ЗОХИОМЖ БА НАЙРЛАГА (Эрчүүдэд зориулсан шүлэг.)
Эмэгтэй хүн эвдэрэхэд их амархан. Цав суух нь ч дороо..,
Эмэгтэй хүний арьсыг эр хүнд гэрэлтэн харагдаг гэж сарны шаазан шороог илүү ихээр хольж зуурч бүтээсэн юм.
Хашгирахад цуурч мэдэх нүүр, хайлган цагаан хуруу гар, хайрлахад гэрэлтдэг хоёр хөх.
Эмэгтэй хүний нүд тэнгистэй төстэй. Нулимсны хүүдий, тосгуур нь далайн өтгөн бэхэнд бийрээ дүрж зурснаас тэнд нууцлаг далай тогтчихсон юм. Их зовлон үзэх учраас энэ нь дээр уйлж тайтгараг гээд ус нэрэх уутыг нь зориуд гүнзгий татчихсан юм гэнэ лээ.
Эмэгтэй хүн үүлний хэлбэр шиг сэтгэлтэй. Вааранд хийвэл ваар болно. Зүүнд сүвлэвэл зүүний нүхээр бүхлээрээ шургаад л гараад ирнэ. Шороонд шингээвэл өвс цэцгийн хэлбэр олно. Үргэлжид л хөдлөнө. Өнө мөнхөөс үүдэл үндэс болохоор тэр. Өөр юу ч болж мэднэ.
Эмэгтэй хүн эвдэрэхэд амархан, илбэхэд ургамтгай, барих гэхэд баригдашгүй. Тааж барахгүй.
Эмэгтэй хүний үс урт. Тэргүүлшгүй урт цагаас эхлэлтэй болохоор энэ нь уй гунигийн тоосны барилдлага юм. Ухаан нь бага гэнэ ээ. Энэ үйлийн үрийг ихийг мартаж санахын тулд нойрсуулан нэгэн бодисыг үл мэдэг цацчихсан юм.
Эмэгтэй хүнийг үнсэхэд л уярах, илэхэд л эдгэрч эхлэх эс цустай.
Эгэлгүй энэ эс цусыг нарны найрлагаар зохиосон юм. Илүү нэг эрхтэн алтан сав хэвлийг бүтээхдээ ид шидийн увьдас үржих, төлжих чанар өгсөн юм. Эмэгтэй хүн бэлхүүсийг мөн цаглашгүйн гэрлээр давхар нэг ороосон юм.
Цаглашгүйн энэ алтан цагираг цаанаа төгс хайрын гэрэл юм.
Эмэгтэй хүний бэлхүүсний гэрэлт цагираг цагаас цагт алтран тэлж цаагуураа дэлхийн бүслүүрийг нэмдэг юм.
Эм хүний биеэнд эр бие бүтдэг. Эх хүний ийм их гайхамшигаас эр хүн чамайг төрөг гэж эхлээд энэ ертөнцөд эмэгтэй хүнийг бүтээсэн юм.
b.batregzedmaa
URL: