Өдрийн 50 мянган ам.долларын орлогыг мэргэжлийн хяналтынхан боомилжээ
ҮХАА-н сайд Х.Баттулга Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэртэй танилцлаа.
2010 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн энэ үйлдвэр 10 сая ам.доллараар сүндэрлэж.
“Хаан” банкнаас арилжааны зээл авч бүтээн байгуулсан 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани.
216 мянган тонныг баяжуулж, 150 мянган тонн төмрийн хүдрийг экспортлох хүчин чадалтай. 2016 он гэхэд жилдээ 1.5 сая тонн төмрийн хүдэр экспортлох төлөвлөгөөтэй. 65-69 хувийн агууламжтай төмрийн хүдрийг экспортод 95-105 ам.доллараар гаргадаг.
Өвлийн улиралд -45 хэм хүрч хүйтэрсэн нөхцөлд ч ажиллах боломжтой үйлдвэр барьжээ.
Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт 50-60 монгол ажилчин ажилладаг. Бүтээгдэхүүнийхээ уутыг урд хөршөөс авдаг байснаа сүүлийн үед Дархандаа оёж эхэлжээ. Зөвхөн оёдлын үйлдвэрүүд гэхэд л 150 хүнийг ажлын байраар хангаж.
Жилдээ 1-3 тонн ус ашигладаг ч 90 хувийг нь саарал ус болгон эргүүлэн үйлдвэрлэлд ашиглах боломж бүхий ус цэвэршүүлэх барилга байгууламжийг ч барьж. Гэтэл үйлдвэрийн үйл ажиллагааг динамик төвшин доошилж, усны хомсдол үүсч болзошгүй гэсэн шалтгаанаар мэргэжлийн хяналтаас хааж орхисон учраас үйлдвэр түр хугацаагаар зогссон байлаа.
Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн захирал Т.Батцэнгэл “Байгуулагдсан цагаасаа хойш л байн, байн ямар нэгэн шалтгаанаар хаагдчихдаг. Бид усаа эргэж үйлдвэртээ ашиглаж байна. Ядаж Байгаль орчны яамны үнэлт дүгнэлт гэсэн албан бичгэнд тулгуурлаж хаамаар юм. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт багасч, валютын ханш яаж нэмэгдэж байгаа билээ. Гэтэл өдрийн 50 мянган ам.долларын орлого орж ирдэг валютын эх үүсвэрүүдийг ингээд хаагаад байхаар яаж улс орон хөгжих юм. Бид банкнаас зээл авч 100 хувь монголчуудын босгосон үйлдвэр гэдгээрээ бахархдаг ч ийм дарам шахалт их байна” гэв.
У.Бадам
URL: