Молдавын дарсанд хориг тавив
Орос улс энэ сарын 11-нээс Молдавын дарсны импортод хориг тавьсан байна. Энэ тухай өнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын Ерөнхий эрүүл ахуйч Геннадий Онищенко энэ талаар мэдэгдээд “Молдавын дарсны найрлагад хортой бодис илэрсэн” гэжээ. Харин Молдавын Эдийн засгийн сайд Валерий Лазар “Молдавын дарсны чанарын тухай асуудал улс төрийн агуулгатай” хэмээн мэдэгдэв. Дарсны үйлдвэрлэл Молдавын эдийн засгийн гол салбар аж. Саяхан Москва Украины чихэр болон бусад бүтээгдэхүүнийг гаалиас нэвтрүүлэхийг хориглоод байсан билээ. Энэ сарын эхээр ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн Дмитрий Рогозин “Молдав Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурвал Кремль хариугаа авах болно” хэмээн сануулж байв.
Москва Молдав, Украин болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орнуудыг Европын холбоотой ойртоход нь саад болж байгаа аж. Орос улс Евразийн холбоо гэсэн эдийн засгийн шинэ орон зайг бий болгох зорилгоор уг холбоондоо хуучин ЗХУ-ын бүрэлдээхүүнд байсан орнуудыг нэгтгэх зорилгоор сүүлийн үед янз бүрийн явуулга хийдэг болоод байна. Одоогоор уг холбоонд ОХУ, Беларусь, Казахстан нэгдсэн. Киргизстан, Армени хоёр уг холбоонд элсэхээр зэхэж буй.
Зууны мэдээ
URL: