлтэй хэмээн найдаж байна. Бид ингэж амьдарч чадахгүй.

 

Судлаач: Д.Санчир


URL:

Сэтгэгдэл бичих