Нийслэлээс “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нүүлгэх ажил юу болов

Орон сууцны иргэд цэвэр ус худалдан авч хоол, ундаа залгуулж байна гэв үү? Хачирхалтай сонсогдох энэ үг даанч үнэн. Өмхий ханхалсан хорооллоосоо жийрхсэн оршин суугчид крантныхаа усыг хэрэглэж чадахгүйд хүрчээ. Хулхидуулсан ч гэх үү, хэнэггүйтсэн ч гэх үү хэцүүхэн байдалд орсон тэдгээр айл нь “Цэлмэг” хотхоныхон. Богдхан уулын энгэрт, цэвэр агаарт хэмээн баярлан байраа авахдаа тэд ойролцоох арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг тооцоолоогүйгээс хэдэн жил хушуугаа унжуулж хэл, хөл хүрэх газар бүртээ гомдоллож ирлээ. Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдэгчлэн “Заг” компанийхан оршин суугчдад зах зээлийн ханшаас харьцангуй бага, итгэмээргүй үнэ санал болгосон нь “Харгиа” цэвэрлэх байгууламжтай хаяа дэрлэн сүндэрлэх дээрх орон сууцны хороолол байв.

Тухайн үед тэнд 100 айлын хоёр барилга байсан бол өнөөдөр тэнд мянга гаран оршин суугч амьдарч байна. Хавар, зуны цагт цонхоо онгойлгох нь байтугай хаалттай байхад нь нэвт ханхалдаг өмхий үнэртээ тэд хэдийнээ дасчээ. Чухамдаа хүүхэд, хөгшдийн дунд элдэв өвчин (харшил, гэдэсний халдварт өвчин) гарах нь ихэссээр байгаад тэд сэтгэл зовнин сууна. Хуулиндаа бол цэвэрлэх байгууламжийн 500 метрээс дотогш аж ахуй нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуулийн заалтыг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтнууд зөрчөөд, газар олгон барилга барих зөвшөөрөл өгсөн нь хуулийг уландаа гишгэснээс гадна хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал болсон.

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Харгиа” цэвэрлэх байгууламжийн асуудал хурцаар тавигдаж хотын мээрийн шийдвэрээр тус компанийг нийслэлийн өмчит авч байсан. Энэ хугацаанд нэг тэрбум 700 гаран сая төгрөгийн засвар шинэчлэл хийсэн гэх авч үр дүн нь хаа байгааг хэлэх хүн үгүй. Уг газар 1972 онд арьс ширний таван том үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх зориулалтаар ашиглалтад орж, дараагаар нь хорь гаран үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх болсон нь ачааллаа дийлж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл бий. Улмаар байгууламжид эвдрэл гарч, бохир нь Хан-Уулчуудыг өмхий үнэрээр утсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл энд хариуцлага үүрэх “эзэн” үгүй. Хариуцлага тооцох эрхэм ч алга. Энэ асуудалд БОНХ-ийн сайд Д.Цогтбаатар ганц “чанга” дугарсан байдаг. Арьс ширний үйлдвэрлэгчдэд нэг сарын хугацаа өгч, Туул голд стандартын дагуу цэвэр ус нийлүүлэхэд шаардагдах тооцоо, судалгаа гаргахыг үүрэгдсэн байдаг. Түүний дараа боломжгүй гээд өнөөдрийнх шиг байдалтай сууж байвал хаахаас аргагүй. Хэрэв байгаль орчин хариуцсан сайдад нь хаах эрх байдаггүй юм бол хянаж шалгадаг албаныхантай нийлээд энэ байдалтай тэмцэнэ гэдгээ хатуу анхааруулмаар байна гэж мэдэгдсэн удаатай. Харин арьс ширний үйлдвэрүүд эхнээсээ үүдээ хааж эхэлсэн ч “Харгиа” цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр, асуудал хөвөрсөөр. Тиймээс Хан-Уул дүүргийн 1200 оршин суугч Засгийн газарт албан ёсны хүсэлт илгээхээр болжээ.

Мэдээг бэлтгэсэн : О.Хишигжаргал

URL:

Сэтгэгдэл бичих