Бүрэн шаталттай зуухыг 29-36 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой

e575a642f05091405eb45b95089b31c2_LӨчигдөр орон даяар халаалтын улирал эхэлж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдардаг иргэд эхнээсээ халаалт авч эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын иргэд ч өвлийг  хэрхэн давах вэ гэсэн асуулттай тулгардаг. Нийслэл хотын хувьд утааны асуудал ч толгойн өвчин болж эхэлдэг.

Утаатай тэмцэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр хамтран НЗДТГ-аас гардан хэрэгжүүлж буй “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн зуухны хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа өчигдөр Сүхбаатар дүүргийн  IX хороонд орших Дөрөвдүгээр сургуулийн өмнө  боллоо.

“Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд энэ оны халаалтын улиралд нийслэлийн төв хэсэг буюу БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД -үүдэд бүрэн шаталттай зуух борлуулах юм байна. Зуухнуудыг ШУТИС-ийн дэргэдэх Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн “Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших” лабораториор туршжээ.

Төсөлд хамрагдахаар нийт 15 төрлийн зуухны санал ирснээс, “Сэлэнгэ констракшн” ХХК-ны Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ны Том дөл зуух, “Элмеко” ХХК-ны Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ны Бекас 107 зуух гэсэн бүрэн шаталттай 4 зуух шалгарчээ. Эдгээр зуухнуудыг иргэд дунджаар 93 хувиар хямдруулсан үнэ буюу 29000-36334 төгрөгөөр худалдаж авах боломжтой юм. Зуухны хөтөлбөрийн санхүүжилтэд шаардагдах нийт 17 тэрбум төгрөгийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газрын “Цэвэр агаарын сан”, үлдсэн 50 хувийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ.

Нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөпжлийн сайд С.Оюун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Корали Геверс тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа

-Танай төслийн зүгээс зуухаа ямар хугацаанд, хорооллуудад хүргэхээр төлөвлөж байна?

-Жил бүрийн есдүгээр сарын 15-наас халаалтын улирал эхэлдэг гэж тооцдог. Тиймээс ирэх даваа гаригаас эхлэн зуухнууд хөнгөлөлтэй үнээрээ ард иргэдийн гар дээр очих болно. Цаашдаа нийслэлийн зургаан дүүргүүдэд орших 25 гэр цэгээр дамжуулан хэрэглэгчдэд очих болно.

-Урьд өмнө нь ч бас ийм бүрэн шаталттай зуухнууд иргэдэд хүрч байсан. Энэ жил өмнөхөөс ахиц дэвшил гарсан болов уу?
-Мэдээж хэрэг чанар сайжирсан. Хэлбэр бүтэц, өнгө үзэмжийн хувьд ч сонголттой болсон. Өнгөрсөн жилүүдэд туршилтын лабораториор орж тэнцсэн “Өлзий”, “Дөл” зуухан дээр “Талст”, “Векас” гэсэн хоёр зуух шинээр нэмэгдсэн.

-Төслийн зуухыг худалдан авах иргэдэд ямар нэгэн шалгуур тавьсан уу? Зуухны үнийг ялгавартай тогтоосон нь сонирхол татаж байна?
-Өмнө нь “Цэвэр агаар сан”-гийн шинэ зуух төсөлд хамрагдаж байсан иргэд энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Түүнээс биш оршин суугаа хороондоо албан ёсоор бүртгэлтэй, баримт бичгийн зөрчилгүй ямар ч айл өрх хамрагдах боломжтой. Зуух бүр онцлогоосоо шалтгаалаад 29-36 мянган төгрөгөөр борлуулагдана. Компаниудын манайд ирүүлсэн үнийн саналаас хамаарч үнэ харилцан адилгүй байгаа.  Засгийн газар, НЗДТГ болон Дэлхийн банк зуух үйлдвэрлэгч байгаа аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаа өгсөн учраас ийм хямд зуухнууд иргэдийн гар дээр очиж байна. Харин уг зуухнуудын үйлдвэрийн үнийн тухайд өөр том тоо гарч ирнэ.

Я.Баяр

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих