Э.Долгион чинь хэргээ хүлээчихлээ, одоо мэлзэхгүй биз дээ, Ё.Отгонбаяр гишүүн ээ
МИАТ -ийн удирдлагууд, Татварын ерөнхий газрын дарга нар гээд тэрбум тэрбумаар нь “идэж, уусан” нөхдүүд эхнээсээ шийтгэлээ хүлээсээр. Тэдний “цуваа”-нд нэгдээд байгаа нэр бүхий улстөрчөөр Ё.Отгонбаяр гишүүн тодроод байгаа.
Бүх хэрэг Х.Цогнойжамц гэх хүний мэдүүлгээс эхэлсэн. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт гомдол мэдүүлсэн тухай хэвлэлээр нэг шуугисан. Мэдүүлэг нь Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа А.Чинбат гэдэг хүнийг илгээж, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцийг зодуулсан, дээрэмдсэн.
Түүгээр ч барахгүй 230 сая төгрөг нэхэж утсаар дарамталсан, мессэж бичсэн. Ё.Отгонбаяр гишүүн ч өөрөө утасдаж байсан тухай мэдүүлэг юм. Энэ бүх холион бантан “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцийн Налайх дүүрэгт барьсан сургуулиас үүдэлтэй байсан. Нөхөр Налайх дүүрэгт оросуудын барьж байгаад орхиод явсан орон сууцийг худалдаж аваад, түүнийгээ сургууль болгон тохижуулсан. Ерөөс сургуулийн эрэлт дэндүү их өнөө үед энэ нь ч явцтай санаа байсан байх.
Ингэж 119 дүгээр сургууль боссон түүх бий. Харин түүнийгээ Улсын комисст хүлээлгэж өгөх гэж яваад тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай зууралдчихсан хэрэг. Өнөөх нь Улсын комисст хүлээлгэж өгнө, түүнийхээ оронд мөнгө өгөхийг шаардсанаар 230 сая төгрөгтэй холбоотой хэрэг боссон. Хэрэг явдал хурцдаж, нөхөр Х.Цогнойжамц дарамтлуулж, энэ тэр болж явтал сонгууль дайрч, яамны сайд ч солигдов.
Энэ боломжийг ашиглаж, хохирогч, хэвлэлийн баатар болсон Х.Цогнойжамц Улсын мөрдөн байцаах газар гомдлоо гаргаснаар энэ хэргийг шалгаж эхэлсэн. Тэгээд ч түүнийг дарамтажл, машиныг нь булааж унаж явсан хэргийг гардан зохион байгуулсан А.Чинбатыг цагдан хорьж, байцаахад хэргээ хүлээсэн. Түүний дараагаас хэргийг шалгах эхлэл Ё.Отгонбаяр гишүүн Х.Цогнойжамцаас мөнгө өгөхийг шаардахдаа өгсөн данснаас эхэлсэн нь тодорхой. Гэтэл шалгалт нэг данс, хүнээс хэтэрч өргөн хүрээг хамарч эхлэх нь тэр.
Нэг данс 26 болж өссөн нь
Улсын мөрдөн байцаах газраас гомдлын дагуу шалгаж үзэхэд түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээрх дансанд олон сая ам.доллар орж гарсан нь илэрсэн талаар тухайн үедээ хууль хяналтынхан мэдээлсэн.
Улмаар О.Эрдэнэсолонгыг УМБ Г-аас баривчилж, хорьсон. Тэгэхдээ түүний нэр дээр 21 дансаар гүйлгээ хийсэн тухай мэдээлж байв. Гэхдээ зургадугаар сарын 10-ны өдөр УМБ Г-аас дахин мэдээлэл хийхдээ 21 биш 26 дансаар гүйлгээ хийсэн болохыг тогтоосноо хэлсэн. Мөн “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаараа дамжуулж, 2009-2013 оны хооронд их хэмжээний мөнгө байршуулсан болохыг хуулийнхан илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг ч хэлж байлаа.
Энэ үед Ё.Отгонбаяр гишүүн ихэд бухимдаж, твиттер хуудсаараа дамжуулж “Ц.Элбэгдорж оо, намайг тэр шорондоо хориоч, эхнэрээр минь оролдохоо болиоч, эр хүн биз дээ чи. Би үнэхээр бухимдаж байна. Ц.Элбэгдорж гуай, та ичээч” хэмээн жиргэж байв. Түүнээс хойш нэг их удалгүй О.Эрдэнэсолонго эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан.
50 мянган ам.долларын хэрэг тодорхой боллоо
Хэдийгээр Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргасан ч гэсэн хэргийг шалгах ажил зогсоогүй. Явцын дунд цагдаагийн байгууллагаас түүнийг 300 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө 26 дансаараа оруулж, гаргаж гүйлгээ хийсэн тухай мэдээлж байсан нь сүүлдээ эндүүрсэн болж хувирсан.
Ямартай ч мөрдөн байцаалтын явцад “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцаас авлига нэхэж дарамтлан, машиныг нь булаасан зэрэг үйлдлээс гадна бусдаас хээл хахууль авсан нь батлагдсан. Мөн энэ хэрэгт О.Эрдэнэсолонгын оролцоо бага, Ё.Отгонбаяр гишүүн эхнэрийнхээ дансыг ашиглаж байсан тухай ч мэдээлэл хэвлэлээр гарсан. Дээрээс нь шалгалтын явцад Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерийг сонгон шалгаруулахын тулд оролцогч компанийн төлөөллөөс их хэмжээний хахууль авсан нь гэрч, бусад холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон аж.
Мөн тэрбээр БНХАУ -д ажлаар явж байхдаа сонгон шалгаруулалтад оролцож байсан “Haier” компанийн төлөөлөгчөөс дугтуйд хийсэн 50 мянган ам.доллар бэлгэнд авсан нь тогтоогдсон гэдгийг хууль хяналтынхан мэдээлж байгаа. Дээрээс нь тухайн үед БСШУЯ-нд газрын даргаар ажиллаж байсан, одоогоор “Блүүмберг” телевизийн хөтлөгч Э.Долгион 50 мянган ам.долларын бэлэгтэй холбоотой хэргээ хүлээгээд байгаа юм. Түүнийг байцаах явцад “Haier”-ийн төлөөлөгч 50 мянган ам.доллар бэлэглэсэн” хэмээн мэдүүлж, хэргээ хүлээсэн ч сүүлдээ мэдүүлгээ өөрчилж “Ё.Отгонбаяр сайдад надаар дамжуулан дугтуйтай зүйл өгсөн. Юу байсныг нь мэдээгүй” хэмээн анхны мэдүүлгээсээ буцсан аж.
Гэхдээ хэчнээн мэдүүлгээсээ буцсан ч гэсэн дугтуй, 50 мянган ам.доллар хоёр хоорондоо нягт уялдаа холбоотой байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр Э.Долгион бараг л хэргээ хүлээчихсэн гээд ойлгоход болохгүй юмгүй юм биш үү. Гэхдээ хууль хяналтынхан хэргийг эцэслэн шийдэх нь мэдээж. Ямар ч байсан эхний ээлжинд хөндлөнгөөс ажиглахад Э.Долгион хэргээ хүлээхийн сацуу өөрийгөө цэвэрхэн салгах гэж оролдож байж ч болохоор харагдаж байна. Нөгөө талаар 26 дансаар орж гарсан их хэмжээний мөнгөний учрыг яагаад гаргаж ирэхгүй 50 мянган ам.доллар яриад байна вэ.
50 мянган ам.доллар гэдэг 70 орчим сая төгрөг. Томчуудад бол сүртэй их мөнгө биш. Ядаж байхад одоо яригдаад байгаа 50 мянган ам.доллар ердөө Э.Долгион, Ё.Отгонбаяр гэдэг хоёр хүний гар дамжсан болохоос биш данс энэ тэрээр ороогүй. Тэгэхээр цаашлаад дансны учир начир ч олдох биз.
Дээрээс нь Ё.Отгонбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч ярина гэгдэж байгаа. Хэрэг явдал дөнгөж эхэлж байхад ихэд бухимдаж, мэлзэж байсан эрхэм гишүүн одоо тэгэхгүй байх. Э.Долгион сэтгүүлч хүртэл 50 мянган ам.долларын хэргээ ямар нэг байдлаар хүлээчихлээ шүү дээ.
Н.Пунцагболд
URL: