Шил архины төлөө Баянхошуунаас Хайлааст руу
-Төрийн цагдааг “бацаан минь чиний эрх мэдэл хүрэхгүй” гэж даапаалжээ-
Манай сурвалжлах хэсэг Нийслэлийн цагдаагийн газрын Согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагчидтай хамтран их хотод шөнийн цагаар цэцэглэдэг хууль бус архины наймааг сурвалжилсан юм.
Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдэд энэ үеэр гэнэтийн шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоохыг анхааруулсан. Бид Нийслэлийн цагдаагийн газрын үүдэнд цуглаж, үдшийн 23.00 цагийн үед хөдөллөө. 01.00 цаг Б аасан гараг бол ажлын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр. Тиймээс ч иргэд найз, нөхөд хамт олноороо “баасан ах”-ын төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Мэдээж архигүйгээр төрсөн өдөр тэмдэглэнэ гэж юу байх вэ. Тиймээс ч архины эрэлд гарна. Хуульд шөнийн 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар заасан байдаг. Энэ заалт шөнийн цэнгээний газар, найман нэрийн барааны хүнсний дэлгүүр, караоке, пабад аль алинд нь хамаатай. Харин бидний зорилго бол архи, согтууруулах ундаа зарж борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд. Тиймээс ч иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийг зорьсон юм. Энэ дүүрэгт шөнийн цагаар архи зарж борлуулдагаараа хэдийнэ “олны танил” болсон хэд, хэдэн дэлгүүр, супермаркет бий.
Бидний хамгийн эхэнд очсон газар бол 25 дугаар эмийн сангийн буудлын ард байрлах “Тэмүүлэл”супермаркет. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд шалгалтаар очиход эднийх мөн л архи худалдаалж байсан юм. Архи зарахыг хориглосон өдөр согтууруулах ундаагаар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж байхтай нь сурвалжлах хэсэг таарч байсан билээ. Энэ удаад ч мөн шөнийн 00.00 цаг өнгөрсөн байхад архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан юм.
Тус супермаркет шөнийн цагаар архи, пиво зардгаараа алдартай учраас хол, ойроос хүмүүс их зорьж ирдэг аж. Шөнийн 01.30 цагийн орчимд уг дэлгүүрийн гадна дүүрэн хүнтэй байх бөгөөд төмөр сараалжин хаалганы наана цаанаас наймаагаа явуулдаг байна. Биднийг дөхөж очих үед нэг хүн архины үнэ асуухад “Экс 0.75-тай нь 14 мянган төгрөг” гэв. Худалдагч залуу ч архи авахаар ирсэн олон хүнд хандан “Нэг нэгээрээ мөнгөө өгөөд аваарай” хэмээн хэлж байлаа. Харин нэг нь дэлгүүрээсээ захисан архийг нь зөөж өгч байсан. Байнга очиж шалгалт хийдэг цагдаагийн алба хаагчийг таньсан уг дэлгүүрийн худалдагч залуу ч хаалгаа хурдхан хааж, цааш гүйн ороод дахин гарч ирсэнгүй.
Цагдаа нар хаалгыг нь удтал нүдсэний эцэст худалдагч залуу тайлсан бөгөөд лангуун дээрх архиа хэдийнэ хурааж амжжээ. Өмнө нь шөнийн цагаар архи зарж байгаад баригдаж, лангуун дээрх архиа хураалгаж байсан байна. Тэдэнд хориотой өдөр архи зарсныг нь сануулаад, маргааш нь хариуцлага тооцохоор болоод цааш явлаа. 02.00 цаг Б аянгол дүүрэгт архи зардагаараа алдартай бас нэгэн дэлгүүр бий. Дунд сургуулийн сурагчдаас эхлээд бүгд л энэ дэлгүүрийг архи зардагийг мэддэг гэнэ. Энэ бол “Таац” супермаркет. Гэхдээ энэ шөнө тэд архи зараагүй байсан юм. Харин “Таац”-ын үүдэнд архичид, шагчид цугладаг ажээ. Архи зардагийг нь мэддэг болохоор архичид, шагчид ихэр цугладаг байна.
Тэр ч бүү хэл шагийн архины бизнес таксинд шилжсэн тухай яриа ч энэ үеэр чих дэлсээд авлаа. Шөнийн цагаар архи зардаг дэлгүүрүүдтэй хаяа нэгдэн зогсох хууль бус наймаачид бол шагчид. Тухайлбал, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр машинтай хэдэн залуус байнга шахам зогсоно. Тэдэн дээр архи хайсан халамцуу хүмүүс такси хөлөглөн ирж, архи, пиво худалдан авах нь элбэг. Манай шалгалтын хэсэг тус газарт очмогц “Цагдаа ирж байна” хэмээн хоорондоо дуу дуугаа авалцаад, ор мөргүй зугтацгаав.
Хаанаас, хэн нь ч хэлдэг юм, бүү мэд. Учрыг нь тодруулахад нийслэлд шаг зардаг залуус хоорондоо нарийн зохион байгуулалттай болчихсон, хаанаас, хэзээ цагдаа ирж шалгалт хийхийг анддаггүй гэнэ. Хэдийгээр бидэнтэй явсан цагдаагийн алба хаагчид энгийн хувцастай, энгийн машинтай байсан ч энэ нь тус болсонгүй. Хэсэг ажиглалт хийж байтал нэгэн залуу “Надад архи байгаа шүү” гээд өөрөө хүрээд ирлээ.
Машин болгон дээр очиж архи авах эсэхийг нь сурж яваад зардаг бас л нэг шагчин. Ямар архи байгааг нь асуухад “Экс” л байна. Өөр архи бараг зардаггүй юм. Хүмүүс ч үүнийг авдаг ш дээ” гэлээ. Өөр юу байгааг сонирхоход “Нийслэл”, “Сэнгүр” шар айраг болон “Парламент” тамхи байгаагаа хэллээ. Архи 20 мянга, шар айраг 2500 төгрөг, харин тамхи 4000 төгрөгийн ханштай байдаг юм байна. Шалгалт хийж явсан цагдаа нар дээр өөрөө гүйгээд ирсэндээ бантсан өнөөх шагчин аргаа барахдаа “Мөнгө хэрэгтэй болоод эгчийнхээ хуримнаас илүү гарсан архийг нь зарж байна” хэмээн худлаа ярьсан ч цагдаагийн алба хаагчийн асуултад унаж, байнга зардаг гэдгээ хүлээсэн юм.
Тэд “Барс” захад байрлах “АПУ ”-гийн бөөний төвөөс архиа хямд үнээр худалдаж аваад шөнийн цагаар дэлгүүрийн өмнө зогсч шагладаг гэнэ. Чамгүй ашигтай энэ бизнесийг хийгчид хоорондоо харилцаа холбоотой ажиллаж, бараг л сүлжээ болтлоо арга нь нарийсчээ. Харин цагдаа нар 50 шагчийг 50 мянган төгрөгөөр торголоо. 03.00 цаг Эндээс хөдлөөд бид Чингэлтэй дүүргийг зорилоо. Учир нь энд шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зарж, архичдыг өөгшүүлсэн хэд, хэдэн дэлгүүр бий. Ялангуяа Хайлаастад хоёр ч дэлгүүр байдаг аж.
Эхний очсон дэлгүүр бол “Хулж” минимаркет. Шөнийн 02.00 цаг хэдийнэ өнгөрсөн атал тус минимаркет архи худалдаалж байв. Тус дэлгүүрийн эзэн нь н.Баттөр гэж хөгшин байдаг аж. Хоёр давхар улаан тоосгон байшингийн доод давхрыг нь минимаркет болгосон энэ айлын хувьд цагдаа нар сонин биш гэнэ. Тэд хэсгийн байцаагчтайгаа тоож ч харьцдаггүй аж. Хэчнээн архийг нь хураасан ч 250 мянган төгрөгөөр торгуулаад л үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг байна. Энэ тухай тус хорооны хэсгийн байцаагч ийнхүү ярьсан юм.
С.Батсүх: Чиний эрх мэдэл хүрэхгүй бацаан минь гэж томордог
-Шаардлага тавиад ч дийлдэггүй юм. Хаа байсан Баянхошуу, Сонсголонгоос таксидаад хүмүүс таксидаж ирээд архи авна. Дэлгүүрийн эздэд шаардлага тавихаар “Чиний эрх мэдэл хүрэхгүй бацаан минь…” гэж томордог юм.
Эрх мэдлийнхээ хүрээнд архийг нь хураасан ч 250 мянган төгрөгөөр торгуулаад дахиад л архиа зарна. Миний хувьд энэ хороонд зургаан жил ажиллаж байна. Энэ дэлгүүр гурван ээлжийн худалдагчтай. Нөхрүүд нь ирээд эхнэрүүдээ манаад сууж байдаг. Шөнөдөө энэ гудамжаар дүүрэн архичид. Шөнөжин тэднийг цагдаж хөөх гэж маш хэцүү. Уг нь цагийн хуваарийнхаа дагуу өглөө 06.00 цагт онгойдог. Тэгээд шөнө 03-04.00 цаг хүртэл байнга архи зарна. Зөвшөөрлийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм уу, бүү мэд. Нэг удаа худалдагчийг нь гурван өдөр албадан саатуулсан юм. Гэтэл бөөн хэл ам гаргаад 250 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн.
Миний шаардлагыг бол үнэхээр үл ойшоодог. Архи зарж байгааг нь мэдээд хүрээд ирэхээр байхгүй болчихно. Бид үргэлж энэ дэлгүүрийг манаад зогсч байна гэж байхгүй шүү дээ. Дуудлагаар явсан хойгуур цонхон дор нь дугаарлаад л зогсч байдаг. Эрх бүхий албан тушаалтнуудад нь хэлдэг боловч ямар ч үр дүнгүй.
Төрийн цагдаа ийнхүү ярьж байна. Мөрдэс зүүж, цагдаагийн хувцас өмссөн хүн зургаан жил нэг минимаркетын өвгөнийг дийлээгүй аж.
Эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авдаг боловч тэд 250 мянгаар торгуулаад л өнгөрдөг байна. Энэ бүхэн хатуу, хяналтын тухай хуультай болох цаг нь болсныг сануулж буй. 04.00 цаг Б идний шалгалт “Органик” хэмээх дэлгүүрээр орсноор өндөрлөсөн юм. Шөнийн 04.00 цагт их хотын амьдрал бужигнасаар, хууль зөрчсөөр байв. Дэлгүүрүүд нь архиа борлуулсаар, шагчид нь архиа шагласаар…
Төрийн цагдааг доромжилж, тавьсан шаардлагыг нь ч үл тоох аж. Иргэдийн хувьд ч хаана, хэдэн цагт архи зардагийг анддаггүй юм билээ. Амьдрал хэцүү, ядарсан ард түмэн чинь хоногийн хоолноосоо хэтрэхгүй байна хэмээн гомдоллох атлаа Баянхошуу, Сонсголонгоос архины төлөө таксидаж ирдэг гэх.
Хоногийн хоолоо яая гэх хэрнээ архи, таксины мөнгийг яаж ийгээд зохицуулаад байна. Яасан их мөнгөтэй, ямар их цаг завтай хүмүүс вэ. Тамхины хяналтын тухай хууль амжилттай хэрэгжсэн. Харин одоо архины хяналтын тухай хуулиа баталж, том толгойтой, төрийн цагдаагаас дээгүүр эрх мэдэлтэй
Х.Жаргал
URL: