С.Б.Бат-Эрдэнэ.ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС / БАГЫН ЯВДАЛ /

imagesэбөжужуужужБи бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л…” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.

Алдаж, онодог хүний амьдралаа гэж, эргэн дурсан суухуйд бас ч гэж сайхан юм даа. Тиймээ, ай яа ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсын алсад алсарч, одоо бол сайхан дурсамж болон одсон арван зургаахан нас минь! Эдүгээ, өнөөдөр л би, ердөө дөнгөж сая л анзаарч үзвээс өөрийн бичсэн энэ л бүх нийтлэл, тэмдэглэл, бодрол, өгүүллэг, тууж тэр ч бүү хэл шүлэг, найраглалынхаа эхийг тэгэхэд л, тэртээ алсын арван зургаахан насандаа тавьж байж дээ хэмээн буюу тэр л үед би анхлан үг холбон, үерхэлийн захиа бичиж үзсэн ажээ. Тэр л арван зургаахан насандаа анхлан хилийн дээс алхан, хүний нутаг гүний газарт эр хүн болох замдаа шуудран, дэг гээч хатуу амьдралыг үзэн, зодуулахдаа зодуулж, сөрж босохдоо сөрж босон хорвоогын хатуу, хүтүүг үзэж амтлах, эр хүн шиг эр хүн болох анхны алхамаа хийж, амбаарын ТМС-ын оюутан Ай яа яа, “оюутан” гэж аймаар бүлтэрсэн болсон тэрхэн үед бодвол бусдыг дуурайж эр хүнэнцэр болох гэсэн юмдаг уу даа, нэгэн охинд амьдралдаа анх удаагаа “Үерхэлийн зурвас” бичиж үзэж дээ. Түүнээс өмнө ганц нэгхэн юм л захих гэж новшрон ахдаа л захиа бичиж л байснаас өөрөөр хэн нэгэнд захиа занаа, зурвас ер бичиж байгаагүй хэрэг л дээ. Тэр үед одоотой адил цахим техник- хомпүүтэр энээ, тэрээ гэж байсан биш.

Ар гэрийнхэнтэйгээ холбоо барих ганц хэрэгсэл нь урьдчилж захиалгаа өгөөд утсаар ярих, тэр нь үнэтэй болохоор ер нь ярихгүй дээ, гэрээс л захиалга өгвөл тэсэн ядан хүлээж байж гуравхан секунд шиг харван өнгөрөх гурван минутанд аль болохоор ихийг яриад авахыг бодно. Харамсалтай нь хоёр талаасаа улс гүрэн алгасан “Байна уу? Байна уу?”- дсаар нөгөө цаг нь дуусаж ганцхан торхийгээд л тасарч орхино доо хөөрхий гэж. За тэгээд холбоо барих хэрэгсэл гэвэл захидал бичих л байж. Харин ч нэг залхуураад захидал бичэхгүй нь сайхан даа. Ах, эгч нараасаа, ар гэрээсээ, анд найзуудаасаа ирсэн захиаг авах гэж “Бүжиглээрэй, бүжиглээрэй!” гэснийх нь зоргоор бүжиглэхгүй бол захидлыг минь өгөхгүй зовооно. Өөрөө захиа унших дуртай мөртлөө өөрөө захидал бичих үнэн дургүй, дургүй ч юу байх вэ дээ, асар залхуу байж дээ. Ах, эгч нар маань “Чи ядаж амьд, мэнд гэдгээ нэг мэдэгдчихэж байгаач!” хэмээн захиагаар зодоход нь хариу ганц ил захидал дээр “Би амьд!” гэсэн хоёрхон үг бичээд хаяглаад л явуулчихаж байсан бүтэхгүй, залхуу хүүхэд байж дээ.

Тийм залхуу хирнээ дэргэдээ байгаа үеийн охинд болохоор анх удаа өөрөө гараа гарган байж үерхэлийн захиа бичсэн түүхтэй гэж байгаа. Анхныхаа үерхэлийн зурвасанд юу гэж бичсэн минь яг одоо суугаад бичиж буй мэтээр санаанд үг үсгийн зөрүүгүй дурайж байх шиг вэ гэснээс тэр бяцхан зурвасыг сэтгэл гээч амины алтан хомпүүтрээсээ copy- paste хийвээс:

-Добрый вечер? Төгсгөлийнх нь ”а” үсгийг оройн хоолтойгоо холиод цохичихсон бололтой Гэхдээ добрый утро ч байж магадгүй, чамд шуудан хүргэгчээр Яг л шуудан хүргэгч Печкин байж харагдаач! Өрөөний гурван андын маань нэг нь байх нь мэдээжийн хэрэг энэхүү зурвас хүрч очих тэр цаг мөчийн чинь мэндийг чинь мэдье! Нялуунаас шулуун, нялцгайгаас хатуу нь дээр гэсэн юм. Шулуухан хэлэхэд би чамтай үехмээр ”р” үсгийг нь бас хоолтойгоо холиод идчихсэн л. Энэ бүхнийг яг таг санахын учир нь нөгөө охин маань энэ хоёрхон бяцхан алдаан дээр минь дөрөөлөн намайг мөн ч олон удаа ичээсэн дээ байна. Хариуг заавал одоо гэхгүй, завтай үедээ заавал өгөхийг бодоорой! Фа, “заавал өгөхийг бодоорой!” гэчихжээ бас, ультумат- тулган шаардах бичиг юм биш үү? Энэ чинь одоо, хэ хэ КИП и Автоматикийн 4-р группын үеийн танил Б.Бат-Эрдэнэ чинь…

Айя, бас… Б.Бат-Эрдэнэ чинь… гэчихжээ, дөнгөж горьдлого өвөртөлж буй мөртлөө аймаар, лаг дотносон “чинь” гээд л лагаа, лаг. Тэр нэгэн эгэл жирийн хөдөөгийн борог бааз охины юунд нь болсон юм байгаа юм, ямар боловч арван зургаахан настай цэл залуухан Баагийгийн нүдээр л харсан юмдаг уу даа, тэр нэгэн охинтой амьдралдаа арваад удаа хүчээр хөтлөлцөж, хөөрхий минь сүүлдээ өрөвдсөн үү, яасан юм тав зургаахан удаа сугадуулж, хоёрхон удаа хацар дээр нь хальт үнссэн Нэг нь төрсөн өдрөөр нь, нөгөө нь мартаар юмсан, харин өнөөдөр бодоод, бодоод сэтгэл хэмээх хувийн хомпүүтрийнхээ хэдхэн гегабайт багтаамжтай өчүүхэн хаард дискнээсээ гүүгэлдэн хайгаад, хайгаад вирустчихсан юмдаг уу даа, ер төрсөн огноог нь хайгаад, хайгаад огт олсонгүй, лавтай хавар, дөрөв дүгээр сард санагдана. юмсан. Харин тэр бүхнийхээ төлөө хоёр дугаар курсын “ах” нэгэн Баагийд чамгүй олон удаа шоглуулан батируулж, цаг цагаараа байдаггүйн учир цаг нь ирэхэд мань эрийг ч мөн ганцхан удаа боловч үнэхээр “чанарын тэмдэг” авахаар чанарлаг нухаж, сургаж өгсөнөө дурсан санан суухуй дор, өөрөөсөө ямххан доор ядруу нэгнийг алагчлан үзэж дээрэлхэх, өөрөөсөө төө илүү нэгэнд нь цаг үргэлжлэн долигонон далдаак царайлах нь хүний амьдралын өөрийгөө авч явах нэгэн инстект санагдах ажгуу. Хүнийг хэлэлтгүй би ч мөн ялгаагүй, өөрийн дийлэх нэгнийг дэндүү дээрлэхэн, бяраа гаргаж, өөрөө яагаад ч дийлэхээргүй нэгэнд улайм цайм доль хамж, долингортоод байхгүй ч зайгаа бариад болгоомжтойхон явчихаа мэддэг л нэгэн.

“Үерхэдэг охин”- ыг минь булаацалдагч хоёрын ах бол аль хэдийнээ хоёрдугаар курст орчихсон хирнээ засаг цэнхрээсээ салаагүй нэгэн байсан агаад нэг дүгээр курсэд байхдаа юун тэр охин эргүүлэхтэй манатай, орон доогуур шургаж, хувцасны шүүгээнд бүгсэн нэгэн байсан юм гэсэн. Ах нар нөхрийг маниудын, нэгийн дүү нарын нүдэн дээр доош хийдэг байсан юм. Мань эр муугаа мэдэхгүй нэгийн дүү нарыг жинхэнэ дэглэдэг яргачин болчихсон байсан болохоор юм үзэж, нүд тайлсанууд нь нөхрийг үздэггүй, өөрсдөө дургүй болохоороо тэр шүү дээ. Мань эрээс болоод өөрсдөө нэгд байхдаа хоёрынхоо ах нарт чамгүй авахуулчихдаг байсан гэдэг юм. “Өө муу Хэн ээ, чи восифтатель* Марияа Ивановна гуайг гуйгаад кладовкад** гаднаасаа цоожлуулж явсан чинь үнэн биз дээ? Чи мөн мундаг хувирчээ” хэмээн доош нь хийхэд “худлаа хуцаад байгаарай” хэмээн амандаа бувтнаад л өнгөрдөг байсансан.

За ингээд анхны үерхэлийн зурвас бичиж үзэн, тэр нэгэн эгэл жирийн л нэг, байдаг л нэгэн бор охины хойноос хөөцөлдөөд “Ах нарын хажуугаар охинтой томорч алхсан” хэрэгт орж овоо ч нулиулж, овоохон ч дэглүүлсэн боловч тэр охиныг өөрийн болгож авч дөнгөөгүй ч залуу насаа дурсан суух овоо хэдэн гэрэл зураг түүх болон үлджээ. Өрөөнийхөө гурван андтай, үерхдэг охидуудынх нь хамтаар, бүгд өөр өөрсдийн охиноо урдаа суулган, өөрсдөө хоёр мөрөн дээр нь гараа тавин даруулсан патиаран дээр ч би мөн л нөгөө охиныхоо ард зогсоостой. Тэр л нэгэн үеийн бор охинтой мэдэхгүй хүнд бол ч яг л үерхсэн юм шиг харагдахаар, хамтдаа авахуулсан маш олон зурагнууд зургийн цомогт минь одоо хүртэл бий.

Ер нь надад иймэрхүү охид хүүхнүүдтэй хослон авахуулсан зурагнууд нэг биш нэг хэсэг л байдаг юм. Гэрэл зураг түүх болон үлдэнээ гэдэг үнэн шүү. Бага, залуу насны минь дурсгалтай үеүдийг яах аргагүй санагдуулаад байдаг, нэг л гоё дурсамжтай агшинууд хадаглагдан үлдсэн нь дахиж олдохгүй торгон агшинууд л даа. Гэвч би Дон Жуан биш л дээ. Тэр зурагнуудаас ганцыг нь ч дутаалгүй тэр чигт нь өөрийнхөө зургийн цомогт хадгалаад үлдээчихсэн анх яаж байсан, яг л тэр янзаараа одоо хүртэл анх яаж байсан тэр л хэвээрээ одоо ч гэрт маань байж л байгаа. Тэр цомогноосоо энэ хүү он цагийн уртад зах нь шарлан, өнгө нь бүдгэрсэн зургийг хүүгээрээ олуулан зургийг нь авхуулж өөр лүүгээ илгээлгэх жишээтэй. Тэглээ гээд ханилсан хань минь юу ч хэлэхгүй л дээ. Яагаад вэ гэвэл бидэн хоёр он цагийн уртад нэгэнтээ бие биендээ уусан шингэж, бие биенээ дэндүү мэддэг, дэндүү итгэдэг, энэ насныхаа амьдралд нэгэн цул болсон хоёр учраас тэр. Анхлан ханилахдаа ч “Миний урьдны амьдрал урьд нь нэг их амьдрал зохиож байсан ч юм шиг, лагаа лаг урьдных, чиний урьд өмнийн амьдрал ч чиний урьдных! Одооны чи бид хоёрын амьдрал бол бидний амьдрал!” гэсэн ганцхан яриатай нийлсэн хоёр. Түүгээрээ ч болсон. Эхнэр авч амьдрал зохиосон тэр үеэсээ ч хойш охид, бүсгүйчүүлтэй хамтдаа авахуулсан фото зурагнууд зургийн цомогт маань цөөн бишээр нэмэгдсэн л юмдаг. Харин эрхэмсэг уншигч авхай нар минь эхнэрийн минь өмнөөс буруугаар ойлгоод, битгий хардаад, хадуураад явчихаарай даа! Санууллаа шүү хө. Хар, хардах гэдэг чинь зүгээр л өвчин юм. Харин хайрлах, итгэх, итгэл сэтгэлээ өгөх гэдэг чинь тэр хардах, сэрдэхээс чинь тэс өөр, ёстой аугаа юм шүү!

Өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерөөд оны эхээр би хөдөөгүүр томилолтоор явдаг ажилтай байлаа. Хотод арван хэд хоноод л Тэрэлж, Сөгнөгөр, Жанчивлан, Баянбуурал… гэгээд ядаж байхад дандаа хаана л амралт, сувиллын газар байна тийшээгээ хоёр долоо хоногоор, магад ч үгүй хоёр, гурван сараар ч ажлаар жилийгээд өгнө. Тэр болгондоо зургийн цомгондоо нэмэх ганц хоёр бүсгүйтэй хослон авхуулсан зурагтай ирж зургийн цомогоо баяжуулаастай. Үгүй мөн сайхан Дон Жуан харагдаж байна уу? Тийм биш л дээ, би гээч амьтан дуу, хөгжим, бүжгинд асар дуртай нэгэн учраас надад нийтийн бүжгэнд хөл нийлүүлэн бүждэг асар олон партнёр- хослон бүжигч бүсгүйчүүд л байсан хэрэг шүү дээ. Тэр ч бүү хэл эхнэрийнхээ ажлын үдэшлэгэнд хамтдаа орчихоод ханилсан ханьтайгаа ганц хоёрхон бүжиглэчихээд шал өөр бүсгүйтэй ёстой жинхэнэ хатираад алга болж өгдөгсөн.

Өөрийнхөө ажлын нийтийн бүжиг, үдэшлэгэнд ирчихээд ч мөн л адил шүү дээ. Нээрээ хориод жил бүжиглэсэнгүй дээ, нэээээээг сайхан нийтийн бүжгэнд орж, хөл нийлэх хөнгөхөн хөлтэй партнёр олчихоод л ёстой нэг сэнсэртэл нь эргэмээр санагдаж байх чинь вэ гэж. За тэгээд төдийгөөс өдий хүртэл муу ханьтайгаа ханиллаа, хоёр биенээ хардаж явсан түүх л алга шиг вэ дээ гэснээс хар бол яахын аргагүй өвчин л дөө. Миний тэр албан томилолтоор хэсдэг байх үед манайд нэг “Хэн” ах байлаа л даа. Болж л өгвөл томилолтоор явахгүй үлдчих гээд, элдэв арга саам хэрэглээд, бултаж бухаад байна. Яалт ч үгүй томилолтоор явлаа гэхэд очих газраа очоод л орж, гараад л…Хэнгэнэтэл санаа алдаад л… Тэгж , тэгж байгаад гэнэтхэн нэг шалтаг тоочоод л авч яваа бригадын даргаа шаналгасаар байгаад нутаг гүйдэг морь мэт эргээд л Улаанбаатарын зүг түрүүлээд л алга болдогсон. Нэгэн хамт олон гэж арваад жил явчихсан болохоор яагаад тэгдэгийг нь бүгд л түүнийг нь мэднэ. “Халхад байхгүй сайхан авгайтай” хүн юм гэнэ билээ. Хожим нь би нэг удаа тэр “Халхад байхгүй сайхан авгай”- г нь харах завшаан тохиолдсон, хэн мэдэх вэ цус гэж, нэг л ногоон нүдтэй бүдүүн шар авгай л байсандаг. Магадгүй би нөгөө “Хэн” ахын нүдээр харж чадаагүй л юм байлгүй. Цаг үргэлж ханилсан ханиа хардан махлан тэгж амьдрахад амьдралд ямар утга байх вэ дээ. Хар бол ердөө л өвчин юм, түүнээс хайр сэтгэл бол огт биш ээ! Ханилна, ижилсэнэ гэдэг хайрлах, итгэхийн нэр болохоос өөрийн болгоод өвөртлөөд авчихвал амины, хувийн өмч шигээ санан цагдаж, хардахын нэр биш л байхгүй юу.

За тэгээд юу гээд явж байсан билээ, баахан далийгаад явчихаж. Гэв гэнэт ингээд ярьж байсан сэдвээсээ хазайгаад, хадуураад явчихдаг минь бас ч гэж гэм биш зан юмсан уу даа. Аа тийм, харин өрөөний гурван анд маань намайг бодвол нөгөө охидуудтайгаа жинхэнэ үерхэж байсан хэрэг. Үсээ уртаа гэгч ургуулан, голоор нь хагалан самнаад, хоорондоо нэг их төстэй, нэг л их эрээн өнгийн пиджакнуудаар гангарч, томоо далбагар захтай эрээн, мяраан нь дэндсэн срочкон цамцны захыг нь босгон өмсөж гангарсан арван зургаахан настай жаахан хүүхдүүд. Өөрөө зурвас бичээд нөгөө охиноо өөрийн болгож өгч чадаагүй ч харин маш олон хүнд их ч олон үерхэлийн зурвас бичиж өгөн тэр нь үүргээ амжилттай биелүүлсэн тохиолдол маш олон бий. Өнгөрсөн зууны наяад он гэдэг бол захидал бичих хуучны мода яг л ид өөрчлөгдөж байсан тийм цаг үе. Түүнээс өмнө хүмүүс хайрын захиа ч тэр, энгийн захиаг ч тэр:

…СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг… гэдэг ч юм уу,
…Нарнаас саранд,
Навчнаас цэцгэнд
Надаас чамд… гэх маягаар, магадгүй
…Алд цагаан цаасаар
Алаг зүрхээ орлуулж
Алтан номын үсгээр
Амрагийн захиаг тэрлэнэм… гэх зэргээр шүлэглэж бичдэг байсан мода хэдийвээр мартагдаж байсан ч тэр захиануудыг тэр чигээр нь, байгаагаар нь гараараа copy- paste хийгээд наадаг гарууд ч байсан болохоор тэднээс шал эсрэгээр товчхон бөгөөд тодорхой тэрлэсэн миний анхны үерхэлийн зурвасыг нэрийг нь солиод туусан үеийн анд нар минь ч бас л олон бий. Зарим нь “Нэг тиймэрхүү утгатай, иймэрхүү санаатай” хэмээн захиалгаа өгөн нилээн хэдэн янзаар үерхэлийн захиа бичиж байсан санагдавч харамсалтай нь хэдийвээр бүтээгүй боловч өөрийнхөө чин сэтгэлээсээ бичсэн анхны “Үерхэлийн зурвас” маань л өөрийн минь санаанд хадагдаж, хадаглагдаж үлдсэнээс биш өрөөл бусдын захиалгаар, өөр хүний сэтгэл зүрхний үгийг өрөөлд хүргэх гэж бичсэн тэр зурваснуудаас санаанд хадаглагдаж үлдсэн нь даанч нэг үгүй л ажгуу.

Хожим нь тэр цагаас долоон намрын дараа, цэргээс халагдаж ирсэний дараахан нэгэн бүсгүйгээс дөрвөлжин шугамтай дэвтрийн тал хуудсан дээр, гаргацтай хирнээ гоёор таталган бичсэн:

…Чи миний ханашгүй жаргал

Чи миний хагацашгүй амьдрал… гэсэн нэгэн дууны дахилт хоёрхон мөрийг хүлээж авахдаа, өөрий эрхгүй өр зүрх минь догдлонхон, итгэж ядан зогссон минь яг л өчигдрийн өдөр шиг тодоос тод нүдэнд дурайх ававч аль хэдийнээ хорин гурван намар өнгөрч, хоёр бие минь тавуул болон амьдрал хэмээх урт холын замд одоо хир нь бидэн хоёр хөл нийлүүлэнхэн алхаж яваа, нартын элгэнд хайраар дутааж, гундааж болохгүй, насны ганц хань минь байсан ажгуу. Хоёрхон мөр, наймхан үг, нарийн яривал зургаахан үг, энгийн юм шиг хирнээ хүний нэгэн насны амьдралын зүг чигийг зааж өгөх ид шидтэй нь энэ буюу.

Тийм ээ, бидний үеийнхэн дотор үерхэлийн зурвас бичиж үзээгүй эр хүн, мөн хэн нэгнээс үерхэлийн зурвас хүлээж авч үзээгүй охин тун ч нэг өдрийн од шиг цөөн байж магадгүй ч үерхэлийн зурвасаар эхлэж үерхэн, улмаар хайр дурлал болон хувирч, насныхаа ханийг олцгоосон насан багын андуудаа дурсан суухуй дор сэтгэл нэг л хөнгөн гунигт автан байх нь ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсран одсон арван зургаахан насаа эргэн дурссаных буйзаа.

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-08-29


URL:

Сэтгэгдэл бичих