Бороонд урсах замууд

Бороонд урсах замууд

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн хавар, энэ зунжин санаа тавьсан, шахаж шаардсан ажил нь Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй засмал замаар холбох нөр их бүтээн байгуулалт байв. Зам дагаж хөгжил гэдэг. Улаанбаатар хотоос Баян-Өлгий хүртэл худал хэлсэн хүнд долоо хоног явах болдог.

Хэрвээ засмал замаар холбогдчихвол нэг өдөр л явчихна шүү дээ. Ингэснээр эдийн засгийн эргэлтэд ч тустай. Сайн талыг нь дурьдаад барах юм биш. Тиймээс Ерөнхий сайдын яаруулдаг, шавдуулдаг нь түмэн зөв.

Гэхдээ яарвал даарна гэдэг цэцэн үгийг монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг аймгийн төвүүдийг нийслэлтэй холбож байгаа замууд эхнээсээ л сануулж байх шиг байна. Уг нь манай сонин өмнө нь “Хөсөр хаягдсан хөдөөгийн замууд” гэсэн гарчигтай нийтлэлээр энэ сэдвийг хөндөж байлаа. Мөрөн хотоос Хатгал сум хүртэл тавьсан засмал зам бороонд урссан талаар, чанаргүй зам тараа таниулсныг хөндсөн хэрэг. Гэхдээ энэ сэдвийг дахиад хөндөж, албаны хүмүүсийн чихэнд хонх уяхаас өөр арга алга.

Өнөө жил Ховд, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Замын-Үүд гэсэн зургаан сууринг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаа. Эхнээсээ Баянхонгор зэрэг хоёр гурван аймгийн төв рүү чиглэсэн засмал зам дуусч, нээгдсэн. Харин Хөвсгөл хүртэлх засмал замын ажил энэ жилдээ дуусахгүй нь бараг тодорхой болоод байгаа юм. За тэр, энэ жилдээ дуусах дуусахгүй нь ч яамай. Ирэх жил ашиглалтад орчихвол барав зүгээр. Хамгийн гол нь хурдан шуурхай барьсан зам нь ганцхан борооны ая даалгүй урсаад, өм цөм явчихсанд л учир байна. Дээр Хатгалын зам бороонд урссан тухай дурссан.

Тэгвэл энэ удаад Улаанбаатараас Ховд чиглэлийн хатуу хучилттай авто зам зарим газраа борооны усанд урсаад, бараг тасарчихсан байсан. Энэ тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэйгээ гарч байна. Яахаараа шинэхэн барьсан хатуу хучилттай зам борооны усанд зүгээр л овоолсон шороо аятай урсаад явчихав аа.

Өнөө дагтаршуулалт, асбальт нь хаачсан болоод хэсгээсээ өм цөм болоод усанд урсчихсаныг нь үнэхээр ойлгох арга алга. Мэргэжлийн хүмүүс, зам барьсан нөхдүүд нь энэ тал дээр тайлбараа хийх биз. Харин хөндлөнгөөс харахад, энэ бол улсын өч төчнөөн хөрөнгө мөнгийг борооны усанд урсгаад хаячихаж байгаагаас ялгаа алга. Магадгүй дарга нар дээрээс шавдуулаад байхаар ахиухан зам авч, ашиг олох гэсэн компаниуд халтуурдсан байх л даа.

Нэг өдрөө илүү ажиллаж, замынхаа суурийг сайн дагтаршуулах ёстой байтал ам гарсан хугацаандаа багтаах гээд зүгээр шороо овоолж, дээрээс нь асбальтаа асгаснаас болоод ганц нэгхэн бороо ороход урссан биз. Өмнө нь манайхан чанар муутай зам барилаа гэсэн хэл аманд бишгүй л орж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг зам нь голоосоо тасраад, борооны усанд урсаад явчихсан түүх энд тэнд, түүхийн эх сурвалж дээр бичигдээгүй байх аа, харин ч. Т эгэхээр Ерөнхий сайдаас авахуулаад, зам хариуцдаг яамны сайд нь ажлаа түргэлэхийг сануулж, шахдаг аргаа хэрэглэхийн сацуу чанар шаарддаг болмоор байна.

Хугацаа хурдан байх нь мэдээж ашигтай. Дарга нар юунд тэгтлээ яараад байгааг ч бага сага ойлгож л байна. Гэхдээ хурдхан замтай болох гээд шороо овоолж, дээрээс нь хучаад байвал юу болох вэ. Бороонд урсах нь битгий хэл машин явж байхад дагтаршуулаагүй далан нь нураад, хүн осолдвол яана. Тэгэхгүй гэх газар огт алга.

Тиймээс хурдан хийхээ амлаж, тэр хэрээрээ халтуурдаж байгаа зам, барилгын компаниудад тавих анхаарлаа жаахан чангаруулах цаг болж.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих