Тууз хайчлах дон

-Замын уулзваруудыг жаахан өргөсгөөд л тууз хайчилдаг болчихож-
Хадаг, тууз хоёр хамгийн их хүндэтгэлийн зүйл юм гэнэ лээ. Өнөөдөр Монголд, хадаг нь хар модны мөчирт өлгөөтэй байгаа. Туузыг нь хааяагүй хайчилж, хяргаж байнаа. Монгол Улсын Ерөнхий сайд нь хөдөө зам дээр очоод тууз хайчлаад зогсч байна.
Засгийн газрын гишүүд, хотын дарга нар нь дөрвөн замын уулзварыг жаахан өргөсгөчихөөд л тууз хайчлаад байдаг болж. Бүр, өөрсдийнхөө телевизийнхнийг хамаж аваачаад бараг л орой болгон шахам “Их бүтээн байгуулалт” гэж шоудахыг нь яана гээ.
Би насаараа сурвалжлагч хийсний хувьд туузны учир утга, хэдийд, ямар нөхцөлд хайчилдаг байсныг эрхбиш гадарлах юм. Нийслэлийн орон сууцны 3, 4 дүгээр хорооллыг барьж дуусаад оросууд хүлээлгэж өгөхдөө тууз хайчилж байсан. Мах, гурилын комбинатууд ашиглалтад ороход тууз хайчилж байсан.
А.И.Филатова авгай Л.И.Брежнев даргаас гуйж авсан хуримын ордныг анх нээхэд тууз хайчилж байсан. Тэгээд би туузыг асар их хүндэтгэл, том бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг хэмээн дотроо нандигнан бодож явдаг байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр, хааяагүй л тууз хайчлах болж.
Эрхэм дээдэс энд тэндгүй их бүтээн байгуулалт өрнөж байгаа юм шиг бидний тархийг туузаар угаадаг болж байна. Нийслэлийн хэдэн дарга, тухайлбал Д.Баттулга, Э.Бат–Үүл, Н.Гантөмөр нар Улаанбаатар хотын олон үеийн удирдлага, иргэдийн хийж бүтээсэн зүйлээр ёстой л тоглож байна даа.
Орон сууцны хэдэн хорооллын шав тавиад барьж байгаа зүйл бий. Энэ чинь жилд л хийдэг ажил. Шинэ зүйл бараг нэмээгүй атлаа Саппоро-гийн дөрвөн замын уулзварт барьж байгуулсан цэцгийн мандал дурсгалын цогцолбороос эхлээд, хөшөө дурсгалуудыг хүртэл үзэн ядан буулгаж, нүүлгэж зөөж байгааг харахаар бидний түрүү үеийнхэн ямар их гомдож горойж байгаа гээ.
Нийслэл хотыг олон жилийн туршлагатай, мэргэжлийн хүмүүс удирдаж, барьж байгуулаад өдий хүргэсэн гэж би боддог. Тэгтэл Д.Сүхбаатарын талбайг нэрнээс нь эхлэн өөрчилж, талбайдаа байшин барилга барьж, В.И.Лениний хөшөөг нурааж устган, Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж зөөнө гэнэ.
Энэ чинь их бүтээн байгуулалт юм уу?! Хүмүүсийн дунд явган яриа явж байна. Д.Нацагдоржийн хөшөө байгаа газар нь хотын дарга нарын нэгнийх нь хорхойг гозгонуулаад байгаа гэнэ. Ардчилсан намын нэг том хүн энэ газарт барилга барих гэж, хөшөөг яаралтай зайлуулахаар шахаад байгаа гэх.
Бас зарим нь ярьж байна. Д.Нацагдоржийн хөшөөг зайлуулж оронд нь Э.Бат –Үүл, ардын уран зохиолч аавынхаа хөшөөг бариулах гэж байгаа юм болуу гэх. Юутай ч их зохиолч Д.Нацагдоржийн маань хөшөө, нүүдлийн ая даахгүй үргэдэх юм байна л даа. Ахмад үеийн нэртэй уран бүтээлчид маань байршлаа сонгоод олчихсон, Сайхан дурсгал юмсан.
Хотын хэдэн даргын “хомхой” сэтгэлийн балгаар үргэдэх учиртай байжээ дээ. Би Улаанбаатар хотын удирдлагад олон жил ажиллаж байсан, нэгэн нэртэй архитекторчоос асуулаа.”Та нар чинь Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёроос мэдлэг мэргэжлээрээ долоон доор хүмүүс байсан юм уу.
Барьж босгосон бүхнийг чинь нурааж, зөөж, засварлаж, тууз хайчлаад байх юм?” гэсэн чинь, мань нөхөр их инээж байна аа. Тэгээд над ингэж ярилаа.
-Эзэнгүй хотонд хээрийн амьтан орохоороо яадаг билээ. Сүүлийн нэг жилд яг л тийм дүр зураг нүдэнд буугаад байх боллоо. Хот яаж хөгжиж байна гэдгийг гаднын хүмүүсийн нүдээр хардаг цөөн хэдэн шалгуур бий.
Барилга байшин нь ямар сонин содон хийц маягаар баригдаж вэ, хотын доторх зам гүүрээ ямар онцлог сонин шийдлээр засч тохижуулж вэ, хүмүүсийн амьдрах таатай нөхцөлийг яаж бүрдүүлж вэ гэх мэт. Их хотын олон замын уулзварууд гэдэг чинь, өнөөгийн хэдэн дарга нарын хивс дэвсчихээд тууз хайчлаад байгаа шиг нэлийсэн хоосон зай байдаггүй юм.
Замуудын уулзварт хараа булаасан хамгийн гоё дурсгал, улс орноо хотоо сурталчилсан гайхамшигт бүтээлүүд барьж байгуулсан байдаг. Саппорогийн уулзварт хүмүүс их хүч хөдөлмөр гарган цэцгийн мандал, дурсгалын зүйл байсныг би мэднэ. Түүнийг устгах ямар хэрэг байна.
Тэнд авто замын тэмдэг, гэрэл дохио л дутаж байсан. Зарим нэг аваар осол, замын түгжрэл гараа л биз. Түүнийг чинь зохицуулдаг газар, хүмүүс нь мартчихсан л байхгүй юу.
Нэг намынхан нь гарч ирээд түрүүчийн хүмүүсийнхээ барьж байгуулсныг устгаад, улам дордуулаад байвал энэ хот чинь яаж хөгжих юм бэ, би бодохдоо дан хувийн ашиг сонирхол давамгайлсан, олны нүд хуурсан ажил яваад байна гэж боддог” гэлээ. Ийм бодолтой хүмүүс олон бий байх.
Хотын дарга нарт хиймээр ажил мөн ч их байна даа. Нийслэлийн захын гудамж тайлбайнууд гэж ёстой л там. Налайхаас Тэрэлж хүртэлх, манай аялал жуулчлалын гол зам энэ зунжин “там” хэвээрээ байлаа. Хотынхоо төв хэсэгт, аялал жуулчлалын гол бүс нутагтаа тийм “тамтай” улс оронд дахиад жуулчид ирэх үү.
Залхаад хэзээ ч ирэхээргүй явсан биз. Улаанбаатар хотод хоёр удаагийн том үер болж олон зуун хүний амь авч явсан, хэдэн голынхоо сав газруудыг яаж тохижуулав, найдвартай далан суваг шуудуу хэдийг барив, хэлэх юмгүй л сууцгааж байгаа шүү дээ. Сэлбийн гүүр, далан сувгуудын байгаа царайг.
Манайхыг бурхны авралаар тойрч, энэ улс орнуудад нүүрлээд байгаа үер усны аюулын өчүүхэн хэсэг дайрахад л Улаанбаатар хот живэхэд хүрээд байхад хотын хэдэн дарга нар хог арилгуулж, цэцэг тариулахаас өөр юм мэдэхгүй суугаад үнэхээр харамсах юм.
Эд нөхдийн занаж зүхээд байгаа хуучин тогтолцооны үед хотын зам талбай, албан газруудын тохижилтыг ингэж хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө заралгүй, байгууллага хамт олноор нь хийлгэчихдэг байлаа.
Гэтэл одооны дарга нар бидний татварын мөнгөөр гараа угааж, олны хөлийн газруудыг зун цэцгээр алаглуулж, намар гандааж байх юм гэнэ. Энэ чинь “их бүтээн байгуулалт” юм уу, их үрлэг юм уу хэмээн хүмүүс асуух боллоо.
Зөвхөн энэ хөшөө дурсгалуудыг нураах, нүүлгэхэд хэчнээн тэрбум, хэчнээн зуун сая төгрөг зарцуулж байгааг бүү мэд. Д.Нацагдоржийн хөшөөг л лав зуугаад сая төгрөгөөр буулгаж зөөх юм гэнэ лээ.
В.И.Лениний хөшөөг оросын эсрэг үзлийг дэвэргэх гол үзүүлэлт болгон буулгаж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацсан. “Барууныхан минь харцгаа! Бид оросыг ингэж үзэн ядаж байгаа шүү” хэмээн сурталчилж байгаа юм биз дээ. Тэгсэн хэрнээ гал алдлаа шүү гээд л хойшоо сарвайж байгаа.
Түлш шатахуун хайрла гээд л төрийн тэргүүн нь явж байгаа. Улс орныг ингэж л удирддаг юм гэнэ?! Хотын төвд байна уу, захад байна уу, оросын барьж босгосон барилга байгууламж, хөшөө дурсгалууд ер гай болоогүй. Хүмүүс, энэ эрхэм дээдсийн хийж чадах ажил нь л хэмжээгүй их улстөржилт, намчирхалт, олны нүд хуурсан ажил юм даа гэцгээж байна.
Улсын төсвийн олон их наяд төгрөг, Чингис бондын 1.5 тэрбум ам доллар, олон улсын хандив тусламж, бүр болиод Японоос 600 сая ам.доллартай тэнцэх “Самурай” бонд босгох гэнэ. Олон төрлийн татвар нэмж, заримыг шинээр бий болгож ард түмнийхээ нуруунд үүрүүллээ.
Хайран хөрөнгө! Бүтээн байгуулалт ер харагдахгүй байна. Эрх мэдэлтнүүд бүлэг бүлгээрээ, “Сүрэг сүргээрээ” гадаадын аль сайхан орон нутаг уруу явж, тансаглаж, хавар дөрвөн сараас намар арван сар хүртэл улс, хот маань бараг л эзэнгүй байх боллоо. Ямар их зугаа цэнгэл вэ?
Төрийн ордонд ажилладаг нэг томоохон албаны хүн: “Манай эд чинь, хаанаас урилга ирэх энэ вэ гэж л хүлээгээд сууж байдаг юм шүү дээ” гэж билээ. Хотын хөгжил саарлаа. Газрын дээрэм гаарлаа. Хотын иргэдээс дааж давшгүй татвар хураамж нэхдэг болох нь.
Э.Бат-Үүл сонгуулийн өмнө гэр хорооллынхонд хандан: “Та нар м2 газраа сая төгрөгнөөс доош үнэлж болохгүй шүү. Алсдаа газар үнэд орно. Амьдралын тань ганц баталгаа энэ шүү” гэж сурталчилж байсан үгнээсээ буцлаа. Одоо, гэр хорооллынхны газрыг өчүүхэн багаар үнэлж “нүүхгүй бол газрыг чинь албадан чөлөөлнө” гэсэн хууль гаргуулж байна.
Сүүлийн үед зуслангуудад хууль бусаар газар олгосон, газар авсан гэж мянга мянган айлын нэрс сонинд бичигдэх боллоо. Эх сурвалжууд үүнийг “газрын хамгийн том дээрэм гараагаа эхэллээ” гэж байх юм. Дэндүү хүйтэн сэтгэл шүү. Эцэст нь, Засгийн газар, хотын удирдлагуудад хэлмээр нэг зүйл байна.
Ядарч туйлдсан ард түмэн чинь та нарын тансаглалд хүч хүрэхээ байлаа. Ганцхан жилийн дотор гар хоосон гуйлгачид болцгоолоо. Эрээн цэцэг тарьж, улаан тууз хайчлахыг үзэхээрээ л үзлээ. Энэ улс оронд, нийслэл хотод, бидэнд наалдах л юм харагдахгүй байна. Болгоотугай.
Г.Жамъян
/Соёлын гавьяат зүтгэлтэн/

URL:

Сэтгэгдэл бичих