Ж.Батзандан сайдад санаархаж эхлэв үү?
Эдийн засгийн хямралаас гарахын тулд Шинэчлэлийн Засгийн газар ганц хоёр сайдаа золиосонд гаргаж “туг тахих” магадлалтай байгаа талаархи мэдээ дуулдсаар байгаа. Уул уурхайн чиглэлийн ажил зогсонги байдалд орсон буруутан болж, золиосны сайд нарын тоонд Уул уурхайн сайд Д.Ганхуягыг нэрлэх болов.
Түүнийг эдийн засгийн өсөлт саарсан нь уул уурхайтай холбоотой хэмэн үзэж, золигт гаргах зорилготой хүмүүс АН дотроо бишгүй байгаа сурагтай. Мөн улс орны эдийн засаг нуран унаж, хямралын шинж тэмдэг илэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч байхад зөв хөшүүрэг хэрэглэж чадахгүй бойтоглож суугаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай ч хариуцлага тооцож магадгүй гэдэг бор шувуу нисэж эхэллээ. Хоёр сайдыг огцруулах сургаар АН-ынхан “Алаагүй баавгайныхаа арьс”-ыг булаацалдаад эхэлжээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлнэ хэмээн нэг хэсэг нь ярьж, нөгөө хэсэг нь Уул уурхайн сайдад УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтнүүд өрсөлдөнө гэдэг таамаг сонсогдов. Харин мөрөөдөхөд мөнгө төлөхгүй болохоор сайдын сэнтийд залрах мөрөөдлийн листэнд багтахсан гэж битүүдээ санаашрах гишүүдийн нэрс ар араасаа хөврөх төлөвтэй.
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргаад байгаа. Уг чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ мөн Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцоод оронд нь морилчих санаатай эрхэмүүд энд тэнд хор найруулан, химийн багшийн ажлыг чадварлаг хийж яваа сураг Төрийн ордноос ойрмогхон дуулдаж эхлэв.
http://www.aravt.mn/content/7666/.htm
URL: