Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөр Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн  / 60000 хүн ам / хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Энэ оны 11 дүгээр сарын 1 гэхэд дуусах ёстой Буянт-Ухаа орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээний ажил, цэвэр усны инженерийн шугам сүлжээ, бохир усны шугам сүлжээ, гадна цахилгааны шугам сүлжээний ажлуудтай Барилга, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

200 га талбайг хамарсан Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд 57 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 8 төрлийн ажил хийгдэхээр батлагдсан байна.  Үүнээс 7 ажил одоогийн байдлаар эхлээд байна.

Буянт-Ухаа орчимд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15000 айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 эхийн төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд,  их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьект шинээр баригдах бололцоо бүрдэнэ.

Мөн Ирээдүй, Баянголын амны орон сууцны хороололд хэрэгжүүлж байгаа ажлуудтай сайд танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 450 га газарт орон сууцны хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа. Энэхүү төлөвлөгөөгөөр 18435 өрхийн 70055 хүн Баянголын аманд амьдрах юм.  Буман-Өлзий, Мянганы хотхон зэрэг орон сууцны хорооллууд баригдаж эхлээд байна.

Дэд бүтэц төслөөс хэрэгжүүлж байгаа Баянголын амны инженерийн шугам сүлжээний багц 3 ажлыг 13,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд мөн л ирэх 11 сарын 1 нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих