Төр нь иргэдээ дээрэмдсээр байх уу
-Төрийн буянаар айл өрх, аж ахуйн нэгжүүд үр ашиггүй зээлийн өрөнд тарчилж байна-
“Улс төрийн том албан тушаалтны үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд нь бол, үгүй ядахад хахуулийн хэдэн төгрөгтэй байх сайхан. Улсын төсвөөс ихээхэн хөрөнгө оруулалттай ямар ч ажил байсан хамаагүй гүйцэтгэх эрхийг нь төвөггүйхэн авчихна… Тендер зарласан, зарлаагүй ер ялгаагүй. Зарлах ёстой ч зарлахгүй байж болно.
Яагаад гэвэл яамны хамтрагч маань тэр мөнгийг “шүүрэх” саналыг өөрөө гаргадаг болохоор хамгаалах бас олон аргатай” хэмээн хэлсэн нэгэн эрхмийн тухай найз маань атаархан ярьж билээ. Тэрбээр өнгөрсөн жилийг хүртэл гадаадаас ажлын хувцасны материал оруулж ирдэг байсан юм. Гэтэл өнгөрсөн зун автын осолд өртөснөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоонд багтаж гэртээ суусан. Найзад маань эцэг эхээс нь үлдсэн хөрөнгө гэх юмгүй, амьдрал нь тарчигхан л даа. Гэхдээ л хоёр идэхгүй, хоосон хонохгүй хорвоогийн бор хоног, шар нарыг өнхрүүлж яваа. Эхнэр нь нэг жижигхэн оёдлын цехэд ажиллан гэр бүлээ тэжээж, хоёр хүүхэд нь сургуульд сурдаг юм. Саяхан найз маань утсаар ярьж “Мөнгө зээлдүүлээч” гэж байна.
Учир нь эхнэрийнх нь ажилладаг оёдлын цех Оёдлын нэгдсэн холбоо /ОНХ/-ны нэг компанитай сурагчийн дүрэмт хувцас оёх гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг өмдийг 2000, цээживчийг нь 4000 төгрөгөөр оёулна гэж тооцсон юм байна. Гэрээний дагуу 14 хоног ажилласан ч өмнө нь хийдэг ажлын бүтээмж багасч, харин ажлын цаг нь уртассан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй нэг өдөрт авдаг ажлын хөлс нь бараг тавин хувь буурснаар өдрийн хоол, унааны зардалдаа таарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, унааны мөнгө төлж, өдрийн хоол идэхийн тулд л оёдлын цехдээ очин ажиллаж буйгаас ялгаагүй болжээ. Ингээд өрхийн орлого тасарч, улмаар хоёр хүүхдэдээ сурагчийн дүрэмт хувцас авч өгөхөөр хурааж байсан мөнгөө хоногийн хоолонд зарцуулж дууссан байна. Гэтэл хүүхдүүдийг нь “Хичээл эхлээд хагас сар болж байхад дүрэмт хувцсаа яагаад авдаггүй юм бэ. Маргааш өмсч ирэхгүй бол хичээлд суулгахгүй” хэмээн багш нь өдөр бүхэн загнаж байгаа аж. Хоёр хүүхэд ч гэртээ ирээд аав ээжийгээ “Дүрэмт хувцас авч өгөхгүй бол хичээлдээ явахгүй” гээд зовоож буй. Тэгээд л арга ядахдаа найз маань над уруу залгасан хэрэг. Миний хувьд ч түүнээс илүү гараад байх амьдралын боломжтой хүн биш л дээ. Гэхдээ ядарч яваа найз маань намайг мөнгө зээлдүүлнэ гэж итгэсэн байхад би “байхгүй” гэж хэлж зүрхэлсэнгүй. Банкны зээл, ломбардны хүү төлөх, цэцэрлэгийн хүүхдэдээ өвлийн хувцас авах тухай бүгдийг хойш тавин эхнэрийн болон өөрийнхөө хэтэвчийг шавхан байж 150 мянган төгрөг болгов. Гэвч түүний хүссэн хэмжээнд хүрээгүй учраас өөр нэг найзаасаа 100 мянган төгрөг зээлж 250 мянган төгрөг болгон өнөөх найздаа өглөө. Энэ мөнгийг орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй түүнээс ойрын хугацаанд эргүүлж авна гэж санасны ч хэрэггүй. Үүнээс болж манай гэр бүлд жижигхэн “дайн” дэгдэх нь ч дамжиггүй. Найзын маань атаархан ярьж байсан тэр эрхэм шиг хүмүүс энэ тухай уншвал “Өө хөөрхий нэг хоолны мөнгөнөөс болж уу” гэж шоолох л байх. Харин бидний хувьд нэг сарын маань цалин бөгөөд хаа хаанаа үр ашиггүй зээл авч амьдрал улам л хүнд байдалд орцгоолоо.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ УСТГАХ УУ
БШУЯ-наас энэ жил сурагчийн дүрэмт хувцасыг нэг загварт оруулан ҮХААЯ-ны ивээлд багтдаг ОНХ- ны “Шилмэл загвар”, “Өүлэн мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэх долоон компани толгойлон үйлдвэрлэлийг хариуцаж буй. Найзын маань эхнэрийн ажилладаг үйлдвэр “Шилмэл загвар” компанитай нь 3000 өмд оёх гэрээ хийжээ. Гэвч үйлдвэрийн эзэнд ямар нэгэн ашиггүй гэнэ.
Өөрөөр хэлбэл, оёдлын хөлсөө оёдолчин өөрөө авдаг аж. Энэ тухай үйлдвэрийн эзэн “Гэрээний дагуу оёод үзтэл технологийн цаг өндөртэй учраас үнэлгээ нь харьцангуй бага юм билээ. 2000 төгрөг гэдэг бол арай л хэтэрсэн бага үнэлгээ. Ажилчид маань 14 хоног оёод “Ийм үнэлгээгээр оёхгүй” гэсэн. Аргагүй шүү дээ. өдөрт 10 хүрэхгүй мянган төгрөгийн ажил хийж байгаа юм чинь. Гэтэл дээрээс “Нэгэнт хийсэн гэрээ болохоор та нар үүргээ гүйцэтгээд оёж дуусга” гэж шаардсан. Үндсэндээ дарамт шахалт үзүүлсэн гэхэд болно. Сурагчийн дүрэмт хувцас оёсноор манай үйлдвэрт ашиггүй. Харин ч миний хувьд “шатаж” байна. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн сайхан нэрээр чимсэн цэвэр мөлжлөг” гэсэн юм. Уг нь Засгийн газар бондын мөнгөнөөс 23 тэрбумыг гаргаж жижиг дунд оёдлын үйлдвэрүүдийг дэмжихээр болсон.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ мөнгийг ОНХ-ны толгой долоон компанид бэлэглэсэн мэт болж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр тэдэнд олон арван сая төгрөгийн зээл олгож, ажлаар хангах бодлого барина гэсэн. Тухайн үедээ аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөтэй боллоо хэмээн баярлаж байсан. Харамсалтай нь тэдэнд олгож буй ажлын хамгийн тод жишээ нь сурагчийн дүрэмт хувцас гээд бод доо. Дэмжих нь бүү хэл “мөлжсөн” гэхэд хэн ч маргахгүй. Одоогийн байдлаар жижиг дунд үйлдвэрүүд зээлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийг хийж чадахгүйд хүрч байна. Олонхи нь “Төрөөс өгсөн амлалтад итгээд үр ашиггүй зээл авчээ, яаж төлнө дөө” хэмээн бухимдаж сууна лээ.
СОЛОНГОСООС ГЭЧИХЭЭД ХЯТАДААС ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Өнгөрсөн хоёр жилийн турш төрөөс малчдад нэг кг хонины ноос тутамд 2000 төгрөгийн татаас өгч, Ноосны холбоо ноос худалдан авч хуримтлал үүсгэсэн. Ингээд уг ноосоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх даавууг нэхүүлэхээр Солонгос Улс уруу явуулж байгаа гэнэ. Харин үйлдвэрлүүлсэн даавуу нь хоёр талын тээврийн зардал нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ 14 700 төгрөг болон орж ирж буй.
Гэтэл яг энэ даавуутай ижил материалыг импортолдог наймаачид жижиглэнгийн үнээ 5-8 мянган төгрөгийн хооронд барьдаг ажээ. Ийм байтал төрийн оролцоотой хийгдэж буй даавуу 2-3 нугалсан илүү өндөр үнэтэй байгаа нь юу гэсэн үг вэ. Уг нь төрөөс мөнгө гарган худалдаж авсан ноосоор нэхсэн даавуу шүү дээ. Тэр ч бүү хэл өөрсдөө түүхий эдээ өгсөн юм чинь харин ч хямд үнэтэй баймаар санагдана. Дээр дурдсан найз маань Хятадын “WOOL MARK” гэдэг үйлдвэрээс ажлын хувцасны даавуу импортолдог байсан гэдэг. Гэтэл Солнгосоос оруулж ирсэн гэх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх даавуун дээр өнөөх “WOOL MARK” гэсэн нэр нь байх ажээ.
Тэгэхээр энэ компани Солонгос, Хятад хоёрт салбартай хэрэг үү. Эсвэл эрх мэдэлтнүүд “Солонгост үйлдвэрлүүлж байгаа” гэчихээд урдаас бэлэн даавуу оруулж ирээд байна уу. Үүнийг холбогдох байгууллага нь шалгах хэрэгтэй байх. Бас нэг худлаа хэлэхээргүй, өндөр албан тушаалтай танил маань “Сурагчийн цөөн тооны сорочкан цамцыг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Олонхийг нь урдаас оруулж ирээд өөрсдөө компанийнхаа таних тэмдгийг солиод оёж байна” гэсэн юм. Хэдийгээр би өөрөө хараагүй ч үгүйсгэх аргагүй. Хэрэв үнэн бол арай л дэндэж байгаа биз. Тэгсэн хэр нь сурагчийн дүрэмт хувцасыг бүрэн хосоор нь авбал 100 мянгаас хол давсан үнэтэй юм билээ.
Найз маань аргаа барахдаа “Төр гэдэг дээрэмчин ядарсан айл өрх, аж ахуйн нэгжийг өрөнд унагаад зогсохгүй хөдөлмөрийг маань мөлжиж байна. Яаманд ажилладаг танилтай байсан бол ч сайхан амьдарна даа…” гэж билээ. Тэдний амьдрал яг үнэндээ өнөөгийн нийгмийн доод давхрагынхан ямар өнгө төрхтэй амьдарч буйг илтгэдэг юм. Санаагаар болдогсон бол Ерөнхий сайдыг найзындаа нэг оруулаад гаргах сан
URL: