Алтны наймаачдад бууж өгсөөр байх уу?

11464_396Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг өргөн барьсан билээ. Манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 68 хувийн татварын нөлөөгөөр энэ тоо зургаан тн болж дөрөв дахин буурсан байдаг. 2000 оноос хойш алтны үнэ зогсолтгүй өсч байгаа ч Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан хэвээр байгаа. Тэгвэл энэ хууль гарснаар хэрхэн өөрчлөгдөх нь асуулт болон үлдэж байна. Уул уурхайн сайдын үзэж буйгаар энэ хууль гарснаар алтны борлуулалт ил тод болж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэх аж. Харин Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн ярьж буйгаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь лицензтэй байсан газруудыг үргэлжлүүлэн олборлолт хийх нөхцөл бололцоогоор хангавал шар металлын тушаалт нэмэгдэх юм. Түүнчлэн тэд роялти буюу нөөц ашигласны болон нэмэн өсөх нийлсэн 10 хувийн татварын хувь хэмжээг боломжит доод төвшинд нь хүртэл багасгахыг хүсч буйгаа өмнө нь илэрхийлсэн юм.

Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэг хувьтай байхаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох аж. Мөн бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгчээ.

Гэвч нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж энэхүү хуулийн эсрэг байр суурьтай байгаа юм. Тэрээр ” Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль үр дүн муутай юм шиг санагдаж байна. Татвараас чөлөөллөө гээд алт тушаалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна. 68 хувийн татвараас чөлөөллөө гээд ч тушаалт нь өсөөгүй шүү дээ. Үүнээс өөр арга хайх хэрэгтэй” гэж тэрээр ярьж байна.

Н.Ингүүн ШУУРГА


URL:

Сэтгэгдэл бичих