Ерөнхий сайдын айлчлалд багтсан хүмүүс юу гэж ярив

Ерөнхий сайдын айлчлалд багтсан хүмүүс юу гэж ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад албан ёсны айлчлал хийсэн.

Түүнийг албаны олон хүн дагалдан явсан бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас Ерөнхий сайдын айлчлалын үр дүн, Токио хотын хөгжил болон бусад зүйлийн талаар тэдний байр суурийг нь сонссон юм.


Уул уурхайн сайд Д.Ганхуяг: ЯПОНЧУУДЫН ГОЛ СОНИРХОЖ БАЙГАА ЗҮЙЛД ТАВАНТОЛГОЙ ЗҮЙ ЁСООР БАГТАЖ БАЙГАА

-Японы хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсыг маш их сонирхож байх шиг. Ялангуяа ашигт малтмалын салбарт нэлээд анхаарлаа хандуулж байна. Ер нь уулзалт хэлэлцээрийн үеэр Японы томоохон хөрөнгө оруулагчид ямар салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байна вэ?
-Би төр, олон түмнийхээ буянд олон төрийн айлчлалд оролцож байсан. Өнгөрөгч жилүүдэд, тодруулбал зургаан жил Япон, Монголын парламентын даргын ажлыг хийсэн. Энэ хугацаанд бие биенийгээ нөхсөн хамтын ажиллагаа гэхээсээ илүү зээл тусламж их байлаа. Япон улс нь Монгол Улсын нийгмийн дэд бүтэц рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд 20 гаруй жил донор орон нь байсан. Харин энэ удаагийн айлчлалаас эхлээд харилцан ашигтай бие биенийгээ нөхсөн хамтын ажиллагаа эхэлж, Японы үндэстэн дамжсан том корпорациуд идэвхтэй ажиллах хандлага ажиглагдаж байна.

Япон улсын тухайд олборлох салбар гэхээсээ илүү боловсруулах салбарт, тухайлбал эрдэс баялгаа сайн технологиор хийж хүний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн хийдэг онцлогтой орон. Тийм учраас Япон улстай боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Тэдний гол сонирхож байгаа зүйлд Тавантолгой зүй ёсоор багтаж байгаа. Бид ч Японы талд бүх орны хөрөнгө оруулагчдад тавьдаг нөхцлүүдээ илэрхийлсэн.

Тодруулбал “Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хий. Үүнийгээ бэлэн мөнгөөр авч болно. Аль эсвэл нүүрсээр авч болно. Мөн дэлхийн зах зээлд IPO хийх үед судалж авч болно” гэх мэт нөхцлүүдийг тавьж байгаа. Япон улс нь гангийн үйлдвэрлэлийн технологиороо дэлхийд нэгдүгээрт ордог. Ийм учраас зөвхөн Монголын зах зээлд зориулсан биш, өөр орны зах зээлд зориулсан гангийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой.

Мөн зэс хайлуулах, хагас боловсруулах бүтээгдэхүүн буюу коксжсон бүтээгдэхүүний салбарт хамтрах боломжтой байгаа. Манай улс Япон улстай гурав, дөрвөн жилийн өмнөөс ярьж ирсэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж байдаг. Ер нь Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн орон Монголоос өөр байхгүй. Хэлэлцээр хийснээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тусгайлсан харилцаа үүсэх юм.

Мөн Японоор дамжин АНУ, Европ улсууд руу манай улсын боловсруулсан бүтээгдэхүүн гарах боломж нээгдэнэ. Энэ чиглэлээр ирэх онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна. Ерөнхийдөө аливаа том ажлыг санхүүжилт маш чухал байдаг. Энэ ч утгаараа Японд төдийгүй дэлхийд нэгт ордог том хөрөнгө оруулагч компани Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа нь  маш чухал.

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаар хуулийн төсөл боловсруулж, батлах гэж байгаа. Японы зүгээс хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой гомдол гаргадаг байсан уу?

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт зохицуулах тухай хуульд гардаг байсан. Тодруулбал ХААН банк, “Мобиком” хоёр дээр асуудал гарч байсан. Тухайн үед хууль буцаж өөрчлөхгүй гэдэг тайлбарыг улстөрчид өгч байсан. Уг хуульд төрийн хөрөнгө оруулалттай бол зохицуулалттай байя гэж байгаад хувийн хэвшил рүү орсон нь жаахан алдаа болсон. Гэхдээ үүнийг өөрчилж, тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаараад тогтвортой байх, эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төслийг удаан бэлдсэн. Сайн ч хууль болсон болов уу гэж бодож байгаа. УИХ-ын чуулганаар таван хуулийн төсөл батална. Үүнээс гурав нь уул уурхайн салбарт зориулсан хууль байгаа. Энэ хуулиуд батлагдсанаар Монголын бизнес, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвар, эрх зүйн орчин бүрэн хангагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: ТОКИОГООС СУРАЛЦАХ ЗҮЙЛ УЛААНБААТАРТ ИХ БАЙНА

-Японы нийслэл Токио хот дэлхийн жишиг хотуудын нэг. Тиймээс Токио хотоос Улаанбаатар хотын бүтээн байгуулалтуудын ажлуудад, хотын цаашдын хөгжилд үлгэр дуурайлал болгохоор олон зүйл байгаа байх. Та хотын захирагчийн хувьд юуг түлхүү харав?
-Токио хот нь иргэдээ стрессгүй, цэвэр амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгсөнөөрөө маш гайхалтай. Уг хотыг ямар ч улсын хоттой харьцуулшгүй. Тэгэхээр бидний сурах гол зүйл энэ байгаа юм. Хотын захиргаа, төрийн байгууллагуудын хийх гол зүйл нь иргэдээ стрессгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх ёстой.  Та нар ч харсан байх. Токио хот 12 сая хүн амтай асар том хот хэрнээ стресстсэн хүн бараг байхгүй. Тус хотод ирсэн гадныхны стресс ч шууд тайлагддаг гэж байгаа. Тэгэхээр бидний мөрөөдөл бол ерөөсөө л Токио хот юм. Тийм учраас Японы Засгийн газар бидний хүсэлтийг хүлээж аваад бүх төвшинд хамтарч ажиллана гэдэг бол бидний хүсэж байсан зүйл яахын аргагүй мөн.

-Иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхээр хүмүүс дагаад хотын соёлд суралцдаг жишээг бид өнгөрсөн зун харсан. Ногоон байгууламжийг хайс, хашаагаар хаах биш, харин ч ил задгай болгосон?
-Тийм ээ. Токио хот одоо байгаа шигээ ийм хот байгаагүй. Өнгөрсөн 1960, 1970-аад оны үед Улаанбаатар хот шиг л байсан. Магадгүй тэрнээс дор ч байсан байж мэднэ. Тухайн үед Монголд гэр гэж тухтай орон сууц байсан. Харин Токио хотын иргэдэд тийм тохилог орон сууц байгаагүй. Японы энэ цэвэрхэн байгаа, хүмүүсийнх нь ухамсартай байгаа байдал “Орчин хүнээ өөрчилдөг юм шүү” гэдэг бодлогыг барьж ажилласанд байгаа юм. Жишээ нь та нар Токио хотын зам талбайг харж байгаа байх. Шороотой нэг ширхэг ч талбай байхгүй байгаа биз дээ. Ногоон байгууламж, хатуу хучилттай зам хоёр л байна. Ерөнхийдөө бидний хэрэгжүүлэх “Гудамж” төсөл Токио хотод байгаа юм. Том хот хэрнээ замын түгжрэл байхгүй, та нар анзаарсан бол хувийн машин унаад явж байгаа хүн бараг байхгүй байгаа биз дээ. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын ихэнх нь такси, нийтийн тээврийн хэрэгсэл л байсан. Тэгэхээр энэ бүгдээс бид суралцаж хийх ёстой.

Эдийн засгийн, хөгжлийн сайд Н.Батбаяр: ЯПОН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ БҮХ САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Японы эдийн засгийн харилцаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн өнгөрсөн гуравдугаар сард Монголд хийсэн айлчлалын дараагаас шинэ төвшинд очсон гэж хэлж болно. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн айлчлал хоёр орны харилцааг бүх салбарт өргөжүүллээ.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь 2013-2017 онд хэрэгжих юм. Энэ хугацаанд хоёр тал эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн салбарт ямар бодлогыг хэрэгжүүлж, харилцан ашигтай ажиллах вэ гэдгээ тохирсон нь айлчлалын гол үр дүн байлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: МОНГОЛЫН ЗАЛУУСЫГ ЯПОН УЛСАД СУРАЛЦУУЛАХАД АНХААРНА

-Монгол, Япон хоёр улс ямар харилцааг илүүд үзэж, юуг хэрэгжүүлж ажиллахаар хэлэлцсэн бэ?
-Монгол, Японы парламентын харилцаа харилцаа жил ирэх тусам өргөжиж байгаад эргэлзэхгүй байгаа. Хоёр тал нэн түрүүнд Япон, Монголын ард түмний хоорондох  харилцааг өөрсдийн уламжлал соёлыг хүндэтгэх хэлбэр рүү шилжүүлж, илүү их ойртох ажлыг хийх ёстой юм байна гэдгийг Япон улсын парламентын дарга нартай санал нэгдсэн.

Дараагийн асуудал бол эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа гэхээр зээл, тусламж, мөнгө ярихгүй. Хам-гийн гол эдийн засгийн хамтын ажиллагаанд Монголын залуусыг сурч боловсрох, тэр дундаа Монгол Улсын байгалийн баялгийг дэвшилтэт технологиор яаж, хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг асуудал дээр онцгой анхаарч боловсон хүчнийг түлхүү бэлтгэхээр санал нэгдсэн.

Ерөнхийдөө Монголын тойрсон хоёр тэрбум хүнтэй зах зээл байна. Энэ зах зээлд харилцан ашигтай нэвтрэх чиглэл рүү явъя гэдэг дээр мөн санал нэгдэж байгаа. Гуравдугаарт 2020 оны Токиогийн  олимпт монголчууд визийн хүндрэлгүй нэвтрэх асуудлыг парламент хооронд ярилцъя гэдэг саналыг тавьсан. Үүнийг ч буруу гэж бодохгүй байгаа. Монголын 2020 оныг өнөөдрөөр төсөөлөхгүй байгаа. Тэр үед монголчууд илүү ухаалаг, илүү хөдөлмөрч, үнэ цэнтэй болсон байх болно.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих