Заамарт 6400 орчим га талбай эвдэрч сүйджээ

   Жил бүр МХЕГ-аас Германы “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран уул уурхайн талаархи онол, практикийн хурлыг зохион байгуулдаг. Тэгвэл өнөө жил “Уул уурхайн нөхөн сэргээлт ба хаалт” сэдвийн Жил бүр МХЕГ-аас Германы “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран уул уурхайн талаарх онол, практикийн хурлыг зохион байгуулдаг. Тэгвэл өнөө жил “Уул уурхайн нөхөн сэргээлт ба хаалт” сэдвийн дор найм дахь жилдээ болж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлын эхний өдөр уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийж буй өнөөгийн байдал, нөхөн сэргээлт хийсний дараах мониторинг зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм. дор наймдахь жилдээ болж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлын эхний өдөр уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийж буй өнөөгийн байдал, нөхөн сэргээлт хийсний дараах мониторинг зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм. Харин дараагийн өдөр буюу өнгөрөгч бямба гаригт уул уурхайн компаниуд, аймаг орон нутгийн хяналтын байцаагчид мөн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниудын төлөөлөгчид Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уул уурхайн үндэсний олборлогч” компанитай биечлэн танилцсан. Тус компани 2010 оноос хойш Бага хайлааст болон Баянголын аманд алтны шороон ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп зэргийг байгуулж уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн 2011 оноос уурхайн олборлолтод өртсөн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн байна. Биднийг Баянголын ам дахь уурхайд хэрэгжиж буй “Баянгол” төслийн хүрээнд нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцуулсан. Өнгөрсөн тавдугаар сард биологийн нөхөн сэргээлтийг 15.6 га талбайд үр цацан хийжээ. Тус талбайд ирэх сард мал оруулахад бэлэн болох юм байна. Уг нь биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хамгийн багадаа гурван жил арчилж, тордох ёстой. Гэхдээ үр унах цагаар мал оруулах нь үрийг газарт буцааж суулгадаг давуу талтай болохыг уурхайчид хэлж байсан. Мэдээж нөхөн сэргээлтийн дараах хяналт хамгийн чухал. Үр цацсан болоод тухайн талбайгаа орхигдуулах биш эхний 2-3 жилд арчилж, тордох, хамгаалах зайлшгүй шаардлагатай. Үгүй бол эргээд үржил шимгүй, үхжилттэй талбай болон хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, биологийн нөхөн сэргээлт гэдэг нь шимт хөрсөөр хучсан талбайд олон зүйл төрлийн ургамал суулгах, амьтан нутагшуулах үйл явц юм. Эл ажлыг сумын “Энх мөнх эргэх холбоо” ТББ-ын бичил уурхайчидтай хамтарч хэрэгжүүлжээ. Тус сумын “нинжа” гэж нэрлэгдэн гар аргаар алт олборлогч иргэд 15 бүлэгт хуваагдан хамтын нөхөрлөлд шилжжээ. Ингэснээр орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж, нөхөн сэргээлтийн ажлыг гар аргаар хийдэг байна.
Тодруулбал, компани техникийн хүчээр үүссэн орон зайг дотоод овоолгоор тэгшилж дүүргэдэг бол бичил уурхайчид хөрсөн дээр үр цацах, суулгах ажлыг хийдэг аж. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Д.Баярмаа “Олон хүн цуглараад нэг газар уруу дайрч ордог байсан үе ард өнгөрсөн. Нийгмийн ороо бусгаа үед иргэд амьдрахын эрхэнд газар нутгаа ухаж хөндөж сэндийчэж байсан нь үнэн. Гэхдээ одоо энэ үзэгдэл харьцангуй гайгүй болсон шүү дээ. Манай нөхөрлөл 50 гаруй гишүүнтэй. Энэ компанитай хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Хаягдал газар дээр нь бичил уурхайчид гар аргаар олборлолт хийгээд дараа нь нөхөн сэргээх ажилд гар бие оролцдог гэсэн үг. Заамар гэхээр л “нинжа” нар газар ухаж, сэндийчдэг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Тэр үзэгдэл огт байхгүй болсон гэж хэлэхгүй ч гэсэн урьдын тэр цаг өөрчлөгдсөн гэж хэлмээр байна” хэмээсэн. Энэ мэтчилэн нөхөрлөлд орсон бичил уурхайчид орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аль нэг компанитай хамтарч тухайн талбайд нөхөн сэргээлт хийж буй. Сум орон нутгийн удирдлагуудад олборлолт хийгдээд, хаягдсан талбайд бичил уурхайчид ажлаад дараа нь нөхөн сэргээлт хийх тухай хүсэлт тавьдаг ч тусыг эс олдог тухай учирлаж байсан юм. “Уул уурхайн үдэсний олборлогч” компанийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутаг орчимд 10 гаруй малчин өрх амьдардаг. Тэдгээртэй жилийн дөрвөн улиралд сүү цагаан идээг нь худалдан авах замаар гэрээ хийн хамтарч ажилладаг болох талаар тус компанийн байгаль орчны мэргэжилтэн Г.Баяррагчаа дуулгасан юм. Одоогоор олборлолт, нөхөн сэргээлт зэрэг хийгдэж буй гүн ухсан 10 га талбай байгаа аж.

“ЭРЭЛ” КОМПАНИ ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН ГАЗРАА НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГҮЙ ОРХИЖЭЭ
Баянголын аманд нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцсаны дараа тус газраас 2-3 метр зайд орших Бага хайлаастын аманд хаалт хийсэн уурхайг зорьсон юм. Биднийг ийн явах зам зуурт эвдэгдэж, сүйтгэгдсэн шороон овоолго нэлээд газар байгаа нь харагдсан. Зарим газарт нь есөн давхар барилгатай дүйцэхүйц хэмжээний гүн ухжээ. Одоогоос 10-аад жилийн өмнө “Эрэл” компани Заамар сумын 1200 орчим га талбайд олборлолт хийсэн. Гэтэл тус компанийн үйл ажиллагаанаас болж энд тэндгүй энхэл, донхол шороон овоолго, хэдэн арван метр ухсан нүх, гуу, жалга сэтгэл эмзэглүүлсэн дүр төрхийг үлдээжээ. Тус компани өнөөг хүртэл нэг ч га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй байна. Яг л алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг үг тус газарт биеллээ олжээ. Газрын хэвлийг сэндийчэж баялгийг нь авсан бол нөхөн сэргээлт хийх эрх нь тухайн аж, ахуйн нэгж байгууллагын ухамсар хийгээд ёс зүйн асуудал. Харин нөхөн сэргээлт хийхийг шаардах эрх нь аймаг, сум орон нутгийн удирдлага тэр бүү хэл МХЕГ-т бий. Эдгээр байгууллагаас газар доорхи баялгийг нь авсан бол нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлагыг “Эрэл” компанийн удирдлагуудад тавьсан эсэх бас л эргэлзээтэй. Энэ талаар Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Болормаагаас тодруулахад “Манай сумын нутаг дэвсгэрт багагүй га талбайд “Эрэл” компани олборлолт хийсэн байдаг.
Ямар болгочихоод орхиод явсан бэ гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ одоо “Эрэл” компанийн газар гэж байхгүй. Тэр компани аль хэдэн жилийн өмнө баялгийг нь аваад хаяад явсан. Тийм болохоор нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа уул уурхайн компаниудад тухайн талбайг хувааж өгч нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэнэ” хэмээсэн. Ямартаа ч “Эрэл” компанийн баялгийг нь аваад, орхиод явсан газар хээрийн зэрлэг ургамалд бариулан, зэвхий даан харагдаж байна лээ. Заамар сумын хэмжээнд 6400 орчим га талбай уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэгдсэн байгаа аж. Үүнээс гурван мянган га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байна. Нөхөн сэргээлт, уурхайн хаалт хоёр салшгүй холбоотой ойлголт. Уурхайн хаалт хэмээх ойлголт нь уурхайн олборлолтын үе шат дуусч, нөхөн сэргээлт явагдаж эхлэх үеэс хаалтын үйл ажиллагааг бүрэн дуусгах үйл явцыг хэлдэг. Бага хайлаастын уурхайн 82 га талбайд өнгөрсөн жил Уул уурхайн үндэсний олборлогч компани биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус уурхайд олборлолт хийж байхад мөн л “Эрэл” компанийн сэндийчсэн газартай адил дүр төрхтэй байсан. Харин нөхөн сэргээлт хийснээс нь харахад уул уурхайн том машин орсон гэж харагдахааргүй өвс, ногоо халиурч харагдсан. Уг ажилд 670 орчим сая төгрөгийг зарцуулсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 200 орчим аж ахуйн нэгж байгууллага уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй. Нийт нутаг дэвсгэрийн 18 мянга орчим га талбай уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч, сүйджээ. Үүний 53 орчим хувьд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн бол 24 орчимд нь биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна. Үүнийг 2006 оны үетэй харьцуулж үзвэл хариуцлагатай уул уурхай биелэлээ олж буйн жишээ юм. Өөрөөр хэлбэл, тус онд техникийн нөхөн сэргээлт 10 орчим хувь хийгдэж байсан бол биологийн нөхөн сэргээлт гэж огт хийгддэггүй байжээ.

С.ДУЛАМ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих