Оюутолгой-Цагаан суваргын цахилгааны шугам тавихад Япон 900 сая иенээр тусална
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ын төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт Японы Эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэдэх Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн хөгжлийн байгууллага болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өчигдөр Токио хотноо гарын үсэг зурлаа.
Уг төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж, Оюутолгой болон Цагаан суваргыг холбосон 160 км урт 220 кВт-ын цахилгаан дамжуулах алдагдал багатай шугамыг тавихаар төлөвлөж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд Японы талаас 900 орчим сая иен зарцуулах юм. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан дамжуулалтын алдагдал эрс багасч, энэ хэрээр эрчим хүчний хэмнэлт бий болж, эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгардаг нүүрсхүчлийн хийн хэмжээ буурна. Хүлэмжийн хийн ялгаралтын бууралтыг хуучин хэрэглэж байсан болон шинээр тавих шугамын дамжуулж байгаа эрчим хүчний хэмжээ, алдагдлыг тусгай хяналтын багаж төхөөрөмжөөр тогтмол хэмжиж, хооронд нь харьцуулан гаргах аж.
Санамж бичигт гарын үсэгтзурах арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж нар оролцож, төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар Японы талын албаны хүмүүстэй уулзаж ярилцжээ. Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд БОНХЯ, Японы Байгаль орчны яам болон холбогдох бусад яам, газруудтай хамтран хэд хэдэн загвар болон урьдчилсан судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Японы Байгаль орчны яамны шугамаар манай орны Төв аймгийн Борнуур суманд гурав, Улаанбаатар хотын 118 дугаар дунд сургуулийн хоёр уурын зуухыг шинэчлэн тоноглож байна. Мөн сэргээгдэх буюу нар салхины эрчим хүчийг ашиглах, зарим үйлдвэрийн техник технологийг шинэчлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ.
Ж.Болор montsame
URL: