Сэтгүүлч Б.Эрдэнэцогтод 20 сая төгрөг хандивлалаа

-“Ардчилал” сонин, “АSSA.mn”, С1 телевизийн хамт олон
үзэг нэгт нөхрийнхөө халуун амийг аврахад сэтгүүлчдээ уриалж эхлэлийг нь тавилаа-

Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт маань элэгний хүнд өвчнөөр өвдөн, нэн яаралтай элэг солиулах шаардлагатай болоод байгаа. Түүнд мэргэжил нэгт нөхөд нь болон сайхан сэтгэлт ард түмэн нь гар сунган, хандивын аян өрнүүлж, эмчилгээний зардалд шаардлагатай мөн­гийг хуримтлуулсан. Тэрээр өнгөрсөн сарын 28-ны өглөө Энэтхэг улсыг зорьж, элэг солиулах мэс засалд орохоор болсон юм. Одоогоор тус улсад эмчилгээ сувилгаа хийлгэж, хагалгаандаа бэлтгэж байгаа ч эмчилгээний зардал тооцоолж байснаас ч өндөр гарч, даруй 30 гаруй мянган ам.доллар нэмж шаардлагатай болсон байна. Ша­хуу хугацаанд ийм их мөнгө олох гэж тэвдсэн ээж Б.Баа­санжаргал нь хамгийн тү­рүүнд үзэг нэгт нөхдөд нь хандсан юм.

Андынхаа амийг аврахын тулд “Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, “C1” телевизийн хамт олон хамтран хандив цуглууллаа. Нийт 120 хүний сэтгэл, хөлс хүч шингэсэн хандив маань 20 сая төгрөгт хүрсэн юм. Бид сэтгэл шингэсэн хандиваа өнөөдөр Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалд гардуу­лахаар болов. Ямартай ч, шаард­лагатай эмчилгээний зардлын тал хувийг цуглуулж чадлаа. Харин бидний эхлүүлсэн сайн санааны аянг сэтгүүлзүйн салбарынхан маань үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Анх түүний эмчилгээний зардалд зориулсан хандивын данс нээгдэхэд “Ардчилал” сонин, assa.mn сайтын хамт олны зүгээс хамгийн түрүүнд нэг өдрийн цалингаа хандивлан бусдыг уриалж байсан. Энэ удаад ч бид үзэг нэгт нөхөд болон сайн санаат хүмүүсээ өөрсдөөрөө үлгэрлэн уриалж байна. Та бидний сэтгэлийн өглөг, сайхан сэтгэлийн тус дэмээр Б.Эрдэнэцогт маань эдгэрч, нэг ээжийн магнай тэнийж, нэг гэр бүлийн элэг дэвтэж, Монголын сэтгүүлзүйн өрх элэг бүтэн явах учиртай. Тэр дахин босч, “Эрдэнэцогт мэдээлж байна” гэсэн сөөнгө мөртлөө, эрч хүчтэй дуугаар танд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих