А.Энхжин: Жүжигчин мэргэжлийг 100 хувь гэж дүгнэвэл би 10 хувьд нь явж байна
Хошин урлаг ид шидтэй ч юм шиг хүнд аз жаргал авчирдаг сайхан энергитэй урлаг. Жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай өдрүүд бий гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг.
Чухам энэ аз жаргалтай өдрүүдийн тоог нэмэгдүүлж байдаг хошин урлагийн хамтлагийн нэгд зүй ёсоор “Шинэ үе” продакшн хамтлаг ордог. Тэд хошин урлагийн намрын нээлтийг “Фэйсбүүкнийхээ зураг шигээ л бай л даа” тоглолтоороо эхэлж үзэгчдийг байлдан дагуулсаар байна.
“Шинэ үе” продакшны залуу жүжигчин А.Энхжинтэй уулзаж, уран бүтээл болон хувь хүн талаас нь ярилцлаа.
-Сайн байна уу. Аль сургуулийг, хэзээ төгссөн. “Шинэ үе” продакшнд ороод удаж байна уу?
-Сайн. Юуны өмнө “Нийгмийн толь” сониныг уншиж байгаа уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Кино урлагийн дээд сургуулийг 2011 онд төгссөн. “Шинэ үе” продакшнд сургуулиа төгссөн жил орсон, хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Жүжигчин их хэцүү мэргэжил гэдэг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Багын мөрөөдөл үү?
-Хүмүүс жүжигчний мэргэжлийг их амархан гэж ойлгодог юм шиг санагддаг. Мэргэжил бүхэн амар байдаггүй, жүжигчин мэргэжил бүр ч хэцүү. Гэхдээ хэцүү бүхэн амттай байдаг шүү дээ. Би энэ мэргэжлийг багаасаа мөрөөдсөн гэхээсээ илүү дурлаж сонгосон.
-“Шинэ үе” продакшнд ороход шалгуур байсан уу. Ямар шалгалт өгч байвдаа?
-Шалгуур байсан. Ер нь аль ч продакшнд ороход ямар нэг шалгуур, шалгалт өгч ордог. Миний бодлоор бол “Шинэ үе” продакшн Монголын хошин урлагийн №1 хамтлаг гэж боддог. Олон чадварлаг жүжигчин ажилладаг. Анх шинэ жүжигчнээр ороход хөдөлгөөний эвсэл, жүжиглэх чадвар гээд олон зүйл хардаг. Хамгийн гол нь хувь хүн талаас илүү өндөр шалгуур тавьдаг. Хүн чанартай, сайхан сэтгэлтэй, тусч, ачаалал даах чадвар, сэтгэн бодох гэх мэт олон зүйл хардаг. Залуу жүжигчний хувьд эдгээр шалгуурыг шалгаж 1-2 жил дагалдан жүжигчнээр явдаг.
-Продакшныхаа уран бүтээлээс ярихгүй юу. “Фэйсбүүкнийхээ зураг шиг л бай л даа” тоглолтоо тоглож байгаа?
-Энэ намрын анхны хошин тоглолтын нээлтийг “Шинэ үе”, “Маск” продакшнууд нээсэн. Энэ тоглолт үзэгчдийг байлдан дагуулсан сайхан тоглолт болж байгаа. Тоглолтын онцлог нь амьдралын мөн чанарыг харуулсан, эмэгтэй хүн, ханийн тухай байгаа. Ер нь аливаа тоглолт нийгэмд болохгүй, болж байгаа янз бүрийн үзэгдлийг үзэгчдэд хэлж ойлгуулах, санаа төрүүлэх зорилготой байдаг.
-Танай продакшны дэлгэцийн бүтээл цөөнгүй. Сүүлийн үед дэлгэцийн бүтээл хийх төлөвлөгөө байна уу?
-Энэ жилийн хувьд дахиад хоёр тоглолт хийх төлөвлөгөө ажиллаж байна. Бас дэлгэцийн бүтээл хийх төлөвлөгөө бий. Тэр нь нууц. Тухайн цагт үзэгчиддээ гэнэтийн бэлэг барина гэж бодож байгаа.
-“Шинэ үе” продакшн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Жүжигчдээс гадна цаана нь олон хүн ажиллаж байдаг байх?
-Үндсэн 18 жүжигчин байдаг. Найман бүжигчинтэй. Ер нь “Шинэ үе” продакшны бүрэн бүрэлдэхүүн 40 гаруй хүн бий.
-Кино, клипд тоглох санал хэр ирж байна?
-Реклам, клипэд тоглуулах санал ирдэг. Санал ирсэн тохиолдолд продакшныхаа захирлаас зөвшөөрөл авч тоглоно. Бид өөрсдийн ажлаа нэгд тавьдаг болохоор завгүй үед санал ирэхэд татгалзах тохиолдол гардаг.
-Жүжиглэхээс өөр далд авьяас гэж байдаг даа?
-Жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх ёстой. Хичээлийг нь заалгасан болохоор муухан дуулчихна. Спортод дуртай. Тэр дундаа боксоор хичээллэх. Гэхдээ жүжигчин мэргэжил өдөр бүр шинэ зүйл сурч, авьяасаа нээж байдаг болохоор далд авьяас гээд байх юм байхгүй. Хэрэв жүжигчин мэргэжлийг 100 хувь гэж дүгнэвэл би 10 хувьд нь л явж байна даа.
-Жүжигчин бүр түүхэн дүр бүтээхийг хүсдэг гэх. Өөрт тань тоглохыг хүсдэг дүр гэж бий юу?
-Жамухын зан ааштай адилхан тийм дүрд тоглохыг хүсдэг. Гэхдээ түүхэн кинонд биш шүү.
-Хүндэлж явдаг, үлгэр дууриалал авдаг жүжигчин байдаг уу?
-Арван жилийн сурагч байхаасаа л Бооёо ахыг их хүндэлж ирсэн. Бооёо ах шиг жүжигчин болохыг хүсдэг. Бас Болормаа багшийг хүндэлдэг.
-Чиний хувьд хошин урлагт сонирхолтой юу, магадгүй цаашдаа драмын урлагт орох бодол бий юу?
-Байхгүй. Анхнаасаа хошин урлагт зүтгэхээр сонгосон, энэ миний мөрөөдөл байсан болохоор цаашид ч үнэнчээр зүтгэнэ.
-Залуу жүжигчний хувьд ирээд үйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Хошин урлагийн салбартаа өөрийн байр сууриа олсон, Энхжин гэх жүжигчнийг хүн бүр мэддэг, өөрийн уран бүтээлээрээ үзэгчиддээ танигдаж чадсан уран бүтээлч болохыг зорьж ажиллаж байна. Мөн сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг.
-Уншигчдад хандаж хэлэхийг хүссэн үг байна уу?
-Танай сониныг уншдаг залуучууддаа хандаж хэлэхэд бүгдээрээ Монгол орны ирээдүй учраас залхуурахыг умартаж эрүүл сайхан нийгмийг бүтээхийн төлөө хөдөлмөрлөцгөөе гэж уриалмаар байна.
Д.Тэмүүлэн
URL: