Улсын наадам үзэх хувь дутсан ”Зэрлэг цэцэгс”-ийн амьдрал юу өгүүлэв
Амьд явбал улсын наадам үздэг л юм байна гэж олзуурхан ярих хэн нэгэнтэй та таарч л явсан биз дээ. Гэтэл тэртээх он жилүүдэд амьд хүнд хүртэл улсын наадам үзэх эрх хаалттай байж. 1981 он, БНМАУ төрийнхөө их баяр наадмыг хийх болж, гадна дотноос төлөөлөгчид ирэх болоход нийгмээс гадуурхагдсан хүмүүс “цөлөгдөхөд” хүрнэ. Нэг үгээр хэлбэл, архичин, гудамжны танхай, хулгайч, биеэ үнэлэгч гээд эрх чөлөөт нийгмээс элэгдэж, адлагдсан тэр хэсэг хүнийг хаа сайгүй тараах болно. Энэ үеэр гадна, дотнын томчуудад биеэ үнэлдэг “долларын хүүхэн” Яргуй, халаасны хулгайч гэх товчхон намтартай Жоохноо, архинд донтсон Цоогий, амьдрал нь бүтэлгүйтэж, эр нөхөртөө хууртсан Саарлаа гэх дөрвөн бүсгүйн ээдрээт хувь тавилан хөдөөх тосгоны нэгэн байшинд зангилагдана. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино эхэлж буй нь. Хэдэн сарын турш хүлээлт үүсгэн байж, олны хүртээл болсон уг кино өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийлээ.
Энэхүү киноны гол дүрийг МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нар бүтээсэн юм. “Хувьсал” продакшнд хүч нэмснээр хийсэн тэдний анхны уран бүтээлийн нээлтэд ССАЖЯ- ны сайд Ц.Оюунгэрэл хүрэлцэн ирж, СТА цолоор хүч нэмсэн юм. Түүний шагналын эзнээр “Хэцүү анги” дэлгэцийн олон ангит бүтээлийн Зулаагийн дүрээр олны танил болсон жүжигчин А.Ганчимэг тодорсон нь олны сайшаалыг ихэд хүлээж байгаа харагдсан. Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаасан А.Ганчимэг нь “Хэцүү анги”, “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Амьдралын амт”, “Нэг хоёрын гурав аа” зэрэг дэлгэцийн олон кинонд тоглосон бөгөөд өнгөрсөн жил театрын тайзнаа амилсан “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрийг бүтээсэн чадварлаг, залуу уран бүтээлч юм.
Тэрбээр энэ удаад “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зургийн даргаар ажилласан бөгөөд гол дүрүүдийн нэг халаасны хулгайч Жоохноогийн дүрийг дэлгэцнээ амилуулсан юм. УДЭТ-ын сор болсон гурван бүсгүй өрх тусгаарлаж, “Хувьсал” продакшнд харьяалагдах болсноо зарласан нь саяхан. Ийнхүү өрх тусгаарласнаар бие даан хийсэн тэдний анхны уран бүтээл нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцийн бүтээл болж байгаа юм. У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг хэмээх чадварлаг гурван бүсгүйн нэгдэж, хийсэн анхны уран бүтээл үзэгчдийн талархлыг эрхгүй хүлээж буйг кино үзсэн үзэгчид нулимсаа тэвчиж ядан асгаруулах тэрхэн агшнаас харж болно. Жоохноо, Саарлаа, Яргуй, Цоогий нар хэдийгээр хэцүү нэртүүд хэмээж нийгмээс гадуурхагдсан ч хүн хэмээх нэгэн алдар дор нэгдэж буй нь энэ. Тэр дундаа хэцүү бэрхийг туулсан ч хүн чанараа гээгээгүй бүсгүйн зөөлөн зан нь ямар ч үед тэднийг үл орхисныг эл киноноос харж болно.
Гурван бүсгүй өөр өөрийн замаар замнасаар хаалттай нийгмийн хатуу ширүүн бүхнийг биеэр амсч, сэтгэлээр эдэлсэн нь бэлхнээ харагдана. Товчхон хэлэхэд, хаалттай нийгмийн хаалганы цаана үйл явдал хэрхэн өрнөдөг байсныг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноноос тольдож болно.
Өдгөө мартагдсан он жилүүдийн тэртээх үйл явдал энэ кинонд өрнөх ч эгээ л тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь кино баг хийгээд гол дүрүүдийн ур чадварыг бэлхнээ илтгэнэ. Тэр бүү хэл, кинонд өр өвтгөм эмзэг нарийн зураг авалтууд ч олон хийгдсэн нь харагдах. “Бүтэн 20 жилийн турш тайзны бүтээлд хүч үзсэн хүн дэлгэцийн бүтээлд тоглоно гэдэг амаргүй даваа байлаа” хэмээн МУГЖ У.Уранчимэг киноны нээлтийн үеэр өгүүлж байсан.
Тэгвэл Зөвлөлтөд дээд боловсрол эзэмшихээр алсад одоод их ухаан, м эдлэгийнхээ балгаар олны хараанд өртөж, мэдлэгийг нь ашиглах гэсэн олны өгсөн бор дарсанд хэт шунаснаар “архичин” хэмээх алдрыг нэгэнт олсон бүсгүй эх нутагтаа ирсэн ч ээждээ очиж үл зүрхэлнэ. Тийн ээжийгээ холоос харж явах зуур охиноо хүлээж, бэтгэрсэн ээж нүд аньж буй агшинд урлаг гэгч ямар хүчтэй, түүнийг амилуулж буй жүжигчний чадвар хэчнээн агууг тэрхэн агшинд МУГЖ У.Уранчимэг жинхэнэ утгаар нь харуулна. Турж эцсэн биед нь томдож, халтартсан нимгэн цув, сэгсийж арзайсан үсэнд нь гоёдсон гэмээр бүрх малгайгаа базаж, тэсэхүйеэ бэрхээр цурхиран унах бүсгүйн арга ядсан төрхийг түүнээс өөр хэн ч амилуулж үл чадах шиг санагдах. Зэрлэг цэцэгсийн хүлэмж дэх зэрлэг төрх гагц түүнийх ч гэлээ У.Урнаагийнх лугаа “зэрлэг” жүжиглэлтийг бусдаасаа тэр нэхэх шиг. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр түүнтэй хамтран тоглосон уран бүтээлчид ч мөн чамгүй ажиллаж, өөр өөрсдийн дүрээ тун ч чадварлаг бүтээсэн нь киноны үйл явцаас харагдана. Халаасны хулгайч Жоохноод эрхгүй сэтгэл алдарсан сэргийлэгч залуу Бат-Эрдэнэ, их сургуульд дээд боловсрол эзэмшиж байхдаа бурангуй үзэлтэн хэмээн адлагдаж, сэтгэцийн эмгэгтэй хэмээн цоллуулах болсон эрдэмтэн залуу Чингис, “зэрлэг”-үүдийг орогнуулан, тэжээж буй Гал сөнөөгч хочит Зэвгээ гээд энэхүү бүтээлийг амилууахад хувь нэмрээ оруулсан туслах дүрүүдийн чадварыг энд дурдалгүй өнгөрч болохгүй.
Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн кино театруудын суудлыг битүү дүүргэж буй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн зохиолыг СТА, алаг нүдэн жүжигчин Д.Ганцэцэг бичжээ. Мөн л тайзны уран бүтээлд тухайлан ажиллаж, УДЭТ-аас ажлын гараагаа эхэлж байсан чадварлаг уран бүтээлч тэрбээр энэ удаад “Хувьсал” продакшнд харьяалагдах болсноор анхныхаа кино зохиолыг бичиж буй нь энэ. Мөн тэрбээр Саарлаа гэх биеэ үнэлэгчид “зардаг”, танхай хүүхний дүрийг маш чадварлагаар бүтээсэн юм. Ийнхүү драмын театрын сор болсон залуу уран бүтээлч “Хувьсал” хийж байна. Эрхэм та тухлан саатаарай.
М.ӨНӨРЖАРГАЛ
URL: