АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдах төвд 12 хүн буудсан хэрэг гарчээ
АНУ-ын Вашингтон хотноо Тэнгисийн цэргийн удирдах төвд 12 хүнийг буудаж, 14 хүн шархдуулсан хэрэг орон нутгийн цагаар өчигдөр 08.20 цагт болсон байна.
Уг хэргийг үйлдсэн этгээд нь 34 настай, өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд 2007-2011 онд алба хааж байсан бөгөөд биеэ авч явах чадваргүй гэх шалтгаанаар халагдаж байжээ.
Түүнийг Аарон Алексис гэдэг бөгөөд сүүлийн үед IT компанид ажиллаж байсан гэнэ. Тэрбээр цагдаагийнхантай буудалцах үедээ хэргийн газар амиа алджээ.
24 цагийн турш өндөр хамгаалалттай байдаг тус байгууламжийн хоолны газар болон коридорт гэмт этгээд гал нээсэн байна.
“Washington Post” сонинд мэдээлснээр Алексис Тэнгисийн цэргийн хүчинтэй гэрээтэй ажиллаж байсан бөгөөд Naval Yard руу нэвтрэх эрхтэй байжээ.
АНУ-ын эрх баригчид гал нээсэн этгээд нь ганцаараа биш байсан гэж үзэж байгаа тул Вашингтонд хоёр дахь сэжигтнийг эрэн сурвалжлах ажил эхлүүлээд буй аж.
Дашрамд дурьдахад, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний удирдах төвд 3 мянга орчим хүн алба хаадаг байна.
Ерөнхийлөгч Обама хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн Цагаан ордон болон Капитолид төрийн далбааг буулгахыг үүрэгджээ.
А.Цацрал /gogo.mn/
URL: