Ц.Алтанцэцэг: Амьдралд минь тохиосон олон зүйл Байгалийн дүрийг надад ойртуулж өгсөн

Ц.Алтанцэцэг: Амьдралд минь тохиосон олон зүйл Байгалийн дүрийг надад ойртуулж өгсөн

Дэлгэцэнд гараад удаагүй байгаа “Голланд сарнай” уянгын драмын кино үзэгч олны сэтгэлд ихэд нийцсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. “Herub” энтертайнментийн шинэ уран бүтээл болох энэхүү кинонд хүмүүний амьдралын олон асуудлыг хөндөж, гэр бүлийн ариун нандин хэлхээс, хайрын үнэ цэнийг сэтгэл уярам байдлаар илэрхийлжээ. Гол дүрд нь гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Ё.Алтангэрэл, О.Бат-Өлзий, Г.Золбоот, Х.Батбаатар, Н.Гантөгс болон Ц.Алтанцэцэг нар тоглосон юм. Өвөрмөц нэр шигээ сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх “Голланд сарнай” киноны продюссерээр ажиллахын сацуу Байгаль гэх бүсгүйн дүрд тоглосон Ц.Алтанцэцэгтэй уулзаж ярилцсанаа толилуулья. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажилладаг тэрбээр хэсэг хугацаанд ийнхүү уран бүтээлч болж “хувирчээ”.

-Санхүүгийн хүн яаж яваад кино жүжигчин болчихов гэж гайхах хүн цөөнгүй байж магадгүй. Таны хувьд, энэ кинонд хэрхэн тоглох болсон тухайгаа яриач?

-Өнөөгийн нийгэмд ихэвчлэн эмэгтэйчүүд амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч, ар гэрээ авч явж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа нь нууц биш. Ялангуяа ажил, амьдралын хувьд хэдийнэ байр сууриа олсон 35-45 насны эмэгтэйчүүд ганц бие байх нь элбэг.  Амьдралдаа алдаж оносон, хагацал зовлон үзэж хатуужсан эмэгтэйчүүдийн хувьд дахин гэр бүлийн амьдрал зохиох гэж яаралгүй явсаар ийм байдалд хүрэх нь бий. Мэдээж хэрэг, ганцаараа амьдарна гэдэг ямар олигтой байхав дээ. Ажил, амьдралаа амжилттай авч явж байгаа хэдий ч ар гэрт нь хүлээх хань ижил байхгүй, сэтгэлдээ битүүхэн харуусал гуниг тээж суугаа хэчнээн хүн байгаа бол… Тиймээс энэ сэдвийг хөндөж, тэдгээр эмэгтэйчүүдийн ил атлаа далд орших нууцлаг ертөнцийг харуулах зорилгоор “Улаанбаатар нулимсанд дургүй” киноны анхны зохиолыг өөрчлөх талаар би зохиолч Б.Гансүхэд санал болгосон юм. Энэ дагуу кино зохиол маань ч бэлэн болж  би продюссерээр нь ажилласан. Явцын дунд зохиолч маань надад “Та улстөрч эмэгтэй хүн. Тэр тусмаа аж ахуйн нэгж байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд өөрөө тогловол яасан юм бэ. Танд урлагийн мэдрэмж байна шүү дээ” гэж санал тавилаа. Тухайн үед энэ саналыг хүлээж авах хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт би залуу нас, дүр төрхөө кино дэлгэцэнд мөнхөлж нэг ч гэсэн дүрд тоглоод авья гэж хүссэн. Надаас өөр хүн байсан бол бас л ингэж бодох биз. Хоёрдугаарт тухайн уран бүтээлийг хийх жаргал зовлонг тэнд ажилласан хүмүүс л мэдэхээс биш, олон нийт мэдэхгүй шүү дээ. Ямарваа нэгэн зохиол бүтээлийн ард юмуу урд нь тухайн хүний нэр бичигдээд л өнгөрдөг. Тийм болохоор нийгэмд хандсан энэ бүтээлээ үзэгчдэд хүргэхийн сацуу өөрөө гол дүрд нь тоглож, олон нийтэд таниулах боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

-Дүрийнхээ талаар хэр судалж бэлтгэсэн бол… Шантарч бэрхшээх асуудал гарав уу?

-Зураг авалт эхлэхээс өмнө би С.Баттулга найруулагчид хэлж байсан л даа. “Үнэхээр  чадахгүй бол би заавал тоглох гээд байх шаардлагагүй шүү” гэж. Гэхдээ надад албан ёсоор санал болгосон учраас кино пробонд оруулахыг хүссэн. Энэ дагуу анх гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай хамт пробонд орсны дараа найруулагч маань “Боломжийн санагдлаа. Танд тоглох чадвар байна” гэж урам хайрлаж билээ. Энэ бол тэр бүр олдоод байдаг боломж биш байх л даа. Ийм том урам зориг, итгэл найдвар хайрласан найруулагчдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Мэргэжлийн бус хүн байтугай мэргэшсэн жүжигчид нь хүртэл кинонд тоглох гэж хэрхэн зүтгэдэг билээ дээ. Тэгэхээр энэ бол миний хувьд асар том боломж. Мэдээж хэрэг, мэргэжлийн жүжигчин биш учраас надад хэцүү зүйл олон тулгарсан. Харин урлагийн ертөнцөд хэдийнэ өөрийн байр суурийг тодорхойлж, орон зайгаа эзэлсэн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Х.Батбаатар, О.Бат-Өлзий зэрэг мундаг уран бүтээлчдийн хүчинд би өөрийнхөө дүрийг гаргаж чадсан. Зураг авалт дууссаны дараа монтаж хийгээд миний тоглосон зарим эмоцитой хэсгүүдийг хасчихсан байна лээ. Найруулагч маань энэ кинонд юу оруулж, хэрхэн бүтээхээ мэдэх болохоор би тэгтлээ их гайхаагүй. Улстөрч хүний хувьд кинонд тоглож, түүнийгээ продюссерлэнэ гэдэг их зориг шаардсан ажил. Ихэнх улстөрчид олны нүднээс далд байхыг эрхэмлэдэг шүү дээ. Энэ талаар урьдчилж сайн бодсон. “Үүнээс болж ямар эрсдэл гарах вэ, түүнийг хэрхэн даван туулах вэ” гэж… Уран бүтээлчид маань ч энэ тухай ихийг зөвлөж “Маш их эрсдэл гарна аа, Алтаа. Ялангуяа киногоо дэлгэцэнд гаргасны дараа янз бүрийн яриа сонсогдох байх. Тэр үед сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай. Бид нар бол сайн муугаараа хэлүүлж сурсан улс” гэдэг байлаа. Найруулагч төдийгүй журмын нөхөд маань хүртэл “Ямар том зориг гаргав аа” гэж гайхаж байсан шүү. Магадгүй, бурханаас надад энэ ажлыг хийх үүрэг өгсөн ч юмуу аль эсвэл миний хувь тавилан байсан байх. Ийм том ажлын ард гарсандаа харамсах юм алга. Кино гэдэг ямар их хүний хүч хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгөөр бүтдэг юм бэ гэдгийг ойлгосон. Энэ ч утгаараа, тухайн үед битүүхэндээ сэтгэл түгшиж “Ийм  олон хүний хүч хөдөлмөрийг үгүй хийчих вий дээ” гэж айж байлаа.

-“Голланд сарнай”-г ихэвчлэн дундаас дээш насныхан үзэж байна лээ. Уянгын драмын кино болохоор их л эрэлттэй байх шиг санагдсан шүү?

-Тийм ээ, энэ киног 35-аас дээш насныхан үзэж байгаа. Өнөөдөр дундаас дээш насныхан театрт кино үзэхээ больчихсон, тэдэнд зориулсан бүтээл бараг байдаггүй юм билээ. Мэргэжийн хүмүүс нь хүртэл “Сүүлийн 15 жил ийм кино гараагүй” гэж хэлэхэд үнэхээр их гайхсан. Кинотеатрт бүтээлээ гаргана гэдэг кино хийхээс ч илүү хэцүү ажил байна лээ. “Энэ олон киноны хажуугаар шинэ бүтээлээ яаж театрын цагийн хуваарьт оруулах вэ. Түүнийгээ хэрхэн үзэгчдэд хүргэх вэ” гээд л маш их ажил ундардаг. Үүнээс гадна кинотеатрыг зорьж байгаа охид залуус маань одоохондоо амьдралын хүнд хэцүүг туулж үзээгүй, 35-аас дээш насныхны сэтгэлзүйн онцлогийг мэдрэхгүй учраас “Голланд сарнай” киноны маань утга учир, нийгэм рүү хандсан тэр мессежийг сайн ойлгохгүй байж болно. Энэ кинонд хүний мөс чанар, хайрын үнэ цэнийг илүү сайн харуулахыг хичээсэн. Өнөөдөр бусдын сайн сайхан амьдралын төлөө өөрийн хайр сэтгэлийг золиосолж чадах хүн хэр олон байгаа бол… Үүгээрээ уг киноны Байгаль гэх бүсгүйн дүр үнэхээр агуу санагддаг. Мөн хөндий хоосон мэт санагдаж байсан тэр орон зайг нөхөж, элэг бүтэн амьдралыг бий болгож чадсан тэр их уучлал ямар гайхамшигтай вэ. Залуу насны ааг омгоор амьдралын хүнд бэрх давааг туулж чадалгүй, бие биедээ тунирхаж, уучлалт гуйж чадахгүй явсаар алдсан хүн цөөнгүй байдаг шүү дээ. Тэгвэл бид яагаад бие биеэ уучилж, энэ амьдралаа элэг бүтэн байлгаж, үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлж болохгүй гэж… Энэ бүхнийг ойлгуулахын тулд “Голланд сарнай” киногоо бүтээсэн хэрэг.

-Киноны маань нэр их содон атлаа маш гүнзгий утга учир агуулсан мэт санагдсан нь нууц биш. Үнэхээр танай өрөөнд Голланд сарнай харагдаж байна?

-Зураг авалтын үеэр уран бүтээлчдийн дунд киноны нэр сонгох уралдаан зарласан. Тэр бүхнээс сонгосон “Голланд сарнай” нэрээр киноны ажлаа үргэлжлүүлж байлаа. Гэвч сүүлд нь үүнээс илүү содон, их утга учир агуулсан нэр олдохгүй юм шиг санагдсан л даа. Тэгээд ч киноны гол дүр Намуун маань Голландаас сарнай оруулж ирдэг шүү дээ. Голланд улс сарнай цэцэгсийн өлгий нутаг гэлцдэг нь үнэн. Дэлхийн бүх улс оронд олон төрлийн сарнай цэцэг нийлүүлдэг гэсэн. Голланд сарнай их хурдан ургаж, удаан үхдэг цэцэг. Ажлын маань өрөөнд л гэхэд дөрвөн төрлийн сарнай бий. Тиймээс энэ нэрээр киногоо нэрлэхэд их тохиромжтой санагдсан.

-Дэлгэцэнд гарсны дараа үзэгчдийн санал бодлыг судалж үзэв үү. Ямархуу сэтгэгдэл төрсөн бол..?

-Киноныхоо талаар хэд хэдэн телевизэд ярилцлага өгч, мэдээллийн сайтуудын комментуудыг уншсан. Тэнд янз бүрийн сэтгэгдэл бичиж, яамны сайдууд болон бидний журмын нөхдийн талаар элдвээр хэлсэн тухай сураг байна лээ. Миний хувьд, Баянгол дүүргийн Ардчилсан намын тойрог хариуцсан дэд даргын үүрэгт ажилтай. УИХ болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам зуун хувийн ялалт байгуулсны дараа бид багаар ажиллаж эхэлсэн. Энэ ч утгаараа, намын журмын нөхөд болон багийнхан маань миний гол дүрд нь тоглож продюссерлэсэн “Голланд сарнай” киноны сурталчилгааны самбарыг байршуулж, нээлтийн арга хэмжээний тайз заслыг бүрэн хариуцаж ажилласан. Багийнхан маань ингэж бие биеэ дэмжиж, хийсэн зүйлд нь урам өгч, хайрлаж хүндэлж байна шүү дээ. Энэ киногоо үзэгчдэд илүү сайн хүргэх үүднээс боломжийн үнээр үзүүлэхийг хүсч байгаа. Үнэндээ өнөөдөр 35-аас дээш насныхан маань ар гэрийн ахуй амьдрал, үр хүүхэд, ажил төрөлдөө анхаараад өөртөө цаг зав бараг гаргаж чаддаггүй. Зөвхөн хошин шог үзэх юмуу эсвэл садар самуун, аллага хүчирхийлэл харуулсан киногоор тархиа “угаалгаад” гарах тийм ч сонин биш. Охид залуус, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд маань энэ киног үзээд олон зүйлийг ухаарч ойлгоосой гэж хүсч байна. Ийм сайхан хамт олон, уран бүтээлийн баг, журмын нөхдийнхөө дэмжлэгээр энэ бүхний ард гарсан болохоор би элдэв хэл амнаас айхгүй байна. Яагаад гэвэл хэн нэгний эсрэг сөрөг Пи Ар хийгээд ч юмуу аль нэг намын үзэл суртлыг харуулах гээгүй. Зөвхөн энэ нийгэмд болж байгаа үйл явдал, хүмүүсийн амьдралын ээдрээтэй асуудлыг хөндсөн болохоор тэр.

-Магадгүй таныг киноны продюссерээр давхар ажилласан болохоор янз бүрийн асуудалтай холбож “хардах” хүн цөөнгүй байж болох юм?

-Би үнэтэй хаусанд амьдардаг, эрх мэдэлтэй том дарга биш. Гэхдээ өөрийнхөө олсон жаахан мөнгийг нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулахад харамсах юм алга. Нэгэнт л ард иргэдийнхээ төлөөлөл болно гэж сонгогдсон учраас тэдэнтэйгээ хамт байж, аль болох хэрэгтэй зүйл хийх ёстой. Тийм болохоор би энэ киноны продюссерээр ажилласандаа баяртай байгаа. Мөн хамтарч ажилласан авьяаслаг жүжигчид болон уран бүтээлийн баг, хэвлэл мэдээллийн байгууллага, Баянгол дүүргийн ЗДТГ-ын хамт олон, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гээд намайг дэмжиж тусалсан бүх хүнд баярлаж талархаснаа илэрхийлье. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээж, ажил үйлс тань үргэлж гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөе. Киноны найруулагчдаа “Дандаа ийм сайхан бүтээл хийж байгаарай” гэж хүсмээр байна. Тэр хүний мөнгө олохын төлөө бус хүнд хүрэх бүтээлүүдийн төлөө зүтгэж байгаа нь сайхан санагддаг. Та нар минь хийж чадна аа.

-Мэдээж хэрэг, кино хийхэд хөрөнгө мөнгө хамгийн чухал шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Ихийг хийж бүтээх гэсэн уран бүтээлчдэд маань тулгардаг хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгө. “Эргээд ашиг орлого олохгүй” гээд тэдэнд хэн ч санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй юм билээ. Ашиг олохын төлөө бус бусдад хэрэгтэй бүтээлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулах бизнесмэнүүд олон байгаасай гэсэн үүднээс би хичээж ажилласан.

-Байгаль гэдэг бүсгүйн дүр үнэхээр их онцлогтой. Ганцаардаж цөхөрсөн сэтгэлээ сая л нэг юм зөөллөж, хажуудаа түших ханьтай болох тэр мөчид томоохон сонголттой тулгардаг. Харин тэр үед хайртай хүнээ алдаж буй харууслын сэтгэлээ дийлж, бусдад элэг бүтэн амьдрах боломж өгч буй энэ дүрийг та муугүй гаргасан байна лээ?

-Би ч бас амьдралдаа алдаж оносон, хань ижлээсээ хагацаж салсан хүн. Амьдралын жаргал зовлонг өөрийн биеэр туулж үзсэний хувьд тухайн асуудлыг мэдэрч, илэрхийлэх тал дээр харьцангуй гайгүй байсан болов уу. Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь гээд л хамт тоглосон бүх хүмүүс надад тусалж, дүрийн маань онцлогийг ойлгуулж байсны ач гавьяа энэ байх. Киног маань үзсэн зарим хүн “Та өөрийнхөө амьдралаар хийсэн юмуу” гэж асууж байсан удаатай. Киноны маань зарим үйл явдал миний амьдралд тохиолдсон тодорхой хэсгүүдтэй адилхан л даа. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Залуу насандаа алдаж оносон, хань ижлээсээ салсан тухайгаа нууж гоё үлгэр ярих ямар хэрэгтэй гэж. Харин алдсан алдаагаа засч залруулан, бусдыг уучилж амьдарна гэдэг хүний хамгийн сайхан чанар гэж боддог. Амьдралд минь тохиолдож байсан хүндхэн асуудал энэ кинонд гардаг болохоор Байгалийн дүр надад илүү ойр байсан юм болов уу.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Хань маань одоо Батлан хамгаалахын яаманд ажилладаг. Манайх гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том охин маань Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин. Удаахь хүү маань оюутан, бага нь хоёрдугаар ангийн сурагч. Миний хувьд ар гэрийн амьдрал, ажил төрөл, үр хүүхэд гээд бүхий л асуудалд анхаарна. Хажуугаар нь намын сонгуульт ажил, НИТХ-ын ажил гээд л ард иргэдтэйгээ уулзах, арга хэмжээ зохион байгуулах зэргээр маш их ачаалалтай ажилладаг. Мөн миний хүндэлж, бахархаж явдаг хүн бол НХХЯ-ны сайд С.Эрдэнэ. Өнгөрсөн хавар Ардчилсан орнуудын чуулга уулзалт болох үеэр сайд маань нэг үг хэлсэн нь санаанаас ер гардаггүй. Олон жил хажууд нь ажиллахдаа тэр хүний мэдрэмж, эмэгтэйчүүдийн төлөө гэсэн сэтгэлийг огт ажиглаагүй байж. Сайд маань тэр үед “Эмэгтэй хүн хоёроос гурав дахин илүү хүч хөдөлмөр зарцуулж байж сая эрэгтэй хүний түвшинд зэрэгцэж, улс төрийн тавцанд гарч ирдэг юм” гэж хэлсэн. Үнэхээр үнэн үг шүү. Эмэгтэйчүүд маш олон шат дамжлага давж байж энэ бүхний ард гардаг. Энгийн жишээ авч үзэхэд, хүүхэд төрүүлээд хоёроос гурван жил гэртээ суух хэрэг гарна. Тэр бүх алдсан цаг хугацаагаа хэрхэн нөхөх вэ гэдэг чинь том асуудал байхгүй юу. Тиймээс би эмэгтэйчүүдээрээ үнэхээр их бахархдаг. Нэг удаа ажлын шаардлагаар Эрээн-Замын-үүд чиглэлийн вагонд суулаа. Тэгэхэд хүүхнүүд маань ачааны машин, вагон дүүрэн бараа ачуулаад гүйж явахтай олон таарсан. Жижиглэнгийн бараа таваар авч явж байгаа нь ч олон бий. Тэдний царайд шантарч гудайсан шинж огт байхгүй, зорьсондоо туйлбартай зүтгэж байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж билээ.

-Киногоо хөдөө орон нутгийн театруудад гаргах талаар төлөвлөсөн зүйл байна уу?

-Санаа бий. Саяхан манай кино Сүхбаатар аймгийн шинэ театрт гарч эхэлсэн. Хөдөө орон нутгийн үзэгчид маань илүү сонирхох болов уу гэж бодож байна. Энэ киноноос гэр бүлийн үнэ цэнэ, эерэг мессежийг олж аваасай гэж хүсдэг. Миний санаж явдаг нэг зүйл бол, үр хүүхдийн хүмүүжил. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болж өсч төлөвших нь гэр бүлийн орчноос маш их шалтгаалдаг. Тиймээс гэр бүл бат бэх байж, уламжлалт зан заншлыг эрхэмлэдэг байх хэрэгтэй болов уу. Гэтэл одоо насанд хүрээгүй багачууд аль дуртай интернэт кафе руугаа ороод янз бүрийн мэдээлэл, зураг сэлт үзэж сууна. Энэ бүхнийг хориглож, хязгаарлах боломж байдаггүй юмаа гэхэд ядаж гэр бүл дотроо зөв төлөвшил өгмөөр санагддаг. Манай ихэнх гэр бүл цөөхөн хүүхэдтэй, тэдэндээ хэт их анхаарал тавиад эрхлүүлдэг хандлага ажиглагдаж байгаа. Хүүхэд нь бусдыг хайрлаж хүндлэх сэтгэлгүй, ээж аавынхаа хөрөнгө мөнгөөр далайлгаж жирийн нэгнийг дарамтлах тохиолдол ч цөөнгүй гарч байна шүү дээ. Хааяа сонин сэтгүүл дээрээс иймэрхүү мэдээлэл олж үзээд сэтгэл эмзэглэж, харуусах юм. “Шинэчлэлийн” Засгийн газраас бодлого хэрэгжүүлж амаржсан эхийн хүүхдээ асарсан хугацааг ажилласан жилээр тооцох, цалин хөлсийг нь тодорхой хэмжээгээр тогтоож өгөх тал дээр анхаарч байгаа юм билээ. Шинэ он гараад гэр бүлийн хууль батлах гэж байгаа юм билээ. Ингэснээр хүмүүс гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдлыг илүү эрхэмлэдэг болох байх. Мөн 1990-ээд оны үед нийгмийн болон бусад байдлаас шалтгаалан ажлаасаа халагдсан хүмүүс тэтгэвэр тэтгэмж авахад ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас энэ асуудлыг  зохицуулж, тэдгээр хүмүүсийн ажилласан жилийг нэмэгдүүлэх арга хэмжээ явагдаж байгаа. Үүнээс гадна эмчилгээний зардал болон эмийн хөнгөлөлтийг хүртэл нэмэгдүүллээ. Охид залуус маань эцэг эхийнхээ мөнгийг үрэн таран хийж янз бүрийн сургууль төгсч байгаа ч тухайн мэргэжлийнхээ хэмжээнд хүртэл сурч чадахгүй хоцордог нь нууц биш. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй газруудыг судлаад үзэхээр өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажилд орох хүн олдохгүй байна. Гэтэл гудамжаар дүүрэн ажилгүйчүүд холхиод, гаднаас ажиллах хүч авчраад байдаг. Хүүхэд төрүүлээд ажилд орох гэсэн охид эмэгтэйчүүдийг нас, зүс заагаад ажилд авдаггүй. Энэ мэт янз бүрийн зааг ялгааг арилгаж, хүн бүрийг ажилтай орлоготой болгох тал дээр улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь үнэхээр нүдээ олсон алхам гэж боддог.

-“Голланд сарнай”-н нэгээхэн хэсэгт Оросын алдарт “Амьдрал нулимсанд дургүй” киноны  дуу эгшиглэдэг. Мөн уг кинонд гардаг зарим үг, өнгө аяс ч ойролцоо санагдсан. Таны үзэх дуртай кинонуудын нэг мөн үү?

-Тийм ээ, би энэ кинонд үнэхээр их хайртай. Оросын хуучны кинонуудыг үзэх их дуртай шүү. Анх энэ киноны зохиол “Улаанбаатар нулимсанд дургүй” гэсэн утга санаагаар орж ирсэн шүү дээ. Тэгэхэд нь би хэтэрхий хуулбар маягийн бүтээл болчихно гээд аль болох хүмүүст хүрэх талаас нь бодолцож, орчин цагийн өнгө аяст тохируулж хийхийг санал болгосон. Сүүлийн хэдэн жил манайд ямар олон кино хийгдсэн юм бэ. Бүр найруулагчийнхаа ямар кинонд тоглож, хэдэн кино найруулсныг ч мэдээгүй явж. Саяхан эмнэлэгт хэвтэж байхдаа “Миний муу аав” киног нь үзэж, тоглосон жүжигчдээр нь бахархсан. С.Баттулга найруулагч өмнө нь дандаа охид залуусын хайр дурлалын сэдэвтэй кино хийдэг байсан юм билээ. “Голланд сарнай” түүний хувьд шинэ бүтээл болсон байх. Би тэр үед шинээр гарч байгаа кинонуудыг боломж гарвал үзэж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Киноныхоо нээлтэнд НХХЯ болон ССАЖЯ-ны сайдуудаа урьж авчирсан нь ч үүнтэй холбоотой. Манай улстөрчид киног маань үзээд “Сүүлийн арван жил кинотеатрт орж үзээгүй юм байна. Театрууд маань ямар гоё болоо вэ” гэж байсан. Тэгэхээр улстөрч, бизнесмэнүүдээ энэ бүхэнд татан оролцуулж, уран бүтээлээ дэмжүүлэх бололцоо зөндөө байна шүү дээ. Манайд одоо 35-аас дээш насныханд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бараг алга. Ресторан юмуу Pub-т сууж, худлаа ярьж пиво уухаас хэтрэхгүй. Яахав хааяа нэг караоке орно, тэр болгон нь ховор шүү дээ. Амьдралын нэгэн хэвийн зурагтай болчихоор гэнэт тэрийг өөрчилмөөр санагдаж, алдаж онодог ч байж болох талтай. Ёстой л нөгөө кинонд маань гардаг шиг “Кофе ууж амьдралыг өнгөтөөр хармаар юм байна даа”  гэгчээр өөрчлөлт рүү тэмүүлж байгаа. Бид амьдралаа үргэлж гэрэл гэгээтэй байлгаж, амттай бас өнгөтэй болгож чадна шүү дээ. Хамгийн гол нь бие биеэ  хайрлаж, урам өгч байх ёстой. Цөөхөн хэдэн Монголчууд маань бие биеэ хайрлахгүй юм бол тэр Хятад, Америк, Оросууд биднийг хайрлана гэж үү. Бусдын хийж бүтээснийг шүүмжилж, гутаан доромжлохыг урьтал болгохын оронд өөрсдийгөө тэр бүхэнтэй харьцуулаад үз. “Би энэ хүмүүсийн хийсэн зүйлийг хийж чадах уу, үгүй юу” гэж байнга бодох ёстой. “Хэдэн хөгшин баагийнууд нийлээд кино хийчихсэн байна лээ” гэж биднийг шүүмжлэх хэрэггүй. Би киногоо үзэж суухдаа л Жагааг уйлсныг мэдсэн шүү. Зураг авалтын үеэр цагаа ягштал баримталж, дараагийнхаа ажлуудыг төлөвлөдөг их хөдөлмөрч залуу байна лээ. Ж.Оюундарь л гэхэд Б.Жаргалсайхантай уулзаад уйлдаг хэсгийн зургийг дөрөв таван удаа авсан гэдэг. Тэр болгонд жүжигчин маань ямар ч түүртэх зүйлгүй тоглосныг уран бүтээлчид бахархаж ярьж байхыг сонссон. Тэд нартайгаа их сайхан найзууд болсон доо. Х.Батбаатар, Г.Золбоот  хоёрын хувьд уран бүтээлийн ид оргил үедээ нэг жилд 17-20 кинонд тоглож байсан түүхтэй юм билээ. Хийсэн юмтай, хэлэх үгтэй энэ алдартнуудаа ерөөсөө муу хэлж болохгүй. Бусдыг муучилж, гоочлоод байгаа тэр залуус ч гэсэн байгалийн жамаар хөгширч, тэдний насан дээр очно шүү дээ. Тэрний оронд өөрсдийгөө хөгжүүлж, нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Би санхүү, эдийн засгийн  техникумыг төгссөн. Оюутан байхдаа анх “Улаан сарнай” хамтлагийг байгуулж, бүжгээ өөрөө дэглээд явж байсан хүн. Хичээл ном, бүжгийн тэмцээн гээд л оюутан байхдаа тийм их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байсан хэрэг. Амьдралын минь тэр хэмнэл одоо ч хэвээрээ. “Голланд сарнай” киногоо дэлгэцэнд гаргаад сайн муугаар хэлүүлсэн ч гэлээ, би  амьдралдаа сайхан дурсамж үлдээж, сайн хамт олон, найз нөхөдтэй боллоо. Саяхан манай киноныхон маань их гоё зургийн альбом хийж өгсөн. Орж гарсан хүн болгонд л сонирхуулаад сууж байна даа.(инээв)

Ярилцсан Р.МӨНГӨН


URL:

Сэтгэгдэл бичих