Ноолуурын салбараа дэмжиж 110 тэрбум төгрөгийн бонд гаргана
Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Ноос боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргах болсон талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танилцуулга хийсэн юм.
Ноос ноолуурын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн 30-40 хувь нь сул чөлөөтэй байдаг бөгөөд үүн дээр манай улс брэнд бүтээгдэхүүнээ гаргах боломж байгаа аж.
Монголын ноолууран бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч компаниуд хэлэлцэн тохирч “Монгол ноолуур” нэгдлийг өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор байгуулсан гэнэ. Энэхүү нэгдлийн зорилго нь үйлдвэрлэлийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд хамтын маркетингийг хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, аж ахуй нэгжүүд энэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчнийг нэгдсэн бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэнэ.
Энэ жилийн хувьд гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл манай улсад 1500 тонн ноолуур бэлтгэснээс үндэсний үйлдвэрлэгчид 300 орчим тонныг, харин урд хөршийнхөн мянга гаруй тонныг нь аваад байгаа аж. Үлдсэн ноолуураас үндэсний үйлдвэрлэчид 1700 тонн орчмыг нь худалдан авч байж жилийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой болох аж.
Тиймээс ноолуурын салбарыг дэмжих зорилгоор гаргах Засгийн газар 110 тэрбум төгрөгийн бондыг гаргахаар болсон байна. Үүнийг “Монгол ноолуур” нэгдлээр дамжуулан санхүүжүүлнэ гэнэ.
Энэ оны улсын төсөвт бондтой холбоотой аливаа зардлыг нэмж тусгах боломжгүй тул энэ жил шаардлагатай хөрөнгийг жилийн эцэст төвлөрүүлж ирэх онд ноос ноолуурын салбарт буцаан гаргахаар санхүүжилтийн хугацааг нь зохицуулахаар Засгийн газар тооцжээ.
Ноос ноолуурын салбарыг ийнхүү дэмжсэнээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд одоо байгаа 6000 гаруй ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна нэмээд 2700 орчим шинэ ажлын байр бий болох гэнэ. Мөн 250 гаруй эцсийн бүтээгдэхүүн хийж үүнийхээ 80 хувийг экспортод гаргана гэж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр энэхүү саналыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжиж байсан бөгөөд зарим гишүүд өөрсдийн саналыг хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Дамба-Очир ноос ноолуурын салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдэгт санал нэг байна. Гэхдээ түүхий эд болон ноолуур самнах үйлдвэрийн 50-60 хувь нь хятадын мэдэлд оччихсон байгаа. Тиймээс ноолуурын экспортын татвараа нэмбэл яасан юм бэ гэсэн саналыг хэлж байв.
Мөн Я.Батсуурь гишүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв боловч хэлбэр нь асуудалтай санагдаж байна гэлээ. Манайх үйлдвэр, салбарыг дэмжинэ гэхээр дандаа улсын төсөвт төвлөрүүлж байгаад эргэн тараах маягаар татаас ярьдаг. Энэ бол маш алдагдалтай хэлбэр. Түүний оронд хамгийн оновчтой дэмжлэг бол татвараас чөлөөлөх юм шүү гэж байв. Мөн ноолуурын салбарыг дэмжихийн тулд “Монгол ноолуур” гэсэн брэндийг дэлхийд сурталчлах асуудлыг төрийн бодлогоор хийх шаардлагатэй гэлээ.
Швейцарь цаг, Франц үнэртэй ус, Шотланд виски гэдэг шиг Монгол ноолуур гэсэн брэндийг бий болгохын тулд дэлхийн брэнд бий болгодог том компаниудыг авчирж ажиллуулан, BBC, CNN зэрэг дэлхийн томоохон телевизүүдэд мөнгийг нь төлж байгаад сурталчилгааг нь явуулах хэрэгтэй гэсэн саналтай байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн хувьд 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж ноолуурын салбараа дэмжих гэж байгаад Засгийн газарт талархалтай хандаж байгаа гэлээ. Энэ дэмжлэг цаашаагаа хөнгөн үйлдвэрүүдэд ч хүрэх ёстой гэсэн юм.
Өнөөдрийн борлогдож байгаа үнээр хоёр мянган тонн ноолуур бэлдэхэд 140 тэрбум төгрөг эргэлтийн мөнгө болно. Энэ нь одоо худалдаж аваад дараагийн ноолуур гарах үед бараа бүтээгдэхүүн нь хараахан борлогдож амжаагүй байдаг үйлдвэрлэлийн салбар. Тиймээс зузаатгал өгч дараагийн эргэлтээ бэлдэх хүртэл ач холбогдолтой гэнэ.
Ер нь Монголын ноолуурын 50 хувийг дотооддоо бэлдье гэвэл дор хаяж 500 тэрбум төгрөгийн чадавхтай үйлдвэрүүд хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл ажиллаад ийм чадавхитай болж Монголын хувийн хэвшлийнхэн чадахгүй байна. Монгол улс анх удаа олон тулгуурт эдийн засгийн бодлогыг Засгийн газар, УИХ гаргаж байгаа нь их чухал юм.
Мөн арьс, сүү, ноос гэх мэт дараа дараагийн салбаруудыг дэмжихэд бэлэн байгаагаа эрхэм гишүүн энэ үеэр илэрхийлэв.
Ийнхүү ноолуурын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газар 110 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Эдийн засгийн байнгын хороо зуун хувь дэмжин УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов.
Б.Энхжаргал
URL: