ТАТВАРАА ЗӨВ НОГДУУЛЖ, ТӨЛЬЕ

9191a23a0be5b9df8351bcd18577f9b10061b000Энэхүү зөвлөмжийг бизнес эрхлэгч иргэн танд зориулав.

Хувиараа ажил, үйлчилгээ  эрхлэгч иргэн  Танд зориулан татвар ногдуулах, төлөх,   тайлагнахтай  холбоотой хуулиар хүлээсэн эрх, үүрэг, баримтлах  зарчим, харилцааны  талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Татварын алба татвар төлөгч тантай хуулийн хүрээнд  шударгаар харилцахаа илэрхийлж,  баримтлах журам, зарчим, таны эдлэх эрх,  хүлээх үүрэг,  хариуцлагыг  тайлбарлаж өгнө.
Татварын байгууллага таныг илүү ч үгүй, дутуу ч үгүй төлбөл зохих татварын хэмжээгээ  тодорхойлж, төлөхөд  тань бүхий л талаар тусална.  Татварын алба, түүний ажилтнууд татварын хууль, тогтоомжийг шударгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдэгт та итгэлтэй байж болно.
Татварын алба нь татварын хууль тогтоомжийг нийтэд адил тэгш мөрдүүлэх, татварын аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, улмаар  татварын систем шударга байх  нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

НЭГ. ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ, ТАЙЛАН  БЭЛТГЭХ

    Татвар ногдох орлого, эд хөрөнгө бүхий хувь хүн нь татварын хуульд заасны дагуу татварын албанд  татвар төлөгчөөр бүртгүүлж,  гэрчилгээ авна.
    Хэрэв таны бизнесийн жилийн орлого 10.0 сая төгрөгнөөс дээш давсан тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстойг анхаараарай.
    Та бизнесээ өргөжүүлэх, санхүү, бүртгэлээ олон улсын стандартын дагуу хөтөлж,  удирдах, хуулийн этгээдийн эрх эдлэж, үүрэг, хариуцлага  хүлээх, банк, санхүүгийн байгууллагатай өргөн хүрээнд харилцах зорилготой бол аж ахуйн нэгжээр бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулах нь давуу талтай.
    Та  хуулийн дагуу анхан шатны маягтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж,  татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээгээ өөрөө үнэн зөв тодорхойлж,   татварын тайланг үйлдэнэ.
    Та хуурамч  падаан, нэхэмжлэх ашиглаж хэрхэвч болохгүй гэдгийг байнга  анхаарна уу.  Татварын алба хуурамч баримт үйлдэж буй аж ахуйн нэгжүүдийг цахим хуудсаараа нийтэд зарладаг.
    Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч  гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарсан байна.
    Орлогын албан татварын тайлангийн тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр, НӨАТ-ын тайланг  тухайн сарын дүнгээр гаргаж, тайлангийн хугацааг  тэмдэглэсэн байна.
    Та тайлангаа өөрийн биеэр болон  цахим хэлбэрээр,  мөн  шуудангаар ч ирүүлж болно.
     Та татварын тайланг хуулиар тогтоосон  хугацаанд гаргаж, татварын албанд ирүүлнэ.  Жишээлбэл: Хувь хүний орлогын албан татварын  тайланг дараа оны 2 сарын 15-ны дотор,   НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ. Хэрэв та бизнесээ  өргөжүүлж, аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжсэн бол орлогын албан татварын тайлангаа улирал бүрийн дараа сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 сарын 10-ны дотор тушааж, татварын тооцоо хийнэ.
    Та тайлангаа цахимаар илгээх тохиолдолд татварын албаны “Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах зааврын дагуу гаргаж,  татварын албанд илгээнэ.
    Та “Цахим тайлангийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна татвараа цахим хэлбэрээр төлөх, өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, өрийн  мэдээллийг авах  боломжтой байна.
    Тайланг тоон гарын үсэг хэрэглэж илгээсэн тохиолдолд цаасаар дахин ирүүлэх (баталгаажуулах)  шаардлагагүй юм.  Харин тоон гарын үсэг хэрэглээгүй тохиолдолд тайлангаа цаасан хэлбэрээр  хуулийн хугацаанд  ирүүлэх ёстой.

ХОЁР. ТАТВАР  НОГДУУЛАХ, ТӨЛӨХ

    Та  Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хуульд заасан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй.
    Монгол улсад хувь хүн нь орлогын албан татварыг татвар ногдуулах орлогын 10 хувиар төлдөг.  Татвар ногдуулах орлогыг нийт бизнес эрхэлж  олсон орлогоос уг орлогыг олохтой холбогдуулж зарцуулсан зардлыг хасч тодорхойлдог.
    Та хөдөлмөр эрхэлж, цалин хөдөлмөрийн хөлсний орлого олж байвал орлогын дүнгээс 10 хувийн татвар төлнө. Энэ татварыг байгууллага хөдөлмөрийн хөлснөөс суутган тооцож,  төсөвт төлнө.
    Хэрэв та НӨАТ төлөгч бол борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний татвар тооцох үнэлгээний 10 хувиар татвар ногдуулж, төлнө.
    Хэрэв та бизнесээ өргөжүүлж, аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжсэн бол татвар ногдуулах орлогоос 10, 25 хувиар татвар төлнө. Татвар ногдуулах орлогыг нийт үйл ажиллагааны орлогоос холбогдох зардлуудыг хасч тодорхойлдог болно. Татвар ногдуулах орлогын хэмжээ 3.0 тэрбум төгрөг хүртэл бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш бол зөвхөн дээшх орлогод 25 хувиар татвар ногдуулдаг.
    Та  татвар ногдох эд хөрөнгөтэй бол хөрөнгийн татвар төлнө. Тухайлбал  тээврийн хэрэгслэл, үл хөдлөх эд хөрөнгө, ангийн буутай бол хуулиар тогтоосон татвар төлнө.
    Таны төлсөн татвар төрийн санг бүрдүүлж,  хүн амын   эрүүл мэндийг сахих, соёл, боловсролтой болгох, батлан хамгаалах, улс орны хөгжил, бүтээн байгуулалтад  зарцуулдаг  болно.
    Та татвараа цахим банк ашиглан төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл гэрээсээ, ажлын байрнаасаа, утаснаасаа интернэт ашиглан төлж болно.
    Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлан хүргүүлэхдээ  татвараа төлсөн байх  ёстой гэсэн үг.

ГУРАВ. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

    Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол  тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно.
    Хувь хүний  дараахь орлого татвараас чөлөөлөгдөнө.
•    Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу авч байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр
•    Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого
•    Хувь хүн өөрийн орлого болон зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого
•    Малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого
    Хувиараа бизнес эрхлэгч дараахь хөнгөлөлтийг эдэлнэ.
    Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн буюу тариалсан хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
    Татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    Хэрэв та аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.
    Хэрэв та НӨАТ төлөгч бол НӨАТ-ын хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
ДӨРӨВ. ТАНЫ ТАЙЛАНГ  ХҮЛЭЭЖ АВААД
ТАТВАРЫН АЛБА  ЯМАР ХЯНАЛТ ТАВИХ ВЭ ?

    Таны тайланг татварын албаны нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх улсын байцаагч хүлээн авна.
    Татварын алба таны  санхүүгийн болон татварын тайлангийн тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх, татварын тооцоолол,  хувь хэмжээ зөв эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хуульд нийцэж байгаа эсэхийг хянана.
    Байцаагч таны төлсөн татварын дүнг татварын албаны холбогдох бүртгэлтэй тулган тохирч буй эсэхийг нягталж, тайланг хүлээн авна.
    Татварын албаны байцаагч тайланг хүлээн авах үед  тайланд  тооцоо, үйлдлийн алдаа байвал татвар төлөгчөөр өөрөөр нь засуулж баталгаажуулна. Таны тайланг буруу гэж үзэн  зарим зүйлийг тодотгох шаардлагатай бол байцаагч энэ тухай танд мэдэгдэж, тайланг засварлуулахаар буцаан өгч болно.
    Тухайн тайлангийн татварын үлдэгдлийг бусад татварын илүү, дутуу төлөлтөөс шилжүүлэн суутган тооцохоор бол энэ тухай бичилтийг тайланд тусгаж, татварын төрөл тус бүрийн үлдэгдлийг шинэчилж, татвар төлөгчтэй тохирч баталгаажуулна.
    Татвар төлөгч өөрөө эсвэл шуудангаар тайланг ирүүлсэн бол татварын  байцаагч тайланг мэдээллийн баазад шивж оруулна.
    Шуудангаар ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулсан хувийг тухайн хуулийн этгээд, иргэний шуудангийн хаягаар илгээнэ.
    Тайланг электроноор ирүүлсэн бол цахим тайлангийн системд илгээсэн тухай бүр татварын улсын байцаагч хянаж хүлээн авч, мэдээллийн санд тусгай кодоор бүртгэнэ.
    Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай утсаар болон “Цахим тайлангийн систем”-д бүртгүүлсэн и-мэйл хаягаар хариу мэдэгдэнэ.

ТАВ.   АЛДАА, ЗӨРЧИЛ ГАРСАН БОЛ

Татвар төлөгч татварынхаа  тайлан,  тооцоог  нягтлан  бодогч  буюу   мэргэжлийн зөвлөхөөрөө хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд  гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг зөвхөн  Та өөрөө  хариуцах үүрэгтэй.  Алдаа зөрчил гаргасан бол:

    Татварын алба танд ямар  алдаа  гаргасан бэ гэдгийг тайлбарлана.
    Цаашид татварын тайлан, тооцоогоо хэрхэн хуулийн дагуу зөв хийхийг зааж зөвлөнө.
    Зөрчил гаргасан үйлдэл, хэмжээг харгалзан хариуцлага хүлээлгэнэ.
    Байцаагч таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам 0.1 хувийн торгууль  ногдуулна.
    Таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам алданги тооцно. Алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. Алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог бөгөөд 2013  оны Засгийн газрын 5 дугаар тогтоолоор  хоног тутамд  0.047 хувь  байхаар тогтоосон байна.
    Хэрэв та татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.0 мян.төг) болон түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (384.0-576.0 мян.төг),  албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (576.0-768.0 мян.төг) торгоно.
    Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, ня-бо бүртгэлээ хөтлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.
    Хэрэв та бизнес эрхэлдэг, татвар ногдох хөрөнгөтэй бол  татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой бөгөөд хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суугаа хаягаа буруу тодорхойлсон, татварын байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь  саад учруулсан,   тайлан тэнцэл, баримт бичгээ гаргаж өгөөгүй зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болно.
    Байцаагч гаргасан шийдвэрээ танд танилцуулж зөвшөөрсөн тухай таниар гарын үсэг зуруулна.

ЗУРГАА. ТАНЫ ЭДЛЭХ ЭРХ, ГОМДОЛ ГАРГАХ

    Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын албанаас авах, 1288 утсаар лавлах, mta.mn  цахим хуудсанд  хандах
    Илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах
    Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах
    Татварын албаны буруугаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх
    Татварын албаны байцаагчаас гаргасан аливаа шийдвэртэй  танилцах
    Хэрэв та   байцаагч алдаа гаргасан,  таны эрх зарим талаар зөрчигдсөн,  таньтай буруу харьцсан гэж үзвэл  гомдлоо тухайн шатны татварын албаны дарга, дээд шатны байгууллага, эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргах

ДОЛОО. НУУЦИЙГ  ХАДГАЛАХ

Татварын алба болон татварын улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний болон байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн нууцыг чанд хадгалах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ  биелүүлж ажилладаг гэдэгт та итгэлтэй байж болно.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих