Нүүрсний орлого 45 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр манай улсын гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.
Энэ оны эхний найман сард гадаад худалдааны нийт эргэлт 6.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар буурсан байна. Үүний 2.7 тэрбум ам.долларыг экспорт, 4.2 тэрбум ам.долларыг импорт эзэлжээ.
Харин өнгөрсөн сард экспорт зургаан хувиар өсч, импорт 6.9 хувиар буурсан байна. Нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлжээ. Эхний найман сард 9.5 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар буурсан үзүүлалт аж.
Экспортын нүүрсний орлого 693 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 45 хувиар багассан байна. Өнгөрсөн сард манай улс 1.3 сая тонн, долдугаар сард 0.7 сая тоон нүүрс экспортолж 150 гаруй сая төгрөгийн орлого олжээ.
Харин гадагш гаргасан зэсийн хэмжээ өнгөрсөн оны эхний найман сарынхаас 14 мянган тонноор нэмэгдсэн байна. Мөн төмрийн хүдрийн экспорт 18 мянган тоннаор өсчээ. Үүнээс олсон ашиг 24 хувиар өсч 442 сая ам.доллар болжээ. Мөн манай улсын газрын тосны экспорт дээшээ үзүүлэлттэй гарсан байна.
Нефтийн нийт экспорт гурван сая баррельд хүрч, 42 хувиар нэмэгдсэн байна.
Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: