Шахааны бизнес
Сурагчдыг дүрэмт хувцасаар жигдрүүлнэ гэж жил бүр хөрөнгө мөнгө төсөвлөж, чанар стандарт, загвар дизайн ярьдаг.
Мөн сургууль бүр аль таалагдсан хувцсаараа хүүхдүүдээ “гоёж”, энэ нь эцэг, эхчүүдэд таалагдсан таалагдаагүй “Заавал авах ёстой” гэсэн шаардлагыг тавьдаг байсан. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн сургууль бүрийг нэг өнгийн, нэг ижил хэв загвартай дүрэмт хувцсаар ижилсүүлж, сурагчдад дотооддоо үйлдвэрлэсэн чанартай даавуун хувцас бэлтгэн нийлүүлэхээр болсон. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэв үү, үгүй юу Засгийн газраас санаачилсан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Боловсрол шинжлэх ухааны яамнаас хамтран зохион байгуулсан энэ ажил эцэг, эхчүүдэд таалагдсангүй.
Үнэ болоод чанарын асуудал нь тэдний дургүйцлийг хүргэж, олон хүүхэдтэй айлд сурагчийн дүрэмт хувцас нь шахааны бизнес болон хувирч байна. Хоёрдугаарт, сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд дотоодын 100 гаруй үйлдвэр цаг, наргүй ажиллаж байна. Хамгийн гол нь чанартай хувцас үйлдвэрлэхыг гол зорилгоо болгож байгаа учраас цаг хугацааг нь жаахан сунгаж өгсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь Засгийн газраас гаргасан 23 тэрбум төгрөгийг хуваагаад идчихсэн гэх долоон компанийн ажлаа амжихгүй байгаа учир шалтгааныг хаацайлах гэсэн хэрэг байв. Гар дээр, худалдаанд гараад ирчихсэн дүрэмт хувцсыг нь харвал материал болоод чанарын хувьд тааруухан, яаруу сандруухан оёсон харагдав.
УЛСААС ГАРГАСАН 23 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УРД ХӨРШИД ЭРГЭЛДҮҮЛЧИХЭЭД ИРСЭН ЮМ БИШ БИЗ
Бэлэн бүтээгдэхүүнийг нь барьж үзээд, материал болоод чанарын хувьд харьцуулалт хийсэн олон хүн байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэ удаагийн сурагчийн дүрэмт хувцсыг 40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартын даавуугаар хийсэн гэх. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ даавууг нь өөрсдийнхөө зах зээл дээр зарж, борлуулж байгаа даавуутай харьцуулж үзэхэд хэтэрхий нимгэн, полистр агууламж нь их байсан гэж ярих хүн байна.
Мөн манай зах зээл дээр зарагдаж байгаа даавуунаас чанарын хувьд давж гараад байх зүйлгүй. Харин ч муу байж мэднэ гэж энэ бүхнийг нүдээр үзэж, гараар барьж, шатааж, бараг хазах шахсан оёдолчин хүн хэлж байна. Тиймээс хянаж, шалгадаг газар болоод холбогдох албаны хүмүүс нь хил гаалиар оруулж ирсэн бичиг баримтыг нь шалгаад үзчихэд гэмгүй л болов уу.
Үнэндээ улсаас гаргасан 23 тэрбум төгрөгийг даавуу авах нэрийдлээр урд хөршид эргэлдүүлчихээд ирсэн юм биш биз. Учир нь, орон нутгийн компаниудад эрх мэдлийг нь өгөлгүй, төлөвлөсөн ажил, төсөвлөсөн мөнгөө өөрсдөө эндээ хуваагаад идчихсэн болохоор ингэж хардах хүн цөөнгүй байна.
Угтаа бол БШУЯ дүрэмт хувцасны борлуулалтыг хариуцаж, ҮХААЯ тоног төхөөрөмж нийлүүлэх, нэр цохсон долоон компаниар энэ ажлыг заавал хийлгэх гэж зүтгээд байгаа нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олон янзын хардлагыг төрүүлээд байгаа юм.
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БУС ДОЛООН КОМПАНИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН АЖИЛ
Улсын хэмжээнд 540 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр бүхэл бүтэн улс орны боловсролын салбарт хийж буй энэ өөрчлөлтыг үнэхээр “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Төмөр Трейд”, “Бүтээлч Үйлс” зэрэг хүн хүч муутай энэ долоон компани гүйцэтгэсэн бол яаж хугацаандаа гарах вэ. Мөн нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг шиг эрхийг нь авсан долоон компани хийх ажлаа хугацаандаа амжихгүй нь гээд хот, хөдөөгийн олон жижиг аж ахуй нэгж, хувь хүмүүсээр сурагчийн дүрэмт хувцасыг оёулсан нь үнэн бол чанарын тухай яриад ч хэрэггүй биз. Үнэндээ гэртээ ажилгүй сууж байдаг оёдолчин хүүхэд баахан бараан өнгийн даавуу овоолчихсон, хоол нэхээд уйлж байгаа хүүхдээ ч анзаарахгүй сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж суусан гэх. Мөн Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн оёдолчид нэг өмдийг, өмдний шуумаг хасахаас ч дор зардлаар буюу 1500-2000 төгрөгөөр хийхээр гэрээлж авсан гэж ярьж байсан гэх.
Энэ бүгдээс үзэхэд энэ ажил дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бус долоон компанийн бизнесийг дэмжсэн, бусдын хөдөлмөрийг мөлжсөн, кластрын систем нэрийн дор бага мөнгөөр ихийг хийлгэх гэсэн утгагүй ажил болсон нь илт. Өмнөх жилүүдэд бид сурагчийн дүрэмт хувцсыг 25-40 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан. Харин энэ жил 41000-108 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн үнээр авах нь. Тоолоод өгдөг хэд нь байхгүй ч оёод өмсгөх чадалтай оёдолчин ээжтэй хүүхэд манайд бас цөөнгүй бий. Харамсалтай нь, тэд бас худалдаж авахаас өөр сонголт алга.
Мөн 2-3 хүүхэд нь сургууль, цэцэрлэгт явдаг ч санхүүгийн боломжтой айл гэсэн хувилбараар энэ шахаанд өр шир тавиад өртөх нь тодорхой болов. Эцэст нь хэлэхэд, энэ бол боловсролын салбарын бас нэгэн буруу тогтолцоо юм.
Үйлдвэрлэх, борлуулах ажил нь зах зээлийнхээ жамаар явагдах ёстой байтал ҮХААЯ, БШУЯ энэ ажилд хэтэрхий их оролцож байгаа нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид битгий хэл эцэг, эхчүүд бидний эгдүүцлийг хүргэж байна. Үнэндээ энэ бол үнэ, чанар хоёр нь зөрчилдсөн шахааны бизнес…
Э.Бэрцэцэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: