Алт, мөнгөний эрэлд гарлаа

9-16-1

М.ЦЭЦЭГ

Эрхэм гишүүд өнөөдөр танхимдаа цуглаж ээлжит бусаар хуралдана. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа 10.00 цагт болно. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, Монголбанкин дахь алт­ны нөөц багасч, ул­маар валютын хэмжээ багасч хомсдолд орсон зэ­рэг нь эдийн засгийн хүнд­рэлийг бий болго­сон. Энэ байдлын харгалзан, хүнд нөхцөлөөс гарахын тулд хуулийн орчноо сайжруулахаар Засгийн газар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулан боловс­руулж УИХ-аар хэлэл­цүлэ­хээр болсон юм. Товчхондоо гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдад таатай боломж бүрдүүлж, татвараа хөнгөлж, алтны нөөц бүрдүүлэх замаар мөнгөтэй болох зорилготой гэж буй.
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэх юм. Үүнд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтсан юм.Ээлжит бус чуулган хоёр долоо хоног үргэлжилж эдгээр төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭХ БИШ, ОЧИЖ АВЧИРДАГ БОЛНО

1990 оноос хойш 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12118 аж ахуй нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.доллар орчим гадаадын хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 79.9 хувь нь 2008-2012 оны хооронд хийгдсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь эдийн засгийн өрөөсгөл бүтцийг буй болгоход нөлөөлсөн гэж Засгийн газар үзэж энэ төслийг боловсруулжээ. 2012 оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд энэ оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг руу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзлээ. Түүнчлэн, 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт оцгом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буцаж буурахад нөлөөлжээ. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай гэж үзээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа юм. Хуульд  тусгасан томоохон заалтуудаас товчлон дурдъя.
Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр нийтэд нь энэ хууль үйлчлэх аж. Одоогийн дагаж мөрдөж буй хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбарыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар тусгажээ. Учир нь эдгээр салбар нь тус бүр тусгай зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа явуулдаг салбар тул төрийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохдоо хяналтаа сайжруулах боломжгүй гэж үзсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилжээ. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалжээ. Харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгасан байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгав. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах юм. Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах, хөрөнгө оруулагчийг хүлээж биш, очиж авчирдаг Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлагийг байгуулахаар тусгажээ. Гэхдээ энэ төсөл босго өндөртэй батлдагдах болно. Учир нь УИХ-ын гишүүний гуравны хоёр хувийн саналаар батална гэж төсөлд тусгасан байна.

АЛТНЫ ХУДАЛДААГ МОНГОЛБАНК ЭРХЭЛНЭ

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд алт олборлож буй аж ахуйн нэгж, бичил уурхайгаар алт олборлогчдын олборлосон алтыг худалдан авах, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахаар тусгажээ. Засгийн газар нь алт олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон бичил уурхайгаас алт агуулсан хүдэр, элс олборлож баяжуулах, угаах, хайлуулах, хамгаалах, хадгалах, хүлээлцэх, тээвэрлэхтэй холбогдсон журмыг батлан, хэрэгжилтийг хангуулах эрхтэй байх аж. Харин Монголбанк нь Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон  алтыг худалдан авах, экспортлох үйл ажиллагааг зохион байгуулах аж. Мөн худалдан авсан алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх, худалдан авсан алтны мэдээллийг сар, хагас жил, бүтэн жилийн давтамжтайгаар аж ахуйн нэгж, хуулийн этгээд бүрээр гаргаж тухай бүрт Сангийн яам, Ашигт малтмалын газарт хүргүүлэхээр заажээ. Мөн алт олборлох, мөн худалдан авсан хуулийн этгээд нь алтыг олборлосноос хойш нэг жилийн дотор, худалдан авснаас хойш хагас жилийн дотор борлуулж, тайланг гаргасан байна.
Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар сүүлийн үед Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурч, улмаар валютын нөөц багасжээ. Иймд энэ бүгдийг дээрх хуулиар зохицуулна гэж тооцож байна.

УРТ НЭРТ АЛТАНД АД БОЛЖЭЭ

Ийнхүү Монгол­банкны алтны нөөц бүрдүүлэлт багасахад урт нэртэй хууль нөлөөлсөн гэж үзээд хуулийг дахин өөрчлөх гэж байна. Уул уурхайн салбарт хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 33 хувиар буурсны 6.6 хувь нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлахдаа тооцоо судалгаа дутуу хийгдснээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлолыг бий болгосонтой холбоотой гэж үзжээ.
Мөн салбараас төсөвт орох орлогын хэмжээ буурсан нь энэ хуультай тодорхой хэмжээнд хамааралтай гэнэ. Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдсан алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулах орлого 20 хувиар буюу 30 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна.
Иймд урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртлэх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулжээ. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, түүнд олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахааргүй болжээ.

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн батална. Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбайн нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хэлдэг байна. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч юм байна. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй байх аж.
Эмчилгээний зориулалтаар шавар, элсийг ашиглах асуудлыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас баталсан журмаар зохицуулна. Харин түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон бодлогыг УИХ тодорхойлж, Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах аж.
Эдгээр хуулийг өөрчилснөөр Монголд хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого нэмэгдэнэ гэж төслүүдийг боловсруулсан Засгийн газар тооцож үзжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих