З.Энхболд: Бид өөрсдөө нүүрсээ олборлож чадна
“Хишиг арвин индэстрал” ХХК нь Баруун цанхад олборлолт хийж байгаа үндэсний гурван компанийг нэгтгэсэн консерциумын толгой компаниар ажиллаж байгаа аж. Тус компанийн ерөнхий менежер М.Хишигт ярихдаа, 400 гаруй ажилчид өдөр, шөнийн хоёр ээлжээр ажиллаж, өнгөрсөн 8 дугаар сарын тухайд 400 мянган тонн нүүрс олборлосон гэсэн бол уурхайн ерөнхий инженер Р.Нацагдорж үндэсний консерциум уурхайн олборлолтыг гэрээгээр гүйцэтгэснээр компаниуддаа ч ашигтай, “Эрдэнэс-Тавантолгой”-д ч ашигтай ажиллаж чадаж байна гэж байв.
Олборлосон баялгийг орон нутгийн хөгжилд зарцуулснаар эдийн засгийн өгөөжийг иргэд хүртэнэ
Өмнөговь аймгийн Цогтцэций дэх “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагаатай УИХ-ын дарга З.Энхболд танилцах үеэрээ тус уурхайд түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн систем, цахилгаан станц зэргийг “Энержи ресурс” компани дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан барьж байгуулан ашиглаж байгаатай танилцсан юм.
“Энержи ресурс” компани уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг бөгөөд усыг 100 хувь эргүүлж ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт систем бий болгосноор уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж байгаа аж. Цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан ус хангамжийн энэ систем нь усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем гээд технологийн онцлог шийдэл бүхий хэсгүүдээс бүрддэг байна. Усан сан нь 5 метр гүн, 56 мянган шоометр ус нөөцлөх багтаамжтай. “Ухаа худаг” уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр нь Монголд анхдагч бөгөөд хэрэглэсэн усныхаа 96 хувийг эргүүлж ашигладаг технологиор ажилладаг аж. Цахилгаан станцын тухайд говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж байгаа бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэх боломжтой юм. Цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажилладаг байна.
Хувийн компаниас сурах юм төрийнхөнд их бий
УИХ-ын дарга Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалантай уулзах үеэрээ тус сумаас олборлож байгаа баялгийг орон нутгийн хөгжилд зориулахад төрийн болон хувийн компанийн хувь, оролцоо эрс ялгаатай байгааг анхааруулав. Тэрээр хэлэхдээ, хувийн компани орон нутгийн нийгмийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийж, олон сайхан бүтээн байгуулалт хийж чадсан жишээ дэргэд нь харагдаж байгаа учир “Эрдэнэс-Тавантолгой” компанийг ч мөн ийм байдлаар ажиллуулах үүрэг даалгавар өгөх болно гэлээ.
“Энержи ресурс” компани Ухаа худгийн ажилтан, ажиллагсдын ажлын таатай бөгөөд найдвартай, эрүүл орчныг бүрдүүлсэн “Галлерей” хотхоноос гадна хашаа, худаг, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж зэрэг гадна дотно тохижилтыг цогцоор нь шийдсэн “Уурхайчин” жишиг гэр хорооллыг барьж байгуулжээ. Түүнчлэн говь нутгийн цаг агаарын онцлогийг харгалзан оршин суугчид, ялангуяа хүүхэд багачуудын тав тухтай байдлыг хангах зорилгоор 300 айлын иж бүрэн тавилгатай “Цэций” хороолол, сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг барьж байгуулснаар хүн амын төвлөрөл ихтэй, төвөөс алслагдмал Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний ачааллыг хөнгөлөхөд томоохон хувь нэмэр оруулсан байна. Энд хүүхдүүдэд нэг ээлжээр чанартай боловсрол олгох, хичээлийн бус цагаар төрөл бүрийн давтлага, сургалт, хүмүүжлийн ажлууд зохиох боломж бүрджээ. Цогцолборын зайлшгүй нэг хэсэг болох цэвэрлэх байгууламжийг барьж байгуулснаар тус сум мөн л улсдаа анхны цэвэрлэх байгууламжтай сум болжээ.
“Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж ярихдаа “Дэд бүтцийг байгуулах нь зардал ихтэй, шууд ашгийн бус ажил байдаг. Гэвч бид урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд орон сууц, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц барьж байгуулахгүйгээр хөгжихгүй. Тиймээс уурхайн ашгаас нийгмийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь манай үйл ажиллагааны салшгүй хэсэг тул бид урт хугацааны төлөвлөгөө гаргаад түүнийгээ эхнээс нь гүйцэтгээд явж байна” гэж байлаа.
Харин сургууль, цэцэрлэгийн цогцолборыг харьцангуй богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтын хөрөнгө оруулалт хийснийг тэрээр тодотгосон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: