Шаардлага биелүүлээгүй барилгын компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгоно
Шинээр баригдаж буй барилга аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн чанарын шаардлага хангаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авч зөрчлийг хэрхэн арилгаж байгаа талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.
-Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилгын үйл явцтай танилцаж, хяналт шалгалт хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье?
-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэд бүтэц тохижилтын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, онцгой байдлын хэлтэс хамтран ажлын хэсэг гаргаж энэ тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудтай танилцлаа, маш их зөрчил гарч байна. Хамгийн их гарч байгаа зөрчил бол тухайн барилгууд инженерийн болон техникийн нөхцөлөө аваагүй барилгаа эхлүүлсэн байна. Мөн барилга барихаар зөвшөөрөл авсан газрынхаа хэмжээнээс хэтрүүлж барилга барьсан байна. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ажилчдын хувцаслалт, каск хамгаалалт тоног төхөөрөмж хэрэглээгүй тохиолдол их байна. Тухайн барилга байгууламж маань Мэргэжлийн хяналтын газраас тавьсан зүйлийг нэлээд зөрчсөн байна гэсэн үг.
-Гарсан дутагдлыг арилгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Эдгээр дутагдлыг арилгуулах зорилгоор манай ажлын хэсэгт орсон гишүүд маань акт гаргаад тодорхой хугацаатай мэдэгдэл хүргүүлээд, заасан хугацаанд амжиж зөрчил дутагдлаа арилгасан тохиолдолд барилгын ажлыг нь үргэлжлүүлнэ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шаардлага хүргүүлсэн байгаа. Ажлын тав хоногийн хугацаатай учир энэ пүрэв гарагт дахин шалгана гэсэн үг.
-Хууль дүрэм зөрчсөн зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга хэр байна вэ?
-Маш их байна. Ямар ч зөрчилгүй хууль дүрмийнхээ дагуу баригдаж байгаа барилга гэж бараг алга.
-Нэгэнт баригдаад эхэлчихсэн ажлынхаа 30, 40 хувьтай явж байгаа. Зөвшөөрсөн газраас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайд оруулаад барилгаа барьчихсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Эхний ээлжинд шаардлага хүргүүлнэ. Зөрчлөө арилгахгүй буцааж нураахгүй байгаа тохиолдолд манайхаас хөрөнгө гаргаад нураах арга хэмжээ авна.
-Танай дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хууль зөрчөөд баригдчихсан үйл ажиллагаагаа явуулж байгаа барилга бий юү?
-“Отгонтэнгэр” дээд сургуулийн урд талд байдаг “Everyday” худалдааны төвийн барилга байна. Энэ барилга баригдаад арваад жил болж байгаа юм. Машин зам руу давуулаад барьчихсан. Хариуцдаг эзнийг нь дуудаж уулзлаа. Энэ жил нураах ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай зүгээс хөрөнгөе гаргаад нурааж болно гэсэн асуудлыг тавилаа. Стандартаа зөрчиж барьсан барилгууд их бий. Ийм барилга дээр хяналт шалгалт хийж байна. Барилгын бизнес эрхэлж байгаа компаниуд хууль дүрмэндээ нийцүүлж үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна.
-Барилгын ажлаас үүдсэн гэнэтийн аваар осол их гарч байна. Саяхан танай дүүрэгт нэг хүн барилга дээрээс унж амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Барилгын аваар ослыг арилгах үүднээс бид баригдаж буй барилга дээр шалгалт хийж байна.
-Тоног төхөөрөмж унаж нурж хүн дарлаа, эвдэрлээ гэдэг. Тоног төхөөрөмжинд нь хяналт тавьж байгаа юу?
-Ихэнх барилгын компанийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь түрээсийнх байдаг. Хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хугацаа нь хэзээ дуусах зэрэг асуудлыг хянах гэхээр хаанаас хэзээ орж ирсэн нь тодорхойгүй байдаг. Манай ажлын хэсэг энэ талаар тайлан гаргаж дүнгээ нэгтгэсэн байгаа. Нэг дэх өдөр шаардлагаа хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд зөрчил дутагдал их гаргаж байгаа барилгын хаяг байршил компанийн нэрийг зарлаж олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллана.
-Шаардлага хүргүүлсэн байгаа гэлээ. Тухайн заасан хугацаанд зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилгын ажлыг нь зогсоож лацдах, тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээ авна. Мөн Барилга барих зөвшөөрөл өгсөн газрын гэрчилгээг хүчингүй болгох зэрэг дорвитой арга хэмжээ авч ажиллана. Ийм томоохон арга хэмжээ авахгүй бол зөвхөн шалгалт хийгээд шаардлага хүргүүлдэг араас нь хариуцлага тооцуулдаггүй таг чиг болчихдог байдал их байна. Энэ зөрчлийг өөрчилнө.
Н.Ганчимэг
URL: