Салхи эргүүлэх хуулиудын “гивлүүр”-ийг сөхье
Уул уурхай манай улсын ДНБ-ий 20 хувийг дангаараа бүрдүүлж байна.
Үүний дэргэд үйлдвэрлэлийн салбар дөрөв дахин бага дүнтэй. Ашигт малтмалын эрэлчид манай улсад орох нийт хөрөнгө оруулалтын 85, экспортын орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлж байсан нь 2012 он.
Ийм том том тоо манай эдийн засагт эргэлдэж байсан болохоор төсвийн орлого хальж, анх удаа долоон их наяд төгрөгөөс хэтэрсэн төсөв баталсан билээ.
Оюутолгой, Тавантолгойгоос олох орлогоо тултал нь тооцож урьчилж төлөвлөөд зогсоогүй компаниудаасаа авах татвараа ч бодит байдлаас өндрөөр тусгаснаас болоод энэ оны улсын төсөв төлөвлөөгүй бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Дэлхийн эдийн засгийн хямралтай давхацсан хуулийн өөрчлөлтүүд хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах хүсээгүй эхлэлийг тавьчихсан хэрэг. Тэнгэр харж байгаад зохиочихсон олон оронтой тоотой төсөв жижгэрсээр Засгийн газар буланд шахагдаад байна. Ойрын ганц хувилбар нь хөрөнгө оруулагчдыг татаж, орлогоо залгуулах явдал.
Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны ил тод байдлын тухай, Түгээмэл ашигт малтмалын тухай зэрэг таван хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Ирэх даваа гаригт эхлэх парламентын ээлжит бус чуулганаар эдгээрийг хэлэлцэж цаг алдалгүй батлах мэдээ бий. Гэхдээ хуулиа өөрчилж баталлаа гээд хөрөнгө оруулалтын салхи Монгол тийшээ эргэх үү гэдгийг тааж хэлэхэд эрт гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Яагаад гэхээр дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрс зэрэг манай экспортын гол барааны үнэ унаж буй нь тийм ч өөдрөг төлвийг бий болгохгүй нь. Тэгэхээр зөвхөн хуулиа өөрчлөөд зогсохгүй бизнес эрхлэгчдэд тал бүрийн урамшуулал, дэмжлэг, хөшүүргийг амлах нь бодит ажил хэрэг болно хэмээн судлаачид ярьж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЮУ ШИЙДЭХ ВЭ?
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын дарга З.Энхболдод гардуулсан. Энэ мэдээлэл тарсан даруйд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод болон стратегийн болоод стратегийн бус хэмээн ялгаварлахгүй болох нь гэж шинжээчид эергээр хүлээн авч байсан бол Монгол талаас хуулийн тогтворгүй байдал хэвээр үргэлжилж буйг шүүмжлэх хүмүүс ч байлаа. Яагаад гэхээр 1997 оны Ашигт малтмалын хуулиас хойш өнөөдрийг хүртэл бид арваад удаагийн хуулийн өөрчлөлтийг “туурвижээ”.
Засгийн газрын үзэж буйгаар Хөрөнгө оруулалтын хуулиар хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулж, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгажээ. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгасанд энэ хуулийн гол үүрэг чиглэсэн байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах юм.
Тэгвэл Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд иргэд зөвхөн арилжааны банкинд хадгаламж байршуулахаас гадна төрөөс нарийвчлан зохицуулсан хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хувьцаа, Засгийн газрын бонд зэрэг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мэргэжлийн компанийн удирдлагаар хөрөнгө оруулах боломж бүрдэх нь. Ингэснээр Монгол Улсын санхүүгийн зах зээл нэг биш, хоёр хөлтэй болж бэхжих суурь тавигдана хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамнаас үзсэн байна. Уг нь энэ хууль ярьсан шигээ батлагдаж чадвал үндэсний компаниуд хөрөнгө оруулалтаа банкны зээлээс бусад төрлөөр татах өргөн боломж нээгдэхээр байгаа аж. Энэ тухайд Сангийн яамны Дэлхийн банкны зөвлөх Б.Аюуш “Гадаадын хөрөнгө оруулагчдыг санхүүгийн салбарт татан оруулахад энэ хууль хамгийн их ач холбогдолтой. Иргэдэд санхүүгийн өргөн боломж олгохын зэрэгцээ компаниудад ч хөрөнгө босгох олон сонголт бий болно” гэсэн юм.
УРТ НЭРТИЙН УЧИР ОЛДОХ УУ?
2009 онд батлагдсан ч өдий хүртэл хэрэгжээгүй урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Уг нь байгаль орчноо хамгаалъя гэсэн уриатай батлагдсан энэ хууль хэрэгжихдээ тулахдаа уул уурхайнхныг боож багалзуурдах цааз болон хувирсан хэмээн олон хүн шүүмжилдэг. Компаниудын лицензийг хурааж, оронд нь нөхөн төлбөр өгнө гэж амласан ч түүнийг нь санхүүжүүлэх хөрөнгө мөнгө төсөвт алга. Ингэхээр авъя, өгье гэсэн ч сонголтгүй болчихсон болохоор хуулиа дагаж мөрдөх журмаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн хэрэг. Гэвч энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсны дараа хэрхэн өөрчлөлт гарах нь хүлээлт үүсгээд байгаа юм.
“АЛТНЫ ТАТВАРАА БУУРУУЛЛАА ГЭЭД ҮР ДҮН БАГАТАЙ”
Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг өргөн барьсан билээ. Манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 68 хувийн татварын нөлөөгөөр энэ тоо зургаан тн болж дөрөв дахин буурсан байдаг. 2000 оноос хойш алтны үнэ зогсолтгүй өсч байгаа ч Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан хэвээр байгаа. Тэгвэл энэ хууль гарснаар хэрхэн өөрчлөгдөх нь асуулт болон үлдэж байна. Уул уурхайн сайдын үзэж буйгаар энэ хууль гарснаар алтны борлуулалт ил тод болж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэх аж. Харин Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн ярьж буйгаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь лицензтэй байсан газруудыг үргэлжлүүлэн олборлолт хийх нөхцөл бололцоогоор хангавал шар металлын тушаалт нэмэгдэх юм. Түүнчлэн тэд роялти буюу нөөц ашигласны болон нэмэн өсөх нийлсэн 10 хувийн татварын хувь хэмжээг боломжит доод төвшинд нь хүртэл багасгахыг хүсч буйгаа өмнө нь илэрхийлсэн юм.
Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэг хувьтай байхаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох аж. Мөн бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгчээ.
Гэвч нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж энэхүү хуулийн эсрэг байр суурьтай байгаа юм. Тэрээр ” Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль үр дүн муутай юм шиг санагдаж байна. Татвараас чөлөөллөө гээд алт тушаалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна. 68 хувийн татвараас чөлөөллөө гээд ч тушаалт нь өсөөгүй шүү дээ. Үүнээс өөр арга хайх хэрэгтэй” гэж тэрээр ярьж байна.
НЭЭЛТТЭЙ ЯРЬСАН ХУУЛИЙН ХААЛТТАЙ ТӨСЛҮҮД
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Дисковер Монголиа” чуулга уулзалтад “Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, өрсөлдөх, чадвартай орчныг бүрдүүлэх, баталгаажуулах хуулийн төслүүдийг бэлэн болгоод байгаа. Тиймээс “Хөрөнгө оруулалтын салхи Монгол Улс руу эргэх” болно гэдэгт найдаж байна” гэсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр хуулийн төсөл олон нийтэд нээлттэй хүрээгүй байна. Үүнээс улбаалан эрдэмтэн, судлаач, бизнесмэнүүд шинжилгээ, дүгнэлт хийж, саналаа хүргүүлэх бололцоо тааруу байгааг бас шүүмжилж байлаа.
Зууны мэдээ
URL: