“Үнэхээр сайн мэргэжил эзэмшсэн хүнд 3000 ам.долларын цалинтай ажил олдоно”

“Үнэхээр сайн мэргэжил эзэмшсэн хүнд 3000 ам.долларын цалинтай ажил олдоно”

Хилийн чанадад суралцагчид, төгсөгчид, мэргэжилтэн залууст зориулсан хөтөлбөрийн дагуу Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Монголын залуучуудын холбоо “Монгол-Германы гүүр” ТББ-тай хамтран “Хөдөлмөрийн яармаг-2013” ажлын байрны өдөрлөгийг өчигдрөөс эхлэн хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд “Start Yor Career” уриан дор зургаа дахь жилдээ зохиогдож байгаа юм. Эдгээр өдрүүдэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй залуусыг өөрийн эх орондоо ирж хөдөлмөр эрхлэхийг уриалж байгаа.

Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатартай ярилцлаа.

-Залуучуудын дийлэнх нь гадаадад сурч, амьдрах хүсэлтэй байдаг. Харин эргэж ирээд ажиллах нөхцлийг олгосон боломж нь “Хөдөлмөрийн яармаг” болж байх шиг байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Гадаадын их дээд сургуульд суралцаад эх орондоо ирж буй залууст өнөөдрийн зохион байгуулж буй үйл ажиллагаа чиглэж байгаа юм. Энд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо зэрэг байгууллагуудаас санаачлан залуусыг эх орондоо ирж, өндөр цалинтай ажил хийгээсэй, энэ боломжийг нээж өгье гэсэн үүднээс “Монгол-Германы гүүр ТББ”-тай хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагаа нь “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж буй энэ үйл ажиллагаа нь залуучуудад том боломж болох юм.

-Энд ажлын байрны санал тавьж буй маш олон байгууллага ирсэн байна. Нийтдээ хэчнээн ажил олгогч хамрагдсан бол?
-30 гаруй компанийн ажил олгогч 550 ажлын байр санал болгож байна. Ер нь ийм маягаар гадаадад сургууль төгссөн өндөр мэргэжил эзэмшсэн залуусыг эх оронд нь ажлын байраар хангах асуудал маш чухал байгаа. Залуучуудыг эх орондоо буцаад ирэхэд нь монголын нөхцлийг зөв танилцуулах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр суралцаад ирсэн мэргэжилтэн тухайн нөхцөлд өөрийгөө хэрхэн таниулж ажилд хурдан орох талаар зөвлөгөө өгөх юм. Энэ нь манай үзэсгэлэн яармагийн зорилгын нэг хэсэг. Өнөөдрийн хувьд яг үндэсний хөрөнгө оруулалттай 30-аад компани байна. Үүний цаана уул уурхайн томоохон компаниудын өндөр цалинтай ажлууд манай залуусыг хүлээж байгаа. Тиймээс гадаадад сургууль төгссөн өндөр мэргэжилтэй залуучууд энэ үзэсгэлэн яармагт идэвхтэй оролцож, өөрт хэрэгтэй ажлын байрыг олж аваасай гэж уриалмаар байна.

-Гадаадад сургууль төгсөөд ирсэн мэргэжилтнүүд монголынхоо нөхцлийг голох нь элбэг байдаг. Цалин хангамжийн хувьд ч үнэлэмж доогуур байна. Өнөөдөр энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?
-Миний бодлоор манайд гологдохуйц цалин хангамжтай хүмүүс бараг байхгүй болов уу. Үнэхээр сайн мэргэжил эзэмшээд ирсэн хүн 3000 ам.долларын цалинтай ажил хийж байгаа шүү дээ. Гагцхүү түүнийг л олж очоод орох, өөрийгөө зөв танилцуулах хэрэгтэй. Түүнээс биш гадаадад ажиллаж, амьдарч байгаад монголдоо ирээд жижиг дунд үйлдвэрт ажиллая гэвэл мэдээжийн хэрэг хангалтгүй байж магадгүй л дээ.

Сурсан мэдсэн зүйлээ зөв танилцуулж, өөрөө зөв ажлын байран дээр очих нь гол асуудал юм. Тиймээс гадаадад сургууль төгссөн залуучуудыг монголын хөрсөн дээр өөрийгөө зөв буулгаж, өөрийгөө танилцуулахад нь залуусыг сургах, мэдээллээр хангах зэрэг нь хамгийн оновчтой алхам гэж бодож өнөөдрийн үйл ажиллагааг хийж байгаа юм. Тэгэхгүй бол залуус маань гадаадад их дээд сургууль төгсөөд дээрээс нь магистр хамгаалсан гээд хүрээд ирдэг.

Гэтэл монголынх нь ажил олгогчид тэдний үнэ цэнийг ойлгохгүй, хүлээж авахгүй зэрэг хоёр талын үл ойлголцол бий болчихоод байдаг. Үүнээс болоод мэргэжил эзэмшсэн сайхан залуус буцаад яваад өгөх магадлалтай шүү дээ. Тэгэхээр тэднийг аль болох монголдоо үлдээж ажиллуулъя, тэдэнд зориулж өндөр цалинтай боломжийн ажлын байрыг бий болгоё, түрүүчээс нь танилцуулъя гээд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад сурч, ажиллаж амьдарч буй монголчуудаа эх орондоо ирэхийг уриалсан. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн арга хэмжээ нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өмнөх жилтэй харьцуулбал ямар дүн гарах бол?
-Бидний хувьд хоёр жилийн өмнө хамтран зохион байгуулж байсан. Тухайн үед гадаадад сураад төгсч ирсэн 54 залуу ажилтай болсон гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдрийн хувьд 505 ажлын байрыг гадаадад сургууль төгссөн төгсөгчдөд санал болгож байна. Гадаадаас ирсэн 200 залуусыг ч болтугай ажлын байртай болгочих юм сан гэж бодож байна.

-Засгийн газрын зүгээс энэ жил чамгүй ажлын байрыг бий болгоно гэж байсан. Энэ амлалтдаа хэр хүрсэн бэ. Ер нь ямар салбарт ажлын байр нэмэгдэв?
-Бид есдүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн газартай хэчнээн хүнийг ажлын байраар хангасан талаар уулзаж, дүгнэн ярилцсан. Саяхан Хөдөлмөрийн сайд болон Хөдөлмөрийн төв биржтэй уулзаж ажлаа дүгнэсэн. Ямартай ч Хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулаад өнөөдрийн байдлаар 37 мянган хүнд ажлын байрыг шинээр бий болгож чадсан байна. Ажилд орсон хүнийг нэртэй нь, он сартай, регистрийн дугаартай нь тэмдэглэгдсэн учраас бодитой, баталгаатай тоо юм. Зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжиж ажлын байранд орсон тоо. Нөгөө талаас манай хувийн хэвшлийнхэн ажил олгогч эздүүд гаднаас орж ирсэн 18 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан.

Ингээд үзэхээр 54 мянган хүний ажлын байр баталгаатай хангагдсан байгаа юм. Цаад талд нь Хөдөлмөрийн биржээр дамжихгүйгээр ажлын байрандаа орчихсон хүний тоо 16 мянга гаруй байна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр 70 мянга орчим хүнийг ажлын байраар хангасан байгаа юм. Ер нь жил бүр ажлын байрны 70-80 хувийг хувийн хэшлийнхэн бүрдүүлсэн байдаг. Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн биржид 30 гаруй хувь нь хандаж ажлын байртай болсон байна. Засгийн газар 2000 гаруй ажлын байрыг төрийн албанд бий болгодог. Үлдсэн ажлын байрыг үндсэндээ хувийн хэвшлийнхэн бий болгодог гэсэн дүн гарч байгаа.

-Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллана гэдэг хариуцлагын асуудал. Гэхдээ нөгөө талаасаа энэ хариуцлагыг бий болгоход аж ахуйн нэгжүүд үүрэгтэй ажиллах хэрэгтэй байх?
-Энэ асуудал дээр Хөдөлмөрийн яам гэхээс илүү манай аж ахуйн нэгжийн удирдлагууд илүү анхаарах ёстой. Эздүүд ажиллах хүчнээ тогтвортой ажлын байраар хангах, боломжийн хэмжээний цалин хөлс олгох, ажиллах нөхцлийг сайжруулах асуудал дээр анхаарах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд энэ тал дээр дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Ажилд авах нэрийдлээр хоёр удаа ажиллуулаад больчихдог, тэнцэхгүй байна гээд гаргачихдаг асуудал байна. Энэ бүхэнд одоохондоо тулж ажиллах бололцоо боломж бидэнд муу байна.

Шинээр бий болсон ажил олгогч, компани бүрт ийм үзэгдэл, зовлон байнга гарч ирж байгаа нь ажиглагддаг. Харин гурваас дээш ажиллачихсан аж ахуйн нэгжүүд бол харьцангуй тогтвортой ажиллах чадвартай болчихдог л доо.

Н.Мөнхгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих