Монголчууд хол тасраагүй

mongolia_map_nuudelchin-middleМонголын хөх тэнгэрт үүлс хуралдаж, бороон дусал, сэрүүн салхи, шаргал навчистай намрын эл өдрүүдэд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн банкны холбооны XXX чуулга уулзалтаар Азийн банкны салбарынхан мэргэжлийн асуудлаа хэлэлцлээ. Хуралдаанаар “Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Азийн банкуудын анхаарах хүчин зүйлс”, “Шинээр үйлдвэржин, тэлж буй улсуудад хөрөнгө оруулах боломж ба тулгарч буй хүндрэл”, “Электрон сувгууд санхүүгийн салбарт авчирч буй хувьсал” мөн “Удирдах зөвлөлийн хэлэлцүүлэг” зэрэг үндсэн сэдвийн дор болсон юм.
Өсөлт хөгжлийн шинэ өлгий нутаг 
Дэлхийн эдийн засаг бага багаар сэргэж байгаа энэ үед Азийн санхүүгийн салбарт шинэ итгэл төрж байгаа аж. Гэхдээ зарим нэг сэтгэл түгшээсэн асуудал байгаа талаар салбарынхан хэлж байлаа. “Asianomics” эдийн засгийн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийг үндэслэгч Жим Вокер “Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар долоон хувьтай байгаа. Гэхдээ инфляци, зээлийн өсөлт зэрэг үзүүлэлтийг харахад тус улсын эдийн засгийн өсөлт дээрх тооноос бага байж болзошгүй.
Тиймээс Азийн төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон тоглогч болох тус улсын эдийн засгийн болон бусад үзүүлэлтийг үнэн зөв гаргах нь чухал болоод байна. Мөн Японы эдийн засаг өсч байгаа ч ажиллах хүчний дутагдал, ажлын байрны хомсдол байсаар байгаа. Тиймээс эдгээр сорилтыг бид анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Гэхдээ сайн мэдээ бас бий. АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нь Азийн орнуудад нэн таатай боломж. Мөн хөгжингүй орнууд эдийн засгийн өсөлтөө тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлэх болсон нь хөгжиж буй Азийн зах зээлүүдэд “амьсгаа авах” боломж олгож байгаа гэдгийг талууд дурдсан юм. Тиймээс энэ таатай нөхцөл байдлыг санхүүгийн салбар ашиглаж, хөгжих, дотоод гадаад асуудлаа шийдэх боломжтой аж.
Ази тив бол байгалийн баялагаар арвин. Мөн шинээр аж үйлдвэржиж, эдийн засгийн салбар нь хурдтай хөгжиж буй том зах зээл. Тиймээс хөрөнгө оруулалт, өсөлт хөгжлийн шинэ өлгий нутаг гэж хэлж болохоор. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, орлогын жигд бус хувиарлалт зэрэг олон асуудал тус бүс нутагт оршсоор байгааг оролцогчид хэлж байлаа. Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Жае Ха Пак “Ази тэр дундаа хөгжиж байгаа орнуудад тулгамдаж байгаа гол асуудал бол дундаж орлоготой орон өндөр орлоготой орны тоонд шилжиж чадахгүй байна. Энэ хавхнаас гарч чадвал 2050 он гэхэд Азийн хөгжиж буй орнууд өнөөгийн АНУ, Европ шиг хөгжингүй орон болох боломж бий. Үүний тулд эхлээд ядуурлыг бууруулах улс төрийн зорилго, орлогын тэгш хувиарлалтыг дэмжих замаар дундаж давхаргыг бий болгох хэрэгтэй” гэв.
Улс бүрт банкны салбар харилцан адилгүй хөгжсөн байдаг аж. Тухайлбал, банкны салбар давамгайлсан орон байхад хөрөнгийн зах зээл нь боломжийн түвшинд хөгжсөн, эсвэл хосолсон байх жишээтэй. Манай орны хувьд банкны салбар хурдацтай хөгжиж байгаа. Хэдий тийм ч бидний өмнө яваа Зүүн өмнөд Азийн орнуудын түвшинд хүрэх хараахан болоогүй гэх. Гэхдээ бараа нь харагдахгүй хол тасарчихаагүй талаар “Хас банк”-ны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир хэлсэн. Цаашдаа ч банкны салбар үйл ажиллагаагаа тэлэх, хөгжих боломж их байгаа аж. Үүний тулд банкны салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх замаар зээлээ төлөхгүй байгаа хүнийг шударгаар хууль ёсны дагуу хариуцлага хүлээдэг болгох. Цаашлаад банкууд хувьцаа гаргах замаар нээлттэй болох хэрэгтэй ажээ.
Банкны салбарын шинэ өрсөлдөгч 
Хүн бүр хэрэглэдэг болсон “Facebook”, “Twitter” зэрэг цахим ертөнцийн хаанчлал банкны салбар дахь томоохон өрсөлдөгч болоод байгаа аж. Цахим ертөнцийн огцом өөрчлөлт, дэвшилтэт технологийн хөгжлийг санхүү, банкны салбар сайтар ашиглаж чадахгүй бол төлбөр төлөх болон бусад үйлчилгээг өөр салбарт алдаж магадгүй гэнэ. Мөн технологийн өндөр хөгжил нь нэг талаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох боломж хэдий ч нөгөө талаар банк, санхүүгийн байгууллагын нууцлал аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлийг дагуулж байгааг салбарынхан хэлсэн юм.
“Dell” компанийн Ази номхон далай болон Япон хариуцсан мэргэжилтэн Ноорул Хак “Банкны салбар технологийн болон цахим ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байж  сая амжилттай явах шинэ шалгуур гарч ирлээ. Тэр дундаа залууст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж байгаа бол “Facebook”, “Twitter”-ийг зайлшгүй ашиглах хэрэгтэй. Мөн цахим банкыг ашиглах нь залууст илүү таалагддаг. Ер нь технологийн дэвшлийг дагаад дата мэдээлэл бүх салбарт бий болж байна. Тиймээс энэ төрлийн мэдээллийг хадгалах, хамгаалах, түгээх гээд олон асуудал бий” гэсэн юм. Монголын банкны салбарын хувьд цахим ертөнц болон технологийн дэвшлийг харьцангуй сайн ашигладаг гэдгийг талууд хэлж байсан юм.
Э.Зоригт
mongolianeconomy

URL:

Сэтгэгдэл бичих