Өгүүллэг: ЭГШИГ
Автобусны адрын хөндлөн бариулаас арайхийн зүүгдэж явах Тогтохын нуруу аюулхайд ямар нэгэн зүйл хүрч тээглэн,зарим нэг нь тохойгоороо ууртай ёврох нь хүн танихгүй,газар мэдэхгүй энэ их хотод сонин ч,тээртэй ч шиг.Өглөө эртлэн Дамбадаржаад байх ээжийнхээ холын садангийн айлаас гарсаар хүмүүсийн амьсгалд битүү цантсан автобусны цонхоор буух газрынхаа баримжааг алдаж явсаар нэгэн зогсоол дээр ирэхэд онгорхой хаалганы завсраар шагайн харвал өндөр өндөр байшингууд харагдах,өглөө ажилдаа яарсан хүмүүс битүү чихэлдсээр,бие биеэ түлхэлцсээр орж ирэн хаалга хаагдан хөдлөөд яваад өгөв….За баларсаан хичээлээсээ хоцроод…замын эсрэг талд зогсох автобуснаас үсрэн буусан Тогтох зам хөндлөн гарч, хичээлийнхээ байр руу гүйн оров.Шат руу өгсөн гүйсээр гурван давхарт гартал…Эгшигээ…хөөе Эгшигээ…дуун… ном барьсан,цүнх сугавчилсан гурван охин зөрсөөр өөр хэн ч хавьд харагдахгүйг бодвол бүгд хичээлдээ орсон бололтой.
Хөдөөнөөс хоёр өдөрчийн газар “Зил” машины дэвшин дээр суун явж ирсэн Тогтоход хотын бүхэл зүйлс сонин,содон.Гэрэл гэгээтэй,ном журамтай,хөгжил хөдөлгөөнтэйхэн,хажууд нь Тогтох өөрөө арай л нэрэлхмээр “балчирхан”.Заримдаа энэ бүхэнд би дасах болов уу гэж өөрөөсөө айна.Өөртөө ташуур өгч “эр хүн зоригтой бол чоно юу яана гэдэг дээ”.Зоригтой байгаа нь энэ гээд “түүх”-ийн ангийн Зоригоо шиг охидыг барьж авч марзагналтай биш дээ.
Бригадын дарга Дамбаа гуай “манай Тогтох шиг хүн хотод сургууль ном гээд алзахгүй дээ.Их Сургуульд сурнаа гэдэг чинь том хүн боллоо гэсэн үг.За чи тэгээд дарга болохоороо нутаг орноо,майрдаг хэдэн хөгшчүүлээ мартаад хотод “шигдэж орхив” хэмээн холыг мөрөөдхүл,бас ч явсан нэгний “мартдагийг сануулах” мэт .Олон бужигнаж,хөлхсөн газар “хөлөө олж гишгэх,тогтоод “тогтнож сууна” гэдэг хаашаа бол доо хөөрхий хүн тогтоод бүр шигдээд байдаг газар Тогтох ч гэсэн тогтох л байлгүй дээ.
Хичээл,оюутны байр,семинар,дугуйлан…гэсээр нэг л мэдэхэд хагас жил нүд ирмэх зуур өнгөрч,оюутны “Эрдэм” сонин дээр Тогтохын зураг 3 шүлэгтэйгээ гарч НУФ \Нийгмийн ухааны факультет\ даяараа “од” болох гараагаа эхлэв.Үүнээс хойш Их сургуулийн утга зохиолын нэгдлийн гишүүн,Норов багшийн шавь болоод хэлний ангийнхантай гүйдэл нэгтэй болж шүлгээр өвдөж эхлээд байв. Их Сургуульд ирээд анхны өдрөө хожимдож олон оюутнуудын өмнө орно гэхээс халгаж байсан хөдөөний жаахан бор банди бага ч атугай “оюунжиж,хотжиж” эхлээд байгааг хэлэх юун.
Аав нь орхиод явснаас хойш гэрээ авч явах,ээждээ салхи шуурганд хань нөмөр болох хүн нь ганцхан Тогтох болж, бага балчир ухааныхаа тэнг түрэн “томчууд-ыг ойлгохыг хичээх авч , морин зэрэглээнд нүдээ бүлтэртэл алсын барааг хий харуулдаж,нууж “бөөдий тавин” аавыгаа хүлээх,хааяа нэг орондоо уйлж сэтгэлээ онгойлгохоос өөрөөр яалтай вэ?.Эрлээр байсхийгээд л говь руу явдаг аав нь Тогтохыг 2-р ангид ордогийн өвөл нэг мөсөн хүний хүн,өөр хүүхдийн аав болоод эргэж гэртээ ирэхгүйгээр явсанд гомдовч,цагийн эрхээр гомдол нь цөхрөөд “ хааяа ирээсэй,өвөрт нь нэг унтах сан” хэмээн хувь заяатайгаа эвлэрэн бодох. Эр өсөж эсгий бээр сунана даа хэмээн Ожгоогийн хэлсээр өсч өндийн 18 нас хүрч Их Сургуулийн босгыг алхаад байгаа нь энэ.
Зүүд нойрны эхэнд… моддын навчис сэрчигнэсэн намрын таатайхан дулаан өдөр сургуулийн модот гудамнаа цасан цагаан даашинзтай нарийн гоолиг охинтой сугадалцан алхлах нь ээ…
Эгшиг гэдэг нэрийг анх сонсоход чихнээ сэтгэлийн гэрэл тусаад сонин содон байсныг одоо ч Тогтох мартаагүй яваа.Уянга,Солонго,Номин гэх нэртнүүд улиг болоод байсан үед зүрхний чих сэртийлгэж сонсогдсныг нуугаад яах вэ?
Эгшиг нэрт охиныг одоо болтол олж уулзаж чадаагүй яваа өөртөө өөрийхөө хэрхэн “урагшгүйтэж явааг” бодмоор доо.
Анхны цас орж амьсгал сэрүүсээд гудамжаар холхигсод дагтаршсан явган замаар гулган бие биетэйгээ мөргөлдөх шахам өнгөрцгөөнө.Хүүхэд зангаа орхиогүй жаахан охид хөвгүүд гулгаж,гулгалдаж очин мөргөлдөж орчноо цочтол цайлганаар инээн шуугилдаж хөгжилдөнө.Цагаан богино хүрэм,түрийтэй хар гуталтай толгойгоо гар нэхмэлийн алчуураар битүү ороосон намхан охин болгоомжтой алхалсаар.Тогтох найзтайгаа хүнсний дэлгүүрээс сарынхаа эхний хүнсийг барьсаар хоёул гулгалдан пр пархийн инээлдсээр урд яваа охины араас гүйцэн очоод хоёр талаар нь зөрөн гарах гэтэл Тогтохын барьж явсан торны оосор охины цүнхний оосорт орооцолдон таталдаж санамсаргүй явсан хоёр хоёул савж чанга гэгч унаад сандран босч ирэхэд Тогтохын дэлгүүрээс авсан төмс талын нэг таран өнхөрч,охины цүнхний оосор тасарч тээр тэнд шидэгдэн унав..Тохойгоороо тулж ойчсон Тогтох өвдснөө ч мэдсэнгүй ичиж…уучлаарай…уучлаарай хэмээн босон гүйж цүнхийг нь авчирч өгөхөд хувцасаа гүвэн зогсох тэрээр царай нь зэс шиг ягааран улайж өвдсөндөө нүү ярвайна. Онигордуу нүдэндээ харааны шилтэй,шавилхан шар охин цүнхээ Тогтохын гараас угз татан авч цаашаа төмөр сараалжин хашаа түшин яваад өгөх хүртэл тарж унан хүний хөлөөр өнхрөх хэдэн төмсөө мартсан байлаа.Найз нь шоолон инээх зуураа “айлын хүүхдийн цүнхний оосор тасартал шоглоод байх даа яах вэ дээ.Биологийн тэнхимийн эрхлэгч маргааш чамаар цүнхийг нь төлүүлнэ дээ хэмээн эгээ л арван жилийн жаахан банди нар шиг дүрсгүйтэн элэглэсээр явган сууж тарсан төмсөө түүв.Сая мөргөлддөг чинь биологийн тэнхимийн эрхлэгчийн охин Эгшиг.Манай факультетийн Германы инженерийн бэлтгэлд сурдаг юм.Аав нь айхавтар зарчимч,хатуу хүн байдаг юм билээ хэмээн “олдоогүй сураг”-ийн үзүүрээс татаж өгөв.Сандарсан ичсэн хоёртоо болоод охины царайг харж чадаагүй ч найзынхаа буянаар сонирхол татсан нэрний эзний хагас хугас сургийг олоодохов.
Тогтох хуульч биш сэтгүүлч л болмоор.Хичээлийн хоёрдугаар байр,утгазохиолын тэнхим,”Эрдэм” сонины газраар эргэлдэж, мөрөөдөл ч юм шигийг “худлаа ярилцаж”,”пан гөрөх” тэр л гэгээн ч шиг орчинд мар мархийж суувал талархалтай.
Эгшиг…Эгшиг…хэмээхүй зүрх нь байн байн шивнэхэд “хотын ганган охин” намайг яаж тоогоо аж хэмээн өөрийгөө няцаасаар явтал ус гэсэж,уул толгод борлонтоод хавар хэмээх сэтгэлийн чинад дахь гижгийг хөдөлгөх ирж яваа цаг өдөр өдрөөр наашилна.Шинэхэн оюутнуудыг багш нар шахаж…та нар сурч чадахгүй бол цаана чинь шил шилээ хараад чадвартай,сэтгэлтэй олон залуус байгаа шүү.МУИС гэдэг зөөлхөн боорцог биш… Эх оронд сайн мэргэжилтэн хэрэгтэй хэмээн дүрэмдэнэ.Тогтохын толгойн хажууд байх хоёр навчаар салхи шиг л сүнгэнээд өнгөрнө.
“Хүн бичнээс ялгарах 12 шинж” нэртэй бодрол ч юм уу,өгүүллэг ч юм уу өөрөө нэр өгч үл мэдэх бичлэгээ “Эрдэм” сонинд өгчихөөд “хэргээ бүтээсэн хүн” маадгархан гарч явахад нүдний үзүүрт төв байрны сандал дээр суугаа хоёр залуу тусав.Саарал өнгийн богино цув,тэгшлэн тайруулж дал мөрөө давуулан задгай тавьсан шулуун хар үс,зүүсэн нүднийх нь шилний раман дээр гэрэл гялсхийн тусахыг нүд буландан харвал…Эгшиг мөөн…Хаврын таатайхан урин салхинд илбүүлэн үүдний довжооны сандал дээр суугаа “дотносуу” хоёрыг харахуй өнөө “шүлсээ ч залгиж чадахгүй” гацаж орхилоо.
Шалгалт,шүүлэг,зуны амралт,намрын ажил гээд явж явж ирэхэд нэг өрөөнд өмнө жил хамт амьдарсан Хуягаа “жилийн чөлөө авсан” гээд мэнд ус хагас дутуу мэдээд унаа явчихлаа хэмээн яаран одов.
Эгшиг…Эгшиг… нэр шигээ сайхан бүсгүй болоо доо.
Ажлынхаа өрөөний салхивчийг онгойлгон өглөөний агаар оруулангаа цагаан титэмт ихэмсэг дүрт Богд хан уулыг харан тамхи баагиулан зогсох нь ээ…Эгшиг …Эгшиг …яруухан шүлгийн бадгууд цээжнээ цэнгэлдэн урсаж найргийн хур шаагилаа.
2012 он 01 сар 01 М.Цэемаа
URL: