Монголын мал сүргийн тоог 200 саяд хүргэх гэж хөгөө чирсэн нь

Монголын сүлд ямар байхыг И.Сталин зөвлөсөн нь
Монголын мал сүргийн тоо толгойг 200 саяд хүргэх тухай яриа чухам хэдийнээс эхэлсэн талаар хэдэн баримт дурдъя. 1940 оны нэгдүгээр сарын гуравны өдрийн оройн 20 цагт И.Сталин, В.Молотов, К.Ворошилов, Л.Берия, В.Деканозов нар Чойбалсанг Кремлийн ордонд урьж Монголын байдлыг товч ярилцаад Зөвлөлтөөс Монголд үзүүлэх тусламжийн тухай эцсийн хариу өгчээ.
Ярилцлагын агуулгыг Чойбалсангийн хувийн тэмдэглэлийг баримтлан өгүүлбэл, БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн талаар яриа болоход Сталин шинэ сүлдийн төслийг үзээд, Монгол Улс газар тариалангийн орон биш, тариа их тарьдаггүй байж юунд ийм сүлдтэй байх вэ, ер таарахгүй. Монгол Улс бол мал аж ахуйн орон.
Мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй. Түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино гэжээ. Үүнээс уламжлан ярианы сэдэв Монголын мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойг өсгөх асуудалд шилжжээ. И.Сталин, дэлхий дээр тийм тийм орнууд мал их өсгөдөг.
Манай улсад ч мал өсгөдөг, мал аж ахуйтай бүгд найрамдах улсууд бий. Танайх малаа 200 сая болтол өсгөх хэрэгтэй. Сайн угсааны малыг бага багаар нь авч монгол малтай цус холилдуулан угсааг сайжруулж, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Худаг олноор гаргах нь туйлын чухал. Малыг зудаас хамгаалж үхүүлэхгүйн тулд өвсний станцуудыг жижиглэж мориор өвс хадах хөнгөн маягийн станц олныг байгуулах хэрэгтэй гэж зөвлөжээ.
И.Сталин: Чи засгийн газар, гадаад яам хоёроос хэрхэвч салж болохгүй
И.Сталины өгсөн зөвлөгөөний хоёр дахь хэсэг нь МАХН ба БНМАУ-ын Засгийн газраас ардын аж ахуйтны талаар баримтлах бодлогод хамаарагджээ. Малыг улсад албан журмаар нийлүүлэх, ардын ердийн хөсгийг улсын тээвэрт дайчлан, ардын аж ахуйтанд албан татвар ногдуулах зарчмын асуудлаар Чойбалсангийн тавьсан саналтай холбогдуулан И.Сталин хэлэхдээ “Хөрөнгөтний ардчиллыг (буржуазная демократия) хумьж хязгаарлах хэрэггүй.
Албан татварыг ардын аж ахуйтны болон ядуу чинээлэг ба ядуу дундын хэр хэмжээнд нь тохируулан өсгөн нэмэгдүүлэх зарчмаар харилцан адилгүй ногдуулах, ардын ердийн хөлсийг цэргийн чухал тээврээс бусад тээвэрт дайчлахгүй байх, малыг улсад албан журмаар бэлтгэх тохиолдолд зохих үнийг ардуудад төлж байх хэрэгтэй.
Хөдөөгийн хоршооллын тухайд хэрэв ардууд үнэхээр сайн дураар эвлэлдэж байгаа бол сайн хэрэг. Харин түүнийг хэтрүүлж, хамаагүй нугалж болохгүй” гэж зөвлөжээ. Чойбалсан “Би мэдлэг чадвар багатай учир олон давхар ажил хариуцаж алинд ч хүрэхгүй хэцүү байгаа” гэхэд Сталин инээмсэглэн ,”Чи харахгүй юу. Нөхөр Молотов давхар ажил хариуцаад сэтгэл хангалуун байдаг шүү” гэж хошигноод,
“Чи Засгийн газар, гадаад яам хоёроос хэрхэвч салж болохгүй. Харин залуу хүмүүс, залуучуудын эвлэлийн гишүүдээс хайр найргүй дэвшүүлж ажиллуулах хэрэгтэй. Тэднээс баттай таарч тэнцэх хүнийг олсны хойно цэргийн хэрэг бусад яамнаас чамайг салгаж сая болно. Өөрөөр ярихгүй.” гэжээ.
Ярицлагын төгсгөлд Чойбалсан “Манай улсын сүлдэд Чингис хааны тугийн дүрсийг оруулж болох уу” гэж асуусанд Сталин “Болно хамаагүй. Урьд цагт адууны дэл сүүлээр ч цэргийн туг манжлага хийж явсан түүх байдаг юм” гэжээ.
Түүнийг Лениний одонгоор шагнав
Уулзалт ярилцлага дуусаад тэндээс шууд Кремль дэх Молотовын гэрт хоол идэхээр очицгоожээ. Дайллага дээр дурдсан хүмүүсээс гадна Зөвлөлтийн талаас А.Микоян, ЗХУ-аас Монгол улсад суугаа Элчин И.Иванов, Монголын талаас ЗХУ-д суугаа Монголын элчин Ж.Самбуу, Ю.Цэдэнбал болон Чойбалсаныг дагалдагчид цөм байлцжээ.
Дайллага дээр бие биесийн ажлын амжилт, эрүүл мэнд, сайн сайхны төлөө ерөөл тавьцгааж харилцан хундага тулгах дашрамд Молотов, Ворошилов нар Монголын малыг 200 сая болтол өсгөж хөгжүүлэх хэрэгтэй гэсэн Сталины зөвлөгөөг заавал биелүүлэхийг дахин давтан сануулж байжээ.
Мөн оны нэгдүгээр сарын есний үдээс хойш К.Ворошилов, Чойбалсанг дуудаж түүнийг Лениний одонгоор шагнасныг мэдэгдээд “Уг нь ёс журмын дагуу энэ шагналыг ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл дээр очиж хүлээн авбал зохих боловч одоогийн олон улсын байдлаас шалтгаалан хэвлэлд илэрхий тавьж болохгүй тул хүлээлгэж өгөхийг над даалгасан юм.
Та бол манай улсад их гавьяа бүхий хүний нэг. Лениний одон бол манай улсын хамгийн дээд шагнал мөн” гэж хэлээд уг одонг ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн зарлиг, үнэмлэхийн хамт гардуулжээ. Мөн өдрийн шөнийн нэг цагт И.Сталин утасдаж “Танайхан малын үс ноосыг бүрэн авахад ихээхэн чармайлт гаргах хэрэгтэй байна.
Манай цэргийн хэрэгцээнд ноос их шаардлагатай байгаа юм” гэсэнд Чойбалсан “Бид үүнийг гүйцэтгэнэ” гэж хариулсан байна. Дараа нь Сталин “Таныг Лениний одонгоор шагнуулсан явдалд баяр хүргэе. За, замдаа сайн яваарай. Баяртай” гэжээ.
Би “Баярлалаа” гэхээс өөр үг хэлж чадсангүй, баярласандаа болоод бахардсан юм уу, яасан юм бүү мэд. Хоёр нүдэнд нулимс бүрхээд бүх бие хөлөрч, чичрэх шиг болж билээ” хэмээн Чойбалсан тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ.
40 мянган тонн ноос бэлтгэхэээр амласан нь
Маргааш нь өөрийгөө Лениний одонгоор шагнасанд Сталин, Молотов, Ворошилов нарт талархлын бичиг үйлдээд Ворошиловт өгчээ. Мөн өдрийн шөнө Чойбалсан нар Москвагаас галт тэргээр буцахаар хөдлөв. Ю.Цэдэнбалын хожим дурсаж ярьснаар “Вагонд суугаад байтал Молотов нэг зурвас авчирч Чойбалсанд өгсөн.
Задалж үзээд “Чи хариу бич” гээд надад шилжүүлэв. Би үзээд “Энэ асуудлыг бид шийдвэрлэе” гэсэн утгатай зүйл бичсэнд маршал үзээд гарын үсгээ зурж буцаан өгсөн. Зурвасыг орчуулан сийрүүлбэл, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдагч, Монголын Ардын армийн Ерөнхий командлагч нөхөр Чойбалсанд” Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар, 1940 онд 30 мянган тонн хонины ноос, найман мянган тонн тэмээний ноос бас ямааны ноос ба ноолуур тус бур нэг мянган тонныг бэлтгэж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад худалдахыг нөхөр Чойбалсан танаас хүсье.
Хэрэв БНМАУ-ын Засгийн газар манай хүсэлтийг ханган биелүүлж чадах аваас Зөвлөлт Засгийн газар өөрийн зүгээс БНМАУ-д тусламж үзүүлэх тухай таны захиасыг хангах бүхий л арга хэмжээг авах бололцоотой болно. Сталин, Молотов 1940 оны нэгдүгээр сарын 8″ гэжээ.
Үүнд Ю.Цэдэнбалын бичсэн хариу нь: 
-”Ард түмний аугаа их удирдагч нөхөр Сталин ба Зөвлөлт Улсын Засгийн газрын тэргүүн нөхөр Молотов нар танаа 1940 оны нэгдүгээр сарын наймны өдөр таны бичсэн захидлыг хүлээн авсныг батлан мэдэгдэхийн хамт 1940 онд 40 тянган тонн ноос бэлтгэн СССР улсад худалдана уу гэсэн Зөвлөлт Нийгэм Журамт Холбоот Улсын Засгийн газрын хүсэлтийг биелүүлэх талаар БНМАУ-ын Засгийн газраар дамжуулан бүхий л арга хэмжээ авахыг мэдэгдэе. Чойбалсан. 1940 оны нэг сарын еснөө” гэжээ.
Сталины зөвлөгөөг намын эдийн засгийн бодлого болгон дэвшүүлэв
Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид 1940 оны эхээр Монголд буцаж ирмэгцээ Монголын малыг 200 сая толгойд хүргэж өсгөх боломжийг судлах үүргийг Шинжлэх ухааны хүрээлэн, Мал аж ахуйн яам зэрэг газарт өгчээ. Тэд урьдчилан гаргасан судалгаагаар малын тоог 1945 онд 50 сая, 1953 онд 200 сая болгох бололцоотой хэмээн үзсэн байна.
Түүнийг үндэслэн намын X их хурлын илтгэлд Чойбалсан тус улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг мал аж ахуйтай холбон үзэж, малын тоо толгойг өсгөх явдлыг бүх ард түмний тэргүүн зорилго болгон тавихдаа, Монголын малыг 26 саяас 200 саяд хүргэх тухай Сталины зөвлөгөөг намын эдийн засгийн бодлого болгон дэвшүүлж практик үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн байна.
Ю.Цэдэнбалын дуртгалаас үзвэл, “1939 оны сүүлчээр И.Сталин Чойбалсантай уулзахдаа Монголын малын тоог сонирхон асуужээ. Чойбалсан 26 сая малтай гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэгэхэд Сталин 26 сая байтугай 200 сая ч байж болох юм гэж хэлсэн нь бараг сайн сайхны ерөөлийн чанартай байсан болов уу гэж боддог.
Тахин шүтэлтийн үед түүнийг яг тэр чигээр нь даруй гүйцэтгэх албан ёсны чиглэл мэтээр ойлгосон тал байсан юм” гэжээ. 1953 онд биелүүлэхээр манайхны тооцолсон тэр зорилго үл гүйцэлдэх нь анхнаасаа тодорхой байсан боловч Чойбалсан насан эцэс хүртэл түүнээс татгалзаагүй байв.
Тэрээр МАХН-ын 1950 оны нэгдүгээр сарын бүгд хурал дээр “Мал аж ахуйг 1949 онд хөгжүүлсэн дүн ба 1950 онд тавих зорилтын тухай” тавьсан илтгэлдээ “Бид малаа 200 сая хүртэл өсгөх зорилтыг тавьсан юм.
Энэ зорилтыг тийм богинохон хугацааны дотор гүйцэтгэж болохгүй юм гэдгийг та нар мэдэж байна. Их Сталин… малынхаа тоог 50 сая хүртэл өсгөх явдлыг ойрын зорилго болгож тавихыг бидэнд зөвлөсөн. Энэ зорилтыг гүйцэтгэхэд арав ба хориос доошгүй жил хэрэглэгдэнэ” гэжээ.
Ноос нийлүүлэх хууль гаргав
Түүнчлэн Чойбалсан Сталин, Молотов нарын хүсэлтийг биелүүлэхийн тулд ЗХУ-аас буцаж ирснийхээ дараа мөн оны хавраас “Ноос бол алт” хэмээх уриан дор ноос ноолуур цуглуулах өргөн кампанит ажлыг орон даяар зохион явуулжээ. Монголд урьд ийм их хэмжээний ноос бэлтгэх ажил явагдаж байсангүй.
1940 онд дөнгөж 20 гаруй тонныг арайхийж бэлтгэсэн нь зөвлөлтийн удирдагч нарын хүссэн хэмжээний дөнгөж тал нь байлаа. Ардуудтай гэрээ байгуулах хуучин аргаар тус улсын гадаад дотоод хэрэгцээнд шаардагдах хэмжээний ноос бэлтгэж чадахгүй нь илэрхий болов.
Иймээс 1941 онд ядуу аж ахуйг эс оролцуулан, бусад бүх ардын аж ахуйтанд тогтоосон хэмжээний ноосыг тодорхой үнээр улсад заавал нийлүүлэх хууль гаргажээ. Энэ бол малчин ардуудаас мал аж ахуйн үндсэн бүтээгдэхүүнийг улсад албан журмаар бэлтгэн нийлүүлэх журмын анхных нь болсон юм.
Гэвч 1941 онд дөнгөж 24.6 мянган тонн ноос ноолуур бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл жилд 40 мянган тонн ноос бэлтгэх нь улсын тэр үеийн бололцооноос давсан хэмжээ болох нь илэрхий болжээ.
Ш.Батцогт 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих