Банк дампуурах энгийн үзэгдэл гэнэ

Ази, Номхон далайн бүс нутгийн санхүү, банкны төлөөлөл, мэргэжилтнүүд, томоохон бизнесийн байгууллагуудын төлөөлөл жил бүр нэгэн дор хуралдуулдаг Азийн банкны холбооны 30 дахь удаагийн чуулган Монгол улсад боллоо.

Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд банкны салбарын үүрэг маш чухал. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд банкны салбар хурдацтай хөгжиж байна. Иймээс ч энэ салбарын менежмент, удирдлага, техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нь дэлхийн улс орнуудын, тодруулбал бүс нутгийн улс орнуудын банкуудтай эн зэрэгцэн хөгжиж байгаагийн илрэл. Манайд банкны үйлчилгээнд гар утас зэргээр үйлчилгээ үзүүлж байгаа нь хүртээмжийг улам нэмэгдүүлж байгаа юм. Энэхүү уулзалтын үеэр Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч М.Болд сэтгүүлчдийн асуултанд ингэж хариулсан юм

-Манайд банк санхүүгийн салбарын хөгжил ямар байгаа вэ. Хэд хэдэн банк дампуурсан нь салбарын хөгжилтэй хамааралтай гэж бодож байна уу?

-Аливаа байгууллага дампуурч л байдаг. Энэ бол ердийн үзэгдэл. Хүн төрөөд бурхан болдогтой адилхан үзэгдэл шүү дээ. Энэ бол гайхаад байх зүйлгүй. Гол нь банкны салбар зарчмын хувьд яаж хөгжиж байна, шинэ шатанд гарч чадаж байна уу гэдэгт л чухал. 2000 онд банкны салбарт эргэлдэж байсан хөрөнгө манай улсын ДНБ-ний 20-хон хувьтай тэнцэж байсан. Харин өнөөдөр ДНБ-ний 86 хувьтай тэнцэж байгаа. Энэ арав гаруй жилийн хугацаанд 20-86 хувь болтлоо өснө гэдэг бол банкны салбарын үйлчлэх хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн байгаа юм.

Дээр нь 650 орчим мянган зээлдэгч бий. Манай өрх болгон зээлтэй гэсэн үг. Монгол улсад 650 орчим мянган өрх байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр сая 200 мянган хадгаламж байна. Тэгэхээр хоёр хүний нэг нь хадгаламжтай. Банкны наад захын үйлчилгээ иргэдэд хүрч байна. Сайжруулах зүйл ч  их байгаа. Ялангуяа том компаниудад их хэмжээний урт хугацаатай, хүү багатай зээлийг өгөх чадвар муу. Энэ сул талыг цаашид шийдэж, жижиг дунд үйлдвэр, том компаниуд, үндэсний аж ахуй нэгжүүдэд шаардлагатай байгаа зээлийн үйлчилгээ хүргэх зорилт байгаа. Үүнд хүрэхийн тулд гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, зээл өгөх, гадаадын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгийн эх үүсвэрийг татаж Монгол улс руу оруулж, дамжуулан зээлдүүлэх гэх мэтчилэн аргуудыг сүвэгчилж байгаа. гэж хариулсан юм


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих