Багш хөгжлийн ордныхон баргар өвөлжих үү
Жил гаруйхны өмнө содон хийцтэй шилэн барилга ашиглалтад орж, багшийг хөгжүүлэх томоохон төв үүдээ нээсэн билээ.
Энэ бол нийслэлийн төв хэсэгт байрлах Багш хөгжлийн ордон. Ирээдүйн хөгжлийн эздийг бэлтгэх сурган хүмүүжүүлэгчдийг хөгжүүлэх учиртай энэ ордон ердөө ашиглалтын эхний хугацаанд актад гарахдаа тулаад байна.
Учрыг “ухвал” барилгын чанар стандарт шаардлага хангахаа больж, ажиллагсдын уур бухимдал, гайхшралыг төрүүлэх болж. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нд улаан тууз хайчлан үүд хаалгаа нээсэн ордон тэр даруйдаа үнэн төрхөө таниулсан байна. Давхар давхарын тогны монтаж буруу холбогдсоноос болж нэг давхарт унтраалга дарвал өөр нэг давхарт гэрэл унтрах жишээтэй.
Цоож цуурга нь салж, эвдрэх зэргээр сантехникийн бүхий л зүйлс нь хэврэг болохыг ажиллагсад нь хэлж байна. Анх иймэрхүү жижиг гэмтэл гардаг байснаа хүйтний улирал эхлэнгүүт дулаанаа алддаг болжээ. Ойр орчмын барилга байгууламжийн шугам сүлжээ хагарвал ордны зоорийн давхарт ус нэвчдэг гэнэ. Энэ байгууллагад боловсролын салбарын найман байгууллагын 500 орчим хүн ажилладаг.
Түүнээс гадна хэдэн зуун хүн өдөр бүр орж гарч үйлчлүүлнэ. Өнгөрсөн өвөл ажилтнууд хөлдөх шахам өвөлжсөнийг ордны захиргаа, аж ахуйн хэлтсийнхэн хэллээ. Арга барсан тэд яамны Барилга захиалагчийн албанд хандсан ч хууль ёсоор шинэ барилгыг гурван жилийн хугацаанд барьсан компани хариуцах учиртайг дуулгаж.
Ингээд барилгын компанид үнэн байдлаа танилцуулж засвар үйлчилгээ хийж өгөхийг хүсэхэд одоог хүртэл засварлаж өгөхгүй байгаа аж. Багш хөгжлийн ордны барилгыг Солонгосын хөрөнгө оруулалттай “Сангво гөнсөл” компани гүйцэтгэсэн юм. Зургаан тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэсэн компанийн барилга ядаж хариуцах хугацаа нь дууссаны дараа биш, бүр ашиглалтад орсон даруйдаа чанаргүй болохоо харуулсан нь олон хүний гайхшралыг төрүүлж байна.
Чанаргүй барилгыг улсын комисс хүлээж аваагүй биз гэвэл үгүй. Яамны барилга захиалагчийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох бүхий л хүмүүс нь гарын үсгээ зурж хүлээж авсан акт нь байна. Хамгийн гол нь тэд энэ жил хүйт даасан том барилгад ажилласаар дахин нэг өвлийг давах нь.
Жил гаруйхан хугацаанд ашиглах боломжгүй болчихдог барилгыг мэргэжлийн хүмүүс яагаад хүлээж авав. Барилга гүйцэтгэгчийн тендерт ялсан “Сангво гөнсөл” компанийнхан юунд ингэж том толгойлов. Сураг сонсоход тендер задлах үед Монгол, Солонгос хоёр компани 100 сая төгрөгийн зөрүүтэйгээр үнийн саналаа ирүүлж байж.
Хууль ёсоор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой ч тухайн үеийн шалгалтын комисс Солонгос компанид тал өгөн гүрийсээр шалгаруулсан гэх. Тэгтлээ ач холбогдол өгсөн компани ийнхүү сураг алдарч, татвар төлөгчдийн зургаан тэрбум төгрөг салхинд хийсч болзошгүй ийм нэгэн хэрэг мандаад байна.
Б.Заяа
URL: