Д.Зоригт+С.Баярцогтын эсрэг 15 гишүүн нэгдлээ

Д.Зоригт сайдыг золигт гаргах дараагийн төлөвлөгөөг С.Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий 15 гишүүн боловсруулжээ. Урьд нь С.Эрдэнэ, Ц.Батбаяр, Ц.Сэдваанчиг нарын гишүүд сайдыг огцруулах долоон үндэслэл гаргасан боловч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм. Энэ нь МАН парламентад олонхи гэдгээ баталгаажуулах бүрэн боломж олгосон. Мөн тэдэнд хамтарсан Засгийн газрыг дэмжигч АН-ын гишүүд ч дэмжлэг үзүүлсэн.

Төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн нэр бүхий гурван гишүүн хаврын чуулганы хуралдаанаар дахин сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэхээ амлаж байсан. Энэ   дагуу чуулганы завсарлагаанаар Д.Зоригтын эсрэг кноп дарах нэгнийг эгнээндээ элсүүлж, улмаар гарын үсгийг нь авч баталгаажуулжээ. Ийнхүү гурав бус 15 гишүүн нэгдэж, хүч хавсарчээ. Энэ удаад АН-ын гэхээсээ илүүтэй МАН-ын гишүүд хор найруулах төлөвлөгөөнд албан ёсоор нэгдсэн байна. Энэ нь Д.Зоригт сайд намынхнаасаа дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй болж буй юм.

Иймдээ ч хүч хавсарсан 15 эрхэм Д.Зоригт сайдыг суудлаас нь буулгаж чадна гэдэгтэй итгэл төгс байгаа гэнэ. Тэд маргааш УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд төлөвлөгөөгөө танилцуулна. Энэ удаад огцруулах үндэслэлээ нэлээд аривжуулсан гэнэ лээ. Мэдээж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон, урт нэртэй хуулийн хүрээнд компаниудын эрхийг цуцлах заалт оруулчихаад байхад эрх мэдлээрээ далайлган 192 лиценз олгосон, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлээгүй гэхчлэн олон асуудлыг тоочжээ.

Нөгөөтэйгүүр сайдыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг авч хэлэлцэхээр шийдвэрлээд буй. Хэрэв бүлэг түүний эсрэг санал нэгдвэл Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудал эзгүйрэх нь тодорхой болно. Гэхдээ энэ талаар АН-ын бүлэг дараагийн долоон хоногт хэлэлцэхээр хойш тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг С.Баяр, Сү.Батболд нарын хүн гэдэг. Тиймгүйсэн бол Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг жийж түүнийг нэр дэвшүүлэхгүй байсан биз.

Гэтэл тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр чинээс нь хонх уяад салахаа байв. Өнөөдөр Д.Зоригт сайдгүй асуудал гэж нэгээхэн ч үгүй болжээ. Байнгын хороодын хуралдаан дээр хүртэл салбарын асуудал хөндөгдөх бүрт Д.Зоригт сайдад хариуцлага тооцох, огцруул асуудал давхар яригдах болов. Гэхдээ энэ удаад ганц Д.Зоригтыг бус С.Баярцогт сайдын суудал ч ганхах нь тодорхой боллоо. Оюутолгойн гэрээг хамтдаа үзэглэсэн энэ нөхрийг огцруулах саналыг МАН-ын гишүүд санал оруулж буй гэнэ.

Ингэснээр эвслийн Засгийн газар хад мөргөж мэдэхээр болов. Энэ парламентын хугацаа дуусахад жил үлдээд байна. МАН, АН хоёр дотроо эвслийн Засгийн газар салах нь зүйтэй, одоо олонх нь Засгаа барьж, цөөнх нь хяналтаа тогтоох цаг болсон талаар санал оруулж, хэрүүл маргаандаа хүрээд буй. Гэтэл үүнтэй зэрэгцэн хоёр сайдыг огцруулах асуудал сөхөгдлөө. Ямартай ч ирэх долоон хоногт улс төрийн амьдрал ширүүхэн өрнөх бололтой.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих