Ц.Мөнхбаяр: Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид мөнгө угааж байна

Б.ЭНХТУУЛ

Энэ  жилээс эхлэн  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсон. Засгийн газраас  энэ ажилд зориулан үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт  23 тэрбум төгрөгийг   олгохоор шийдвэрлэсэн билээ.  Гэтэл энэ ажлыг  орон нутгийн оёдлын үйлдвэрүүдэд  хүртээмжтэй бус байдлаар хуваарилж, цөөн тооны компани, хэдэн хүний бизнесийг дэмжиж байгаад зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тухай Хөвсгөл аймгийн “Төгс урлан” Оёдолчдын холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Таныг Хөвсгөлөөс ирээд нэлээд хэд хонож байгаа гэж дуулсан. Зорьж ирсэн ажил бүтэмжтэй юу. Сурагчийн дүрэмт хувцасыг аймаг, орон нутагтаа үйлдвэрлэх гээд хөөцөлдөж байгаа гэсэн үү?

-Би гэрээсээ гараад 16 хонолоо. Хөвсгөл аймгийнхаа Боловсролын газартай сурагчийн дүрэмт хувцас оёх гэрээ байгуулчихаад гурван сар хүлээлээ. Аргаа бараад хот орж ирээд өөрөө хөөцөлдөж яваа минь энэ.  Энэ хугацаанд олон зүйлийг судалж үзлээ. Олон ч үйлдвэрээр орж, гарлаа. Холбогдох албаны хүмүүстэй хэд, хэдэн удаа уулзсан. Гэсэн ч  өнөөдөр  ямар ч ажил бүтсэнгүй, гар хоосон буцаж байна. Миний ард таван оёдлын үйлдвэр, 100 гаруй хүн энэ ажлыг хийнэ гээд хүлээж суугаа. Одоо тэдэндээ  юу гэж хэлэхээ мэдэхгүй явна.

-Сурагчийн дүрэмт хувцас эхнээсээ  худалдаанд гараад эхэлчихсэн. Гэтэл танай аймагт яагаад энэ ажлын эхлэл ч тавигдаагүй байдаг билээ.  Гэрээгээ хийсэн хэрнээ ажлаа хүлээж аваагүй гэсэн үг үү?

-Өмнө нь бид дөрөв,  тавдугаар сард сургуулиудтай гэрээгээ хийчихдэг байсан. Гэтэл энэ сурагчийн дүрэмт хувцасны загвар сургууль тарснаас хойш батлагдсан болохоор бид  зургадугаар сарын 10-нд аймгийнхаа Боловсролын газартай гэрээгээ хийсэн.

Манай аймагт 15 жижиг оёдлын үйлдвэр ажилладаг. Тэгээд ИТХ болон “Иргэний нийгмийн танхим”, Боловсролын газар хэлэлцээд   таван оёдлын үйлдвэр нь сурагчийн дүрэмт хувцас  оёх боломжтой гэж үзсэн. Ингээд аймгийнхаа Боловсролын газартай гэрээгээ хийчихээд  Үйлдвэр худалдааны яам руу ажиллах боловсон хүчин, үйлдвэрийн тоног, төхөөрөмж гээд бүх зүйлээ танилцуулсан албан бичиг явуулсан.  Гэтэл  Эрдэнэтийн ГОК-ын харьяа “Эрд сүлж” гэж компани “Манайх баруун гурван аймгийн сурагчийн дүрэмт хувцасыг хийх эрхийг авсан. Танай хувцасыг бид нар хийнэ” гээд өнгөрсөн сард  манай аймагт Боловсролын газартай маань гэрээ хийх гээд очсон. Тэр үед аймаг дээр сумдын захирлуудын сургалт, семинар болж байсан учраас дээрх компанийн захирлыг сургуулийн захирлуудтай уулзуулсан. Мөн “Бид  орон нутагтаа оёдлын үйлдвэртэй. Сурагчийн дүрэмт хувцасаа өөрсдөө хийх бүрэн боломжтой”  гэдгээ хэлсэн.  Ингээд бид  энэ компанитай хэл, амаа ойлголцсон. Тэгээд энэ бүхний учрыг олох санаатай, гэрээтэй ажлаа өөрсдөө хийх зорилготой зорьж ирсэн минь энэ.

-Та тэгээд холбогдох албаны хүмүүстэй нь уулзсан уу, ямар хариу өгсөн бэ. Улсын хэмжээнд 540 гаруй мянган сурагч бий.  Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ачаалалтай ажиллаж байгаа учраас сурагчийн дүрэмт хувцас хугацаандаа амжиж гарахгүй нь гээд байсан шүү дээ. Хөдөө, орон нутгийнханд энэ ажлыг хуваарилж өгөхгүй байгаа шалтгаан баймааргүй юм?

-Би “Оёдолчдын нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Оюунцэцэгтэй  хоёр удаа уулзсан. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дээр гурван удаа очиж, Бодлого, хэрэгжүүлэлтийн газрын дарга  Ц.Баярмаа болон төслийн багийнхантай уулзсан. Гэсэн ч хэл, амаа ололцож чадаагүй.  Тэд Эрдэнэтийн “Эрд сүлж” ХХК-ийн эсгэсэн загварыг оёх ёстой гэсэн байр суурь баримталж байсан.  Энэ нь бидэнд ямар ч ашиггүй юм.  Оёдолчдынхоо хөлсийг дөнгөж өгөөд, үйлдвэр өртэй үлдэх хөлсийг бидэнд тулгаад байсан.  Тийм болохоор би хэд, хэдэн оёдлын үйлдвэрээр орж, ажилтай нь  танилцсан. Тэгэхэд толгой компани гээд байгаа долоон компани зөвхөн эсгүүрийн ажлыг гүйцэтгэчихээд, туслан гүйцэтгэгч жижиг үйлдвэрүүдэд хөдөлмөрийн мөлжлөг хийх хэмжээний гэрээг тулган хүлээлгэж байгааг олж мэдсэн.  Яагаад гэвэл, өнөөдөр  ихэнх үйлдвэрүүд  өөрийн гэсэн зах зээлийн ханшаа тогтоочихсон байгаа. Нэг хүний өдрийн цалин хэд байх вэ, ажилчдын хөлс, хоол унд, байрны түрээс, гэрэл цахилгааны мөнгө, машины элэгдэл хорогдол,  янз бүрийн татвар гээд удирдлагын  зардал байдаг шүү дээ. Гэтэл энэ ажилд үүнийг огт  тусгаагүй байсан. Зөвхөн хөдөлмөрийн мөлжлөг хийх замаар энэ ажлыг явуулж байна гэдгийг олж мэдээд үнэхээр их харамссан.

-Нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас наймдугаар сарын сүүлчээр худалдаанд гарсан. Дунд ангийнхан энэ сарын дундуур дүрэмт хувцасаа авна. Тэгэхээр танай аймгийн сурагчид дүрэмт хувцасаа авч чадаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, манай аймгийн сурагчид хичээлийн шинэ жилээ дүрэмт хувцасгүй угтсан. Ер нь  хөдөө, орон нутгийн сурагчид шинэ дүрэмт хувцасгүйгээр хичээлдээ орсон байх.    Уг нь энэ кластрын системийг зөв зүйтэй ашигласан бол бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд, шинээр олон ажлын  байр нэмэгдэж, оёдлын салбарт эдийн засгийн өсөлт бий болох байлаа. Би кластрын системийг орон нутагт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж боддог.  Гэтэл орон нутгийн үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэхын оронд “Чи тийм байх ёстой” гэсэн зарчмаар ажлыг тулган хүлээлгэж болохгүй. БШУЯ  сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажлын гардан хийж байгаа нь маш буруу ажил болж байна.Бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд хүргэж болно шүү дээ. Гэтэл хэдхэн  хүн бүлэглээд, энэ ажлыг буруу тийш нь эргүүлчихлээ.

-Та түрүүнд яриандаа дурьдсан. Жи­жиг үйлдвэрүүдийн хөдөл­мөрийг мөлжиж байна гэж. Сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд Засгийн газраас 23 тэр бум төгрөг төсөвлөсөн.  Энэ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд  хангалттай мөнгө биш гэж үү?

- Би шинэчлэлийн Засгийн газрыг уг нь их зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Хөдөө орон нутагт,  дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улсаас  гаргасан  23 тэрбум төгрөг  хангалттай хүрэлцэх байсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг зөв хуваарилсан бол  орон нутгийн оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх,олон хүнийг ажлын байраар хангах  зах зээлээ өөрсдөө хангах, бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр иргэдэд хүргэх боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг хааж, хэсэг бүлэг  хэдэн хүн нийлээд мөнгө угаах ажил хийж байгаа нь харамсалтай байна.

Би яагаад ингэж хэлж байна гэвэл миний мэдэхээр 5-6 аймгийн төлөөлөл  ирээд  энэ ажлыг хийх гээд хөөцөлдөж байсан. Тэд бүгд  энэ ажлын эрхийг авч чадахгүй байна гэж ярьж байсан. Үнэхээр сум бүрийг ахуй үйлчилгээний цэгтэй болгох, аймаг бүрт үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол кластрын системийг орон нутагт нь зөв хөгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь зарим хүнд энэ дүрэмт хувцасны зах зээл мөнгө болж харагдаад оёдлын жижиг үйлдвэрүүдэд хөдөлмөрийн мөлжлөг хийх замаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого баримтлан, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэн ард иргэдийг шулж байгаад харамсч байна.

-Сурагчийн дүрэмт хувцас хэтэрхий өндөр үнэтэй байна гэж эцэг, эхчүүд гомдоллоод байгаа. Зарим нь энэ сарын 20-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гээд явж байна.  Үнэндээ бол  холбогдох яамдуудаас эцэг, эхчүүдэд  “Үнэтэй даавуугаар хийсэн чанартай хувцас” гэсэн сурталчилгааг хийгээд байгаа. Угтаа бол  Үйлдвэр худалдааны яамнаас оёдлын үйлдвэрүүдэд үнийн дүнгээ арай өөрөөр тайлбарлаад байна гэж дуулсан.  Та энэ тухай ямар нэгэн зүйл дуулаагүй биз?

-Энэ дүрэмт хувцас маш өндөр үнэтэй гарч байгаа. Кластрын системийг зохион байгуулж байгаа  хэдэн хүн  өөрсдөө үнээ маш өндөр тогтоосон байсан. Би учрыг нь бас лавлаж асуусан. ҮХААЯ-наас сурагчийн дүрэмт хувцасыг  40×60-ийн  харьцаатай буюу 40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартын   даавуугаар хийнэ гэсэн шийдвэр гарсан байсан. Гэсэн ч  энэ  даавууныхаа үнийг зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр  тооцсон байсан. Нэг метр даавууг 15-16 мянган төгрөгийн өртөгтэйгөөр бүтээгдэхүүнийхээ  үнэнд шингээсэн байгаа юм. Үүнийг албаны хүмүүс  нь  тайлбарлахдаа “Бид сурагчийн дүрэмт хувцасыг  дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийнэ гээд чадаагүй. Тийм болохоор Монгол ноосоо Солонгос руу гаргаад, тэнд даавуугаа үйлдвэрлээд авчирсан.  Тэгээд энэ даавуундаа хоёр талынхаа замын зардлыг  шингээгээд  ийм өртөгтэй болчихсон” гэж ярьж  байсан.

-Та энэ үнийн дүнтэй санал хэр нийлж байгаа вэ. Таныг  энэ талаар багагүй судалгаа хийсэн. Бас ҮХААЯ  дээгүүр үнэ болоод чанарын асуудлаар багагүй хэл, ам хийж явна гэж  дуулсан?

-Аливаа улс орны яам, тамгын газар нь бодлогоо тодорхойлж байдаг гэж ойлгодог. Гэтэл манай яамныхан бизнесийн бүлэглэлтэй хэтэрхий их хутгалдаад байгаа юм шиг санагдсан.      Бид сурагчийн дүрэмт хувцасыг өөрсдөө үйлдвэрлэх сонирхолтой байсан учраас даавууны зах зээлийг судалж үзсэн. ҮХААЯ-наас баталсан 40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай даавуу Улаанбаатар хотод зах зээлийн жижиглэнгийнх нь үнэ 5000-8000 төгрөг, бөөний үнэ нь 3500-5000 төгрөг байдаг юм байна. Тиймээс үнэ нь хэтэрхий өндөр байна, даавууных нь чанар муу байна гээд санал зөрөлдсөн юм.

Би худалдаанд гарсан сурагчийн дүрэмт хувцсыг харсан. Тааруухан ажлын хувцас шиг харагдаж байна лээ. Боломжийн компанийн ажилчид ч бараг ийм хувцас өмсөхгүй.  Би өмнө нь зах зээл дээр худалдаанд гарч байсан хувцсыг ч гэсэн судалж байсан.  “Бат зүү” ХХК-ийн оёсон  дүрэмт хувцас  хийц загвар сайтай, сайн оёсон байсан. Өмнө нь энэ компанийг чанартай, чанаргүй хувцас хийдэг гээд янз бүрээр ярьдаг байсан. Угтаа бол энэ нь  “Бат зүү” компанийн хийсэн хувцсыг чанартай, чанаргүй байдлаар нь дуурайж оёдог, дуурайж оёсон хувцсыг нь урдаас бөөнөөр нь  оруулж ирээд зардаг байсантай холбоотой.  Энэ байдлыг таслан зогсоохын тулд  кластрын системийг нэвтрүүлж байна гэж ойлгосон. Гэтэл  хэдхэн хүн өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаад, энэ олон оёдлын үйлдвэрийг ажилгүй болгоод, эрх ашгийг нь булааж авсанд  харамсч байна.

-Хөвсгөл аймгийн Оёдолчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад энэ талаар албан бичиг илгээсэн гэж байсан?

-Би Ерөнхий сайдтай уулзах гэж хичээсэн боловч надад ямар ч боломж олдоогүй. Телевизээр харж байхад ҮХААЯ, толгой компани гээд байгаа долоон компанийн төлөөлөгч болох “Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Оюунцэцэг, БШУЯ-тай хамтраад Ерөнхий сайдыг хуурч дөнгөж байсан. Хөдөө орон нутгийн үйлдвэрүүд энэ ажлыг хийж байгаа, олон мянган оёдолчид хамрагдаж байгаа гэх мэтээр ярьж байсан. Энэ үгний цаана бүх зүйл сайн байна гэж ойлгож болохгүй. Энэ бүхний цаана олон зүйл нуугдаж байгаа гэдгийг олж харах ёстой.

-“Оёдлын үйлдвэрийн нэгдсэн холбоо” та бүхнийг төлөөлөөд дуугараад байгаа шүү дээ. Энэ байгууллага өмнө нь та бүхнийг хүлээж авч, санал бодлыг чинь сонсоогүй хэрэг үү?

- Үгүй. Би өмнө нь энэ байгуулагатай огт холбогдож байгаагүй. Өмнө нь манай аймагт “Төмөр трейд” гэж компани сурагчийн дүрэмт хувцасыг нийлүүлэх гэж нэлээд оролдсон. Зарим нь энэ компаниас худалдан авалт хийдэг байх. Энэ компанийн захирал  М.Жаргалмаа гэж эмэгтэй “Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захиралаар ажилладаг.  Ямартай ч, энэ хүн эх орныхоо эрх ашгийн төлөө олон нийтийг  хамарсан арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгийг сайн мэдэж байна.

-Сурагчийн дүрэмт хувцасыг сайн,  муу болсон гэж янз бүрээр яриад байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ бүхнийг арай  илүү бодитойгоор харж,  дүгнэж байгаа байх. Хийц, загварын хувьд ямар дүн тавих вэ?

-Мэдээж, тааруухан үнэлгээ өгнө. Нэгдүгээр ангид орж байгаа эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцасны загвар дээр жишээ авч ярья. Өмдийг нь дээрээ резинтэй, халаа байхгүй загвартай  хийсэн байсан. Энэ нь эрэгтэй хүүхэд бие засахдаа өмдөө шувтлана гэсэн үг үү. Мөн цээж, хүрэм хоёрын харьцуулалтыг хийхэд бас дэндүү гэмээр зүйлүүд ажиглагдаж байсан. Ер нь бол “Бат зүү” компанийн загвар тэнд яваад байгааг анзаарч харж болно. Зарим нэг зүйлийг нь  багахан өөрчилсөн байсан. Оёх аргачилалыг хялбаршуулсан зүйл огт ажиглагдаагүй. Халаас нь  маш олон оёдолтой. Бүтээгдэхүүндээ сүр жавхаа нэмээгүй, бүр дордуулсан. Зүгээр нэг халатны карма шиг халаас хийхдээ дээр нь  нарийн цоохор даавуу мөчидхөн хавчуулсан. Халаасны дээд талын ирмэгийн тагийг хос оёдлоор, хоёр талаас нь дарж оёсон байсан. Таван  оёдол орж байгаа болохоор маш их үргүй зардал нэмэгдэж орсон байсан. Үйл ажиллагааныхаа зардлыг хялбаршуулах тусам бүтээгдэхүүнийхээ үнэд нөлөөлдөг. Гэтэл энэ бүхнийг огт тооцоолоогүй, ашиггүй оёдол ихтэй, загвар муутай хувцас болсон байсан.

Ямар ч хувцасны заг­варыг харахад  харьцуулалт их чухал. Гэтэл энэ хувцасанд дээрдсэн зүйл огт байгаагүй.  Ханцуйны монжатик их нарийхан,  ар талдаа үр ашиггүй, дэмий  оёдол нэмсэн байсан.  Би Үйлдвэр хөдөө аж ахуйн яам дээр очиж уулзахдаа энэ тухай хэлсэн. Хойно сургууль төгссөн гэх оёдол технологийн инженер хүүхэн нь энэ  загвараа их хамгаалж байсан. Би “Тийм мэдлэгтэй, оюунлаг хүн яагаад даавууны чанар, бүтээгдэхүүний үнээ судлаагүй юм бол. Өмсөх хувцасаа яагаад хэрэглээ талаас нь бодож үзээгүй юм бол…” гэж бодоод  их гайхсан.  Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг. Би оёдолчин хүүхнүүдийг их ухаалаг хүмүүс гэж боддог. Тиймээс бусад оёдолчин хүүхнүүдийг ингэж басамжилан доромжилж болохгүй байх.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих