Франц улсын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж байгаа анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн айлчлалын үеэр Монгол, Францын бизнес форумыг зохион байгуулж, “Археологийн салбарт хамтран ажиллах” тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Францын Гадаад хэргийн яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
URL: