МЭДЭГДЭЛ

2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр АН, МАХН, МҮАН-ын эвслийн хамтран байгуулсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд нэг жил боллоо. Энэ хугацаанд эдийн засаг уруудаж, хөрөнгө оруулалт 42 хувиар буурлаа. Монгол Улсын гадаад өр түүхэнд байгаагүй 15 тэрбум долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг жилийн хэмжээнээс хэтрэв. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш 1700 төгрөгөөс давлаа. Улсын гадаад валютын нөөц хоёр дахин буурч, шаардлагатай үед улс орон бие даан амьдрах чадвар мөн хоёр дахин багаслаа. Энэ жилийн төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчигдөх, бүтээн байгуулалт удаашрах, иргэдийн амьжиргааны түвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байна.

 

УИХ дахь МАН-ын бүлэг ийм нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, Засгийн газрын зөв зүйтэйг дэмжих, алдааг эртхэн залруулах талаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн билээ. Харамсалтай нь бидний мэдэгдэл, шаардлагыг эрх баригчид агуулга санааг нь гэхээсээ илүү зөвхөн эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж, хууль тогтоомж, парламентын зөвшилцөл, олон санаа уралдуулан аль зохистойг нь сонгож, эвийг хичээж хүчээ нэгтгэн ажиллах боломжийг үгүйсгэж ирсэн нь нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн гол хүчин зүйл гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

 

АН, эрх баригч олонхи эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гаргах арга боломж эрэлхийлэхийн оронд алдаа дутагдлаа хөндлөнгөөс эрэх, олон нийтийг төөрөлдүүлэх замыг сонгож байгаа нь тэд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, хариуцлага хүлээх чадваргүйн илрэл болсоор байна.

 

Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

1. Улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан алдаандаа АН дүгнэлт хийж, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл, үйлдлээрээ санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг эрсдэлд оруулж байгаа холбогдох яамдын сайд нарт хариуцлага тооцох;

 

2. УИХ-аас ажлын хэсэг гаргаж Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийх;

3. Нэг жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, улс орныг эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас гаргах арга замыг эрэлхийлж, хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг эрх баригч олонхиос ;

 

4. Засгийн газарт хэт хөтлөгдөж, алдаа дутагдлыг нь өөгшүүлж буй үйлдлээ зогсоож, парламентыг сонгодог зөвшилцлийн байгууллага утгаар нь ажиллуулахыг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна.

 

Сөрөг хүчний удаа дараагийн санал санаачилга, шаардлага, мэдэгдлийг үл тоомсорлон, ардчиллын үнэт зүйлс, эдийн засгийн ардчиллын утга учрыг алдагдуулан эдийн засгийг доройтуулж, өр зээл, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн, ард түмний амьдралыг доройтуулсан бодлого, үйлдлийн хариуцлагыг АН, өнөөгийн эрх баригчид хүлээнэ гэдгийг ард түмэндээ мэдэгдэж байна.

 

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих