Шагчид гэмт бүлэглэлийн хэмжээнд хүрчээ
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэх үг бий. Арга ч үгүй биз. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болоод амьдралаа амьдын там болгосон тэнэмэл архичдаас эхлээд үр дүнг нь хангаллтай амсаж, харуусаж суугаа хүн олон бий.
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд үйлдэгдэж буй онц хүнд гэмт хэргүүдийн дийлэнх буюу 72 хувь нь ямар нэгэн байдлаар архитай холбоотой гэх тоо ч бий.
Нийгмийн дархлааг сулруулж, улс орны хөгжлийг хойш татаж буй архидалтын эсрэг манай хууль хяналтынхан бүхий л боломж бололцоогоороо тэмцэж буй ч нийгэм дэх архины хэрэглээ буурахгүйгээр барахгүй архичид улам залуужсаар. Дунд сургуулиа ч төгсөөгүй шахам балчир үрс архины амтанд орж, амьдрал гэгч юу болохыг харж ч амжаагүй хэрнээ халуунд нь “амьдрал хэцүү байна” хэмээн уйлж суухыг харахад эмзэглэмээр.
Манай сурвалжлах хэсэг Нийслэлийн цагдаагийн газрын согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагчидтай хамтран нийслэл хотод шөнийн цагаар цэцэглэдэг архины хууль бус наймааг сурвалжилсан юм. Бид энэхүү сурвалжилгаараа шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүд болон шагийн архины наймаачдын хууль бус үйлдлийг уншигчдадаа хүргэхийг зорилоо.
Хамгийн эхэнд Чинэлтэй дүүргийн XV хороо буюу Хайлаастын хуучин эцэст байрлах “Хулж” хүнсний дэлгүүрийг зорив. Энэ дэлгүүр шөнийн цагаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж хууль зөрчдгөөрөө алдартай аж. Учир нь Нийслэлийн цагдаагийн газарт тус дэлгүүртэй холбоотой санал гомдол олон удаа ирсэн төдийгүй согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг хэмээн албаны хүмүүс онцолж байлаа.
Шалгалтын хэсэг тус дэлгүүрийг зорих замд Нийслэлийн цагдаагийн газрын согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяр бидэнд ийн ярьсан юм. “Шалгалтаар явж буй цагдаагийн ажилтнууд албаны машин унаж, дүрэмт хувцсаа өмсөөд шалгалт хийнэ гэж байхгүй. Дэлгүүрүүд цагдаагийн машин, дүрэмт хувцастай алба хааагчийг харах л юм бол гэрлээ унтраагаад, хаалгаа дотроосоо түгжээд таг болихдог.
Тэр ч бүү хэл гаднаа нэг хүн зогсоочихоод ажиглалт явуулж дотор байгаа хүндээ мэдээлэл дамжуулдаг. Бараг л гэмт хэргийн сүлжээ болтлоо хөгжчихсөн гэхэд болно. Худалдан авагчид хүртэл шаардлага тавьж буй алба хаагчдын өөдөөс хэл амаар доромжилдог, биед нь халдах тохиолдол ч гардаг. Бид энгийн хувцас өмсөөд архи зарж буй дэлгүүрүүдийг үйлдэл дээр нь илрүүлж байж л арга хэмжээ авна. Тэгэхгүй бол “архи зараагүй” гээд мэлзчихнэ шүү дээ. Зарим дэлгүүрүүд нь биднийг бүр таньдаг болчихсон. Түүнээс гадна шагчдад арга хэмжээ авах ч бас хэцүү. Үйлдэл дээр нь илрүүлээд арга хэмжээгээ аваад цааш хөдлөхөөр араас машинтай дагаж байх жишээтэй. Өөр газар шаг зарж байгаа шагчдадаа мэдээлэл дамжуулж байгаа нь тэр. Бараг л гэмт хэргийн бүлэглэл илрүүлэх нь холгүй арга хэмжээ авна шүү дээ” гэлээ.
Шаардлага тавиад ч дийлддэггүй архины “шөнийн”дэлгүүр
Шөнийн 01:15 цаг. Дэлгүүрийн гадна хөгшин, залуу, эрэгтэй эмэгтэй, авто машинтай, явган, эрүүл, согтуу гээд янз бүрийн хүмүүс архи авахаар цугларна. Хэдийгээр хажууханд нь цагдаагийн хэсэг байрлах боловч түүнээс эмээж буй шинж огт үгүй. Архи авахаар цугласан иргэд ч дэлгүүртэйгээ зохицож ажиллаад сурчихаж.
Бид энгийн хувцастай цагдаагийн алба хаагчидтай хамт дэлгүүрийн үүдэнд буулаа. Гаднаас нь харахад дэлгүүрийн гэрэл унтраалттай, хаалга үүд нь хаалттай ч хажуугийн жижиг цонхонд архи авахаар иргэд цугласныг харахад тэрхүү цонхоор наймаагаа явуулдаг нь ойлгомжтой боллоо. Нэлээд халамцсан 20 гаруй насны дөрвөн залуу цонхоор хоёр шил архи цөөнгүй шар айраг уутанд хийлгэж аваад машиндаа суун хөдлөв. Араас нь дугаарлан зогсох иргэд мөнгөө өгөхөд худалдагч гар чийдэн тусгаж мөнгөө тоолж аваад цонхоо хаан захисан архийг нь авч ирнэ.
Энэ мэтээр архины хууль бус наймаа хурдхан гэгч нь явагдаж байх зуур зам дээр хяналт тавьж байсан замын цагдаа тэднийг анзааран “Наана чинь картын бараа зараад байгаа юм уу. Хурдан тараач” хэмээн захирангуй хэллээ. Замын цагдааг анзаарсан дэлгүүрийн худалдагч цонхоо хааж цагдааг явахыг хүлээн таг болов. Тэр хооронд архи авахаар бөөгнөрөн зогсох иргэд ч хэсэгхэн зуур тарж, энд, тэнд хэсэг бүлгээрээ бөөгнөрөн цагдаа явахыг хүлээн зогсоно. Тэдний дунд 15 орчим настай хүүхэд орчныг ажиглан зогсож байснаа халааснаасаа гар утсаа гаргаж “Цагдаа явчихлаа” хэмээн дотогш ярьсны эцэст худалдагч цонхоо онгойлгон дахин наймаагаа үргэлжлүүлэв. Хоёр шил архи худалдаж аваад машиндаа суух залууг цагдаагийнхан түр саатуулаад гадна зогсож мэдээлэл дамжуулдаг хүүгийн утсыг хурааж аван дэлгүүрийн худалдагч руу ярьж хаалгаа онгойлгохыг шаардлаа. Дэлгүүрийн хаалга ч онгойж бид дотогш орон худалдагч эмэгтэйтэй уулзав. Шөнийн цагаар нууцаар архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглодгыг мэдсээр байж яагаад архи худалдаалсыг асуухад “Би энэ дэлгүүрт худалдагчаар ажилд ороод удаагүй. Дэлгүүрийн эзэд нь өөрсдөө шөнө ч хамаагүй архи зар гээд шаардаад байдаг юм. Тэгээд ч шөнө болохоор хаалга, цонх нүдээд тайван байлгадаггүй юм” гэлээ.
Биднийг дэлгүүрт ороод удаагүй байхад тус дүүргийн II хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Ганбаатар гаднаас орж ирэв.
Тэрбээр энэ дүүрэгт зургаа дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дуудлагаар явж байгаад дэлгүүрийн хаалга онгорхой байхыг хараад орж ирсэн нь энэ аж. Түүнээс тус дэлгүүрийн талаар лавлахад “Энэ дэлгүүр шөнийн цагаар архи согтууруулах ундаа зарж борлуулдгаараа алдартай. Бүр хаа байсан Сонсголон, Баянхошуунаас хүртэл архи авах гэсэн иргэд ирдэг. Оройн цагаар гадна нь байнга хүмүүс овоорч, заримдаа гэмт хэрэг хүртэл гаргадаг. Би энэ дэлгүүрт өмнө нь олон удаа сануулах арга хэмжээ авч, архийг нь хураан улсын орлого болгож байсан. Гэсэн ч одоо болтол цонхоороо архи зарсаар л байгаа. Эднийх гурван ээлжийн худалдагчтай. Эзнийг нь Баттөр гэдэг. Гэр нь хажууханд нь байдаг юм. Шаардлага тавихаар “Чи муу жижигдэнэ. Манайхыг чи байтугай чамаас цаадах нь хааж чадахгүй. Зүгээр мөрөөрөө яв” гээд л томроод байдаг. Биднийг хяналтаа тавиад шаардлагаа хүргүүлээд байхаар сүүлдээ худлаа дуудлага хүртэл өгч гаднаасаа холдуулдаг. Бид дуудлагын дагуу заасан газарт нь яваад очихоор гайхсан хүмүүс манайх тийм дуудлага өгөөгүй гээд байж байдаг. Биднийг дэлгүүрээсээ холдуулах гэж тийм арга хэрэглэдэг. Энэ тухай бид холбогдох газарт олон удаа мэдэгдсэн ч одоог хүртэл энэ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулаад л байгаа” гэсэн юм. Цагдаагийн алба хаагчид ч хуулийн дагуу хариуцлага тооцох албан бичгээ үлдээгээд дараагийн шалгалтаа хийхээр хөдөллөө.
Шагийн архи “од” болж, шагчид хөлжсөөр
Шөнийн 02:20 цаг. III, IV хорооллын нутаг дэвсгэр Бичил хорооллын арын зам дагуу байрлах “Таац” зочид буудлыг зорив. Энэ буудлын үүдэнд шөнийн цагаар архи, шар айраг шагладаг орчин үеийн “шагчид” бөөнөөрөө зогсоцгооно. Тэд архи хайсан халамцуу иргэдэд шагийн архиа нэг дахин нугалсан үнээр хурдхан шиг зарахаа мэддэг хүмүүс. Биднийг дэлгүүрийн ойролцоо ирж зогсмогч 20 гаруй насны нэгэн залуу “архи байгаа шүү” хэмээн аяархан хэлэв. Юу зарж байгааг нь сонирхвол “Экспорт” архи, “Нийслэл” шар айраг байгаа гэнэ. Шагчид ихэвчлэн үүнийг л зардаг гэнэ. Үнийг нь сонирхвол “Архи 0.75 нь 25 мянган төгрөг, 0.5 нь 20 мянга, шар айраг 3500 төгрөг” аж.
Тэрбээр худалдаж авах бол машиндаа очоод сууж бай. Аваачаад өгье гэсний дагуу архи, пиво аль алнийг нь худалдаж авахаар тохироод машинд авч ирж өгөхийг нь хүлээн суулаа. Удалгүй байрнуудын дундаас тортой архи, шар айраг барьсан залуу бидний машинд ирсэн юм. Шалгалт хийж яваа цагдаагийн алба хаагч үнэмлэхээ үзүүлэн түүнийг машинд суулгав. Түүнээс архиа хаанаас хэдэн төгрөгөөр авдаг, өдөрт хэчнээн шил архи зардгийг лавлахад “Барс захын бөөний төвөөс “Экспорт” архи 0.75 граммын савлагаатайг нь 12.500 төгрөгөөр, 0.5 литрийн шилтэйг нь 9.500 төгрөгөөр авдаг. Анх удаа зарж байгаа болохоор өнөөдөр ердөө таван шил архи, хоёр авдар шар айраг л зарсан” хэмээн тайлбарлав.
Тухайн газарт энэ залуугаас гадна хэд хэдэн шагчин архи худалдаж байсан бөгөөд биднийг анзаарсан бололтой хэсэгхэн хугацаанд тэндээс явж, дэлгүүрийн үүд ч хоромхон хугацаанд огт хүнгүй шахам болсон юм. Цагдаагийнхан нөгөө залуугаас архиа хаана тавьсан, ямар хүмүүс шаглан зарж байгааг тодруулж мэдүүлгээ аваад 25 дугаар эмийн сангийн автобусны буудал руу хөдөллөө. Энд оройн цагаар шагийн архи наймаалагчид байнга зогсдог гэнэ.
Шөнийн 03:00 цагийн орчим биднийг очиход хэд хэдэн шагчин архи зарж байснаа хаа нэгтэйгээс “Тааз” дээр шалгалт хийж байсан цагдаа нар ирчихсэн байна гэх дуу гарснаар бүгд тал тал тийш зугатан одсоноор эндэхийн шагчид “үлдсэнгүй”. Биднийг автобусны буудлын ойролцоо зогсож байх зуур 18 орчим насны гурван залуу цүнхтэй зүйл барьсаар “архи байна шүү” хэмээн хэлэв. Цагдаагийнхан шалгалт хийж явааг мэдээгүй бололтой. Цүнхнээсээ нэг шил архи гаргаж ирэн, зарахыг оролдсон дээрх залуугаас цагдаагийнхан тайлбар авахад тоглолтод оролцчихоод нэг найзаасаа өрнийхөө оронд нэг шил архи авсан. Таксины мөнгө байхгүй болчихоод архиа зарж гэртээ харих гэсэн юм хэмээн тайлбарлав. Хаа сайгүй архи шаглан зарж, түүнийг нь худалдан авах иргэн ч цөөнгүй байдаг нь энэ залуусыг гар дээрээс архи зарж, ашиг олж болдог юм байна гэх ойлголттой болгожээ.
Ийнхүү нийслэлийн цөөн хэдхэн газарт шалгалт хийхэд л архи хайсан халамцуу иргэд, үүнийг нь далимдуулж ашиг хонжоо олох гэсэн шунаг сэтгэлтэн олноор угтсан нь архи гэгч хорлолт идээний хэрэглээ өнөөгийн нийгэмд хэр хэмжээнд байгааг илэрхийлж байлаа. Хууль баталдаг, журам боловсруулдаг эрхэм түшээд архины хэрэглээг багасгах, хяналтаа өөрчилж илүү үр дүнтэй арга хэмжээ авах цаг болжээ.
Х.Нарангэрэл INET
URL: