Б.Баатар: Байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн

​ Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэх тус ангийн дэслэгч Б.Баатарыг өөрт нь дарамталж зүү залгиулсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнд Цэргийн төв эмнэлгийн эмч нар хагалгаа хийж гэдсэнд байсан нэг зүүг нь авсан. Дарамталж зүү зал­гиулсан гэх дэслэгч Б.Баатараас болсон явдалын талаар тодрууллаа.

 

-Танай цэргийн ангийн байлдагч П.Хэнмэдэх дөрвөн зүү зал­гисан шалтгаанаа “Б.Баатар дэс­лэгч дарамталж зүү зал­гиулсан” гэж тайлбарласан. Тэр үед юу болсон юм бэ?

-Би тийм ухамсар дорой боловсрол муутай хүн биш. Тийм зүйл хийгээгүй. Байлдагч П.Хэнмэдэх найм-дугаар сарын 8-ны өдөр ”Зүү залгичихлаа” гэж өөрөө надад хэлсэн. “Цамцныхаа захны даавууг оёж байгаад санамсаргүйгээр зүү залгисан. Хэлэн дээрээ зүү тавьчихсан чинь цаашаа орчихлоо” гэх мэтчилэн үл мэдэгдэх зүйл яриад байсан. Дараа нь “Зүү залгиагүй” гэж төөрөгдүүлсэн. Ин­гэж худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйл ярьж эмнэлэгт үзүүлэлгүй цаг алдсан.

-П.Хэнмэдэх болон түүний аав нь “Б.Баатар дэслэгч дарамталж зүү залгиулсан” гэж л мэдэгдээд байгаа. Тэгэхээр худлаа болж таарч байна уу?

-Энэ асуудлыг хуулийн байгуул­лага шалгаж байгаа. Удахгүй дүг­нэлт нь гарна. Тэгэхээр тодорхой болох байх. Намайг гүтгэж байна.

-Энэ асуудалтай холбоотойгоор таниас байцаалт авсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Болсон явдалтай холбоотой­гоор Увс аймгийн цагдаагийн байгуул­лага надаас байцаалт авсан. Аймгийн төвд долоо хоног байрлаж тайлбар өгсөн. Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин “Зүү залгиулсан” гэж миний нэр хүндэд халдсан учраас би хуулийн байгууллагад П.Хэнмэдэхийн эсрэг гомдол гаргасан байгаа.

-П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?

-Түүнд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл “Ху­гацаат цэрэг өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн” гэсэн үндэслэлээр сэ-жигтнээр тат­сан. Удахгүй эл хэргийн дүгнэлт нь гарах байх.

ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн 0311 дүгээр ангийн дэслэгч Б.Баатар төгсгөлд нь “Намайг байлдагчид зүү залгиулсан мэтээр хэвлэлээр ташаа мэдээлэл гарч нэр хүндэд халдаж байгаа. Хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагаас үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсэж байна” гэсэн юм.

Харин байлдагч П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очир Улсын ерөнхий прокурорт хандан дэслэгч Б.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гар­гасныг Увс аймгийн прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Увс аймгийн прокуророос түүнийг хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа ажээ.

 

Т.Амартүвшин

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих